Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.09.02-нд нийтлэгдсэн

Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ

Чөлөөлөх дайны ялалтын түүхт 75 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, ахмад дайчдыг төрийн одон, медалиар шагнасан юм. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж, мөнгөн тусламж олголоо. Мөнгөн тусламжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан ахмад дайчдад гардуулж өгөв.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Та бүхэнд Чөлөөлөх дайны 75 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлье. Дэлхийн хоёрдугаар дайныг төгсгөж, Ази тив дэх дайны сүүлчийн голомтыг устгах Алс Дорнодын зэвсэгт ажиллагаа буюу монголчуудын нэрлэдгээр 1945 оны Чөлөөлөх дайнд Бүгд Найрамдах Монгол Ард Улс оролцох шийдвэр гаргасан нь энхийг тогтоох, Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхэд үнэлж баршгүй том гавьяа байгуулсан түүхэн шийдвэр байлаа. Өнөөдрийн эрх чөлөө, тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн суурийг бэхжүүлсэн алдар гавьяат үйлсийг бүтээсэн ахмад дайчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагналаа. Та бүхэнд халуун баяр хүргэе” хэмээлээ.

Чөлөөлөх дайнд оролцсон Монгол Ардын Хувьсгалт цэргээс 94-103 насны 78 хүн өдгөө энх тунх амьдарч байна. Аугаа их Эх орны дайн, Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны болон Алс Дорнодын 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ой 2020 оны есдүгээр сарын 02-03-ны өдрүүдэд тохиож байгаа юм. Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойн хүрээнд “Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд өнөөдөр боллоо.

Мөн есдүгээр сарын 01-09-ний өдрүүдэд “Тусгаар тогтнолын үнэ цэн” үзэсгэлэнг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд дэлгэж байна. Үзэсгэлэнд Чөлөөлөх дайнтай холбоотой архивын ховор баримтууд, эд өлгийн зүйлс, дайчдын хувцас хэрэглэл зэрэг үзмэрүүдийг тавьжээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж