Бид энэ удаагийн ХҮМҮҮС буландаа Беларусийн Ерөнхийлөгчийн хүү Николай Александрович Лукашенког онцолж байна.
Николай Александрович Лукашенко 2004 оны наймдугаар сарын 31-нд Беларусийн Ерөнхийлөгч Александер Лукашенко болон түүний хувийн эмч асан Ирина Абелская нарын отгон хүү болон мэндэлжээ. Аав нь түүнд хамгаас илүү хайртай бөгөөд хөлд орсон цагаас нь эхлэн чухал улс төрийн үйл ажиллагаануудад дагуулан очиж, өөрийн ажлыг нэг бүрчлэн зааж өгсөн юм.
НУУЦЛАГ ЭЭЖТЭЙ ХЭНЗ ХҮҮ
Аавынхаа 50 насанд төрсөн Коля хүүгийн ээжийн тухай яг таг албан ёсны мэдээлэл байдаггүй. Гэхдээ хүмүүсийн ярьдгаар тэр Ерөнхийлөгчийн хувийн эмч асан Ирина Аелскаягаас төрсөн гэдэг. Александер Лукашенко цаасан дээр бол авааль эхнэр Галина Лукашенкотойгоо эхнэр, нөхөр хэвээр байгаа ч хүмүүс бүгд л тэднийг аль хэдийн салсан гэцгээдэг юм.
Харин Колягийн хувьд долоон настайдаа буюу 2011 онд Острошицко Городок бүрэн дунд сургуульд орж, 2020 онд Беларусийн улсын их сургуулийн лицейд элсэн суралцаж эхэлсэн байна. Гэвч эх сурвалжийн мэдээлснээр хүү сургуулиасаа гарсан гэнэ.
ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХҮҮ
Коля хүү хамгийн анх олны өмнө 4 настайдаа буюу 2008 онд Минскэд болсон тусгаар тогтнолын өдрөөр аавтайгаа хамт жагсаалд оролцон гарч ирж байсан юм. Түүнээс хойш Лукашенко түүнийг үргэлж дагуулан баяр ёслол, гадаад улсын айлчлал, дээд хэмжээний уулзалтуудад авч явдаг болжээ. 2009 оноос эхлээд Коля албан ёсны гэмээр эрх ямба эдэлж эхэлсэн байдаг. Жишээ нь Минскэд болсон Ерөнхийлөгчийн хүлээн авалт дээр Британийн элчин сайд асан Найжел Гоулд Дэвис таван настай Николайтай гар барин мэндчилснээс гадна Беларусийн генералууд бүгд түүнд ёсолсон юм.
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АЛТАН ГАР БУУ БЭЛГЭНД АВСАН ХҮҮ
Тэрбээр 11 настайдаа аль хэдийн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес, ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитри Медведев, 16-р Пап Бенедикт, БНХАУ-ын дарга Ши Жиньпин гээд дэлхийн бүх том удирдагчидтай уулзсан байв. Ингэж явахдаа тэрбээр олон удирдагчдаас бэлэг авч байсны дунд ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитри Медведев түүнд алтан гар буу бэлэглэж байсан гэдэг.
2015 онд Коля 10 настайдаа НҮБ-ын ерөнхий асамблейн хуралд оролцож байв. Мөн 2020 оны зургадугаар сард тэрбээр аавынхаа хамт Москвагийн улаан талбайд очин ялалтын баярт оролцсон аж.
УРЛАГ, СПОРТЫН АВЬЯАСТАЙ ЗАЛУУ
Цаг хугацаа өнгөрч Николай өсвөр насны том хүү болсноор өөрийн гэсэн хийдэг зүйлс, сонирхол, хоббитой болсон байна. Жишээ нь тэрбээр тариан талбай, хөдөө аж ахуйн байгууламжуудад зочлохдоо зөвлөлт хэв маягаар зураг даруулах дуртай гэнэ. Түүнээс гадна Коля үндэсний хокейн багт тоглодог аж. Түүгээр зогсохгүй тэрбээр маш чадварлаг төгөлдөр хуурч болжээ.
Коля 2018 онд Хятад ардын аялгуу Мо Ли Хуаг төгөлдөр хуур дээр чадварлаг тоглон БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон түүний эхнэрт цагаан сарын мэндчилгээ дэвшүүлж байсан юм.
ОХИДЫН ДУНД ОД ЗАЛУУ
Колягийн тухай үргэлж ярьдаг хүн ганц Лукашенкогоор дуусахгүй гэнэ. Николай нас бие гүйцэхийн хэрээр ээжийнхээ үзэсгэлэнтэй царайг дуурайн тун ч царайлаг, сайхан биетэй (190 см өндөр) болж байгаа нь ОХУ-ын шар сонин сэтгүүлүүдийн анхаарлыг ихээр татах болжээ. Энэ оны эхэнд л гэхэд ОХУ-ын Космополитан сэтгүүл түүнийг онцлон бичсэн нь олон охидын талархлыг хүлээсэн гэнэ. Мөн цахим орчинд түүнийг шүтдэг охидын бараг л арми бүрдсэн байдаг аж. Түүний нэрийг зээлсэн хуурамч инстаграм хаягууд тоо томшгүй байдгийн дотор нэг нь л гэхэд аль хэдийн 77 мянга хол илүү давсан тооны дагагчтай болсон байжээ.
ИРЭЭДҮЙН УГО ЧАВЕС БУЮУ БЕЛАРУСИЙН УДАМ ДАМЖСАН “ДАРАНГУЙЛАГЧ”
Лукашенко хэдий гурван хүүтэй ч зөвхөн Николайг өөрийн залгамжлагчаар бэлдэж байгаа бололтой. Тэрбээр отгон хүүгээ хамтран зүтгэгчиддээ “Ирээдүйн Уго Чавес” хэмээн танилцуулдаг аж. Түүнээс гадна 2013 онд Александер Лукашенко отгон хүүгээ ирээдүйд Беларусийн Ерөнхийлөгч болно хэмээн удаа дараа хэлж байсан нь хүмүүсийн анхаарлыг асар их татсан юм.
Наймдугаар сарын 23-нд Лукашенко автомат буу, сум нэвтэрдэггүй хантаазтай бичлэг, зургуудаа цахим орчинд цацаж, тэмцэлгүйгээр зүгээр буугаад өгчихгүй гэдгээ дэлхийд харуулсан билээ. Тэрбээр өөрийг нь эсэргүүцсэн хөдөлгөөн, жагсаалыг уйгагүй няцааж байгаа юм. Үүсээд буй өнөөгийн нөхцөл байдал зөвхөн түүний хувь заяа төдийгүй Николайн ирээдүй, залгамж халаатай холбоотой болж түүний санааг ихээр зовоож буй бололтой.
Тэрбээр аавтайгаа хамт цэргийн хувцас, сум нэвтэрдэггүй хантааз өмсөн автомат буу бариад нисдэг тэрэгнээс бууж байгаа дүрс нь бичигдэн үлджээ. Энэ мэтээр Лукашенко хүүгээ үргэлж дагуулан явах нь хүмүүст Лукашенко БНАСАУ-ынх шиг удмаараа удирддаг дарангуйллын дэглэм тогтоох зорилготой байх вий гэх айдас төрүүлсээр буй.
Гэсэн хэдий ч Лукашенко өнгөрсөн жил дээрх бүхнийг үгүйсгэн хэвлэл мэдээлэлд “Миний хүүхдүүдийн аль нь ч эрх мэдлийн төлөө бэлдээгүй. Николай бол маш бие даасан, өөрийн бодолтой хүүхэд. Тэр ч байтугай тэр миний хамгийн том сөрөг хүчин” хэмээн ярьжээ.
Холбоотой мэдээ