Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын дарга Т.Сосорбарамтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Төрийн албаны шалгалт болон сонгон шалгаруулалтад бэлтгэх иргэдийн ширээний ном болсон Төрийн албаны шалгалтад бэлтгэх гарын авлага анх удаа цахим хэлбэрээр гарлаа. Энэхүү шалгалтын сорилын цахим номын онцлог нь юу вэ?
-Шинээр хууль, тогтоомж батлагдан гарахын зэрэгцээ зарим хуульд өөрчлөлт орж, хүчингүй болсон тул төрийн албаны шалгалтын сорилын цахим номыг Төрийн албаны зөвлөлөөс шинэчлэн гаргаад байна. Нөгөөтээгүүр төрийн албанд ажиллах хүсэлтэй иргэдэд ерөнхий шалгалтад бэлдэх боломжоор нь Төрийн албаны зөвлөлөөс хангах үүрэгтэй. Үндсэндээ төрийн албаны шалгалтын сорилын цахим номд 3 мянга орчим сорил шинээр нэмэгдсэн. Шалгалтад бэлдэж буй зарим иргэний хувьд цахим хувилбарыг маш таатайгаар хүлээж авч байна. Шалгалтад оролцогчдод холбогдох эх сурвалж, ном зохиол, эрх зүйн баримт бичгийг бие даан судалж мэдлэгээ бататгах, шалгалтад үр дүнтэй бэлтгэх явдлыг дэмжих үүднээс сорилын “зөв хариулт”-ын түлхүүрийг энэ удаад цахим номд оруулахгүйгээр уншуулах, судлуулах боломжийг нээсэн нь мөн онцлогтой. Төрийн албаны зөвлөлийн сайтад өдөрт нэг хуулиас 25 сорил орж байгаа учир түүнээс ажиллах боломжтой.
Зарим иргэний зүгээс Төрийн албаны шалгалтын сорилын цахим номыг цаасан хэлбэрээр нь ашиглах хүсэлтэйгээ илэрхийлж байна. Хэрэв сорилын цахим номыг хэвлэж худалдаалбал нэг ч төгрөгийн ашиг байх ёсгүй гэж бид үзэж байгаа. Үйлдвэрийн зардлын үнээр иргэдэд хүргэх талаас нь судалж байна.
Гуравдугаарт, өмнө нь Төрийн албаны ерөнхий шалгалтын сорилын гарын авлагуудад зөвхөн хууль, эрхзүйн мэдлэг, төрийн бодлого, төрийн захиргаа, төрийн албаны тухай хууль тогтоомжуудтай холбоотой сорилууд, мөн монгол хэл, бичгийн мэдлэгийг шалгах тестүүд ордог, бусад агуулга нь жишиг тестээр ордог байсан. Тэгвэл энэ удаагийн шинэчлэгдсэн шалгалтын сорилын цахим номд ерөнхий шалгалтын гурван бүрэлдэхүүн шалгалтын бүх сорилыг багтаасан.
Шинэчлэгдсэн цахим номоос хэн хамгийн сайн бэлдэнэ тэр шалгуулагч тэнцэх магадлал нь маш өндөр. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны шалгалтын сорилын цахим номоос шалгалтын бүх даалгавар орно гэж ойлгох хэрэгтэй.
-Төрийн албаны ерөнхий шалгалт 2020 оны хоёрдугаар сард зохион байгуулагдахаар товлогдсон боловч цар тахалтай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон. Ойрын хугацаанд төрийн албаны шалгалт авах уу?
-Хуулиараа Төрийн албаны зөвлөл шалгалтын тов болон холбогдох мэдээллийг шалгалт эхлэхээс 45-аас доошгүй хоногийн өмнө олон нийтэд мэдээлэх ёстой. Ирэх долоо хоног гэхэд шалгалтын тов гарна. Бүртгэлийг шалгалтын тов зарлагдсан өдрөөс эхлүүлж, 30 хоногийн хугацаанд цахимаар явуулна.
-Ирэх аравдугаар сард багтаад төрийн албаны ерөнхий шалгалт шинээр явагдана гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Аравдугаар сард багтааж шалгалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
-2020 оны хоёрдугаар сарын 07-17-ны хооронд зохион байгуулагдах байсан төрийн албаны ерөнхий шалгалтад бүртгүүлчихсэн иргэдийн бүртгэл нь хүчинтэй хэвээр үү. Мөн шинээр бүртгэх үү?
-Өнгөрөгч нэг сард бүртгүүлсэн 8 мянган хүний овог нэр болон регистр зэрэг мэдээлэл нь Төрийн албаны зөвлөлийн ерөнхий шалгалтын цахим системд аль хэдийн бүртгэгдчихсэн. Тиймээс дахин бүртгүүлэх шаардлагагүй өмнөх нь хүчинтэй хэвээр. Хоёрдугаарт, нэмж шинээр бүртгэл явуулна. Төрийн албаны ерөнхий шалгалтын тов ирэх долоо хоногт нийтэд зарлагдсанаар бүртгэлийг шинээр 30 хоног цахимаар авна.
-Шалгалтын агуулга өмнөхөөсөө өөрчлөгдөх үү?
-Ерөнхий мэдлэг, монгол хэл, бичгийн чадвар, дүн шинжилгээ хийх чадвар гэсэн гурван хэсгээсээ бүрдэнэ. Ерөнхий мэдлэгийг 55 хүртэл оноогоор үнэлдэг. Ерөнхий мэдлэгийн шалгалтын агуулгад төрийн бодлого, төрийн захиргаа, төрийн албаны тухай хууль, эрх зүйтэй холбоотой 20 асуулт, Монгол Улсын түүх соёл, нийгэм эдийн засаг чиглэлийн 20 асуулт, мэдээллийн технологи чиглэлийн 15 асуулт ордог. Ерөнхий мэдлэгийн шалгалтад 35 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд дараагийн шалгалтад орох эрхтэй.
Монгол хэл, бичгийн чадварыг 30 хүртэл оноогоор үнэлж, 20 ба түүнээс дээш оноо авсан иргэн гурав дахь шалгалт буюу дүн шинжилгээ хийх чадвараа шалгуулна. Энэ шалгалтад 10 ба түүнээс дээш оноо авсан иргэнийг тэнцсэнд тооцдог.
"БОСГО ОНООГ ӨӨРЧИЛНӨ"
-Цар тахалтай холбоотойгоор энэ удаагийн төрийн албаны шалгалтын зохион байгуулалтад ямар өөрчлөлт орох вэ?
-Төрийн албаны зөвлөлийн өнгөрөгч наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар төрийн албаны ерөнхий шалгалтын үнэлгээ, зохион байгуулалтыг хялбарчлах, бэлтгэгчдэд хүлээлт, чирэгдэлгүй ээлтэй байдлаар журамд зарим өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд, төслийг боловсруулж байна. Уг төсөлд төрийн албаны ерөнхий шалгалтын гурван бүрэлдэхүүн шалгалтыг нэг дор өгөх зохицуулалтыг тусгахаар ажиллаж байна. Өмнө нь бол эхний шалгалт буюу ерөнхий мэдлэгийн шалгалтад тэнцсэн шалгуулагч дараа өдрүүдэд хоёр, гурав дахь шалгалтад ордог байсан. Тэгвэл үүнийг өөрчилж, ерөнхий шалгалтдаа тэнцсэн тохиолдолд Монгол хэл, бичгийн шалгалт болон дүн шинжилгээ хийх чадварын шалгалтаа нэг өдөр өгнө гэсэн үг. Цар тахлын үед нэг хүн гурван удаа ирэх нь эрсдэлтэй тул дээрх зохицуулалтыг хийх нь зөв гэж үзсэн. Мөн шалгалтын босго оноог зохист түвшинд байлгах төсөл боловсруулж байна.
Шалгалт тус бүрийн нийт сорилын 65 хувь ба түүнээс дээш хувийг авч тэнцсэнд тооцож, нөөцөд бүртгэдэг шүү дээ. Тэгвэл энэ удаад босго оноог зохих түвшинд буюу 50 ба түүнээс дээш хувийг авч тэнцсэнд тооцдог байхаар журмын төсөлд санал авч байгаа. Ингэснээр аль болох хүний нөөцийн "банк" бүрдэнэ гэж бид үзэж байгаа.
-Ерөнхий шалгалт өгч байгаа хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа нь юу вэ?
-Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэнээр төрийн албанд орох нэг болзлыг хангалаа гэж ойлгох хэрэгтэй. Хуулийн хэллэгээр нь хэлбэл, “Төрийн албаны ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэхэд оршино” гэж заадаг. Шалгалтад тэнцсэн иргэнийг зөвхөн тухайн аймаг, нийслэлийн төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэж, бүртгэлийн жагсаалтыг Зөвлөлийн цахим хуудсанд байршуулдаг. Тэгэхээр төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, түүндээ бэлдэж буй хэн ч байсан шалгалтад тэнцэх боломжтой. Энэ боломжийг олгох үүднээс Төрийн албаны шалгалтын сорилын цахим ном болон цахимаар шалгалтын жишиг сорилуудтай ажиллах боломжоор бид хангасан. Цахим ном удахгүй хэвлэлтээр мөн гарна. Шалгалтад бэлдэгчид цахимаар болон цаасан хэлбэрээр унших боломжтой болно. Энэ номыг хэн өөрийн болгож бэлдэнэ. тэр хүн шалгалтад тэнцэх бүрэн боломжтой. Гэхдээ цээжлэх байдлаар тогтоовол тэнцэх магадлал бага гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Яагаад гэвэл нэг шалгуулагчид оногдсон тестүүд нөгөө шалгуулагчид сэлгэгдэж очдог, дарааллаараа биш гэсэн үг. Мөн а, b, с, d гэсэн хувилбарууд ч гэсэн дотроо сэлгэгддэг. Өөрөөр хэлбэл b хариултыг цээжилчихвэл тэр хувилбар нь а хувилбар болж шалгалтад ирдэг. Тэгэхээр асуултын хариултыг ойлгож тогтоох нь чухал юм. Үндсэндээ төрийн албан хаагч болох гэж байгаа хүнд мэдлэг олгосон сорилууд боловсруулагдсан.
Төрийн албаны зөвлөлөөс шалгуулагчдад хандан хэлэхэд, шалгалтын сорилын цахим номтойгоо сайн ажилла, цээжлэх бус ойлго. Хууль эрхзүйн сорилтой ажиллахдаа холбогдох хуулиудыг сайтар унш. Монгол хэлний тестүүдтэй ажиллахдаа зөв бичих дүрэм, сүүлд гарсан Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан тольтой тулгаад ажиллавал шаардлагатай мэдлэг, мэдээлэл, чадварыг бүрэн олж авна.
-Өнөөдрийн байдлаар төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй хэчнээн иргэн байна вэ?
-2019 оны арваннэгдүгээр сард явагдсан Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн 1100 орчим хүн нөөцөд бүртгэгдсэн. Тэд төрийн албанд орох эхний болзлоо хангачихсан учраас төрийн захиргааны байгууллагын сул ажлын байранд нэр дэвших эрхтэй. Дээрх тоо байнга өөрчлөгддөг учраас жилийн эцэст тэдний хэдэн нь ажилд оров гэдэг нарийвчласан тоо нь гарах боломжтой.
Холбоотой мэдээ