НЭМЭЛТ: 10.33
Үнэт цаасны хадгаламжийн төвөөс өнөөдөр /2020.09.03/ 10.30 цагт мэдээлэл хийлээ. Ингэхдээ хувьцааны ногдол ашгийг өнөөдрөөс эхлэн иргэдийн дансанд хийж эхэлсэн гэлээ. Эхний ээлжид үнэт цаасны данстай иргэдийн арилжааны банкны дансыг нь тулган баталгаажуулсан 857,491 мянган иргэний 1,072 хувьцааны ногдол ашгийг өнөөдрөөс эхлэн иргэдийн данс руу шилжүүлэхээр болжээ. Тодруулбал, 839 мянган иргэний арилжааны банкны данс руу ногдол ашгийн мөнгө орж эхэлж байна гэсэн үг юм.
“Эрдэнэс Тавантолгой” компани тавдугаар сарын 1-нээс 2.5 сая хувьцаа эзэмшигчид ногдол ашиг тараахаа мэдэгдээд дөрвөн сарыг ардаа үджээ. Ногдол ашиг хүртээх шийдвэр гарснаас хойш тавдугаар сар хүртэл хэн, хэзээ үнэт цаасны данс, хаана нээлгэснээ тодруулж, дансгүй нь дахин нээлгэн, банкны данстайгаа холбуулж, иргэд тун идэвхийлсэн гэдгийг брокер, дилерийн компанийнхан хэлж буй. Иргэд ногдол ашгаа горьдож хүлээсээр, эцэс сүүлдээ цөхөрч гүйцсэн гэхэд хилсдэхгүй. Тэгвэл сүүлийн өдрүүдэд 1072 хувьцааны ногдол ашгаа хүлээж, чих тавих хүмүүс эрс ихэсчээ. Учир нь наймдугаар сарын 24-нд “Эрдэнэс Тавантолгой” компани үлдэгдэл 79.8 тэрбум төгрөгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд 100 хувь төвлөрүүлсэн гэдгээ мэдэгдсэн. Тиймээс 1072 хувьцааны ногдол ашиг хэзээ иргэдийн дансанд нь орж эхлэх талаар Үнэт цаасны хадгаламжийн төвөөс /ҮЦХТ/ тодруулсан юм.
Ямартай ч дээрх байгууллагаас 1072 хувьцааг тараах бэлтгэл ажлыг бүрэн хангасан бөгөөд Засгийн газрын шийдвэрийг хүлээж байгаа аж.
ХУВЬЦААНЫ ДАНСТАЙ 1 САЯ ХҮН БАЙГАА Ч МЭДЭЭЛЛЭЭ БАТАЛГААЖУУЛААГҮЙ УЧРААС НОГДОЛ АШИГ АВАХГҮЙ
ҮЦХТ-ийн стратеги эрсдэлийн удирдлага хамтын ажиллагааны албаны дарга Х.БАТТУЛГА:
-Наймдугаар сарын 24-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас 79.8 тэрбум төгрөгийг сүүлийн байдлаар шилжүүлснээр нийт шилжүүлэх ёстой 179.8 тэрбум төгрөг бүрдсэн. Тодруулбал, 2020 оны тавдугаар сарын 5-нд эхний 60 тэрбум, наймдугаар сарын 6-ны өдөр 40 тэрбум, наймдугаар сарын 24-ны өдөр 79.8 тэрбум төгрөг шилжиж орж ирсэн. Ингэснээр төрийн санд 179 тэрбум 830 сая төгрөг байршаад байна. Төвлөрсөн хадгаламжид данстай 1 сая 800 мянган иргэн байгаагаас банкны мэдээллээ баталгаажуулсан 839 мянга 525 иргэн бий. Банкны мэдээллээ баталгаажуулна гэдэг нь үнэт цаасны дансаа, өөрийн ногдол ашиг авах банкны данстай холбуулна гэсэн үг. Ингэснээр ногдол ашиг нь орно.
Мэдээллээ баталгаажуулсан иргэдийн ногдол ашгийг наймдугаар сарын 28-ны өдөр бичилтийг нь хийгээд дууссан. Бичилт хийнэ гэдэг нь иргэн Болд хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж байгаагаас хамааран хэдэн төгрөг олгох вэ гэдгийг системийн дагуу автоматаар бичээд дууссан гэсэн үг. Угтаа бид 1072 хувьцааг тараах бэлтгэл ажлыг бүрэн хангасан.
Засгийн газраас "Дансны мэдээллээ баталгаажуулсан иргэдэд мөнгийг нь олгох" шийдвэрийн дагуу иргэдийн данс руу шууд шилжүүлээд эхэлж байна.
Хувьцааны данстай 1 сая хүн байгаа ч мэдээллээ баталгаажуулаагүй учраас ногдол ашгаа авч чадахгүй. Дансаа нээлгээд орхих биш заавал дахин баталгаажуулах хэрэгтэй. Хугацаандаа амжихгүй гэсэн зүйл байхгүй. Хувьцааныхаа дансыг банкныхаа данстай холбоход л болно. Түүнээс биш би ногдол ашиг тараахаас өмнө дансаа нээлгэж амжсангүй. Миний ногдол ашгийг өгөхгүй юм байна” гэсэн зүйл байхгүй. Тухайн хүний ногдол ашиг байж л байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ