ЖДҮ-ийг хөгжүүлэхэд 200 тэрбумыг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2016.01.31-нд нийтлэгдсэн

ЖДҮ-ийг хөгжүүлэхэд 200 тэрбумыг зарцуулна

Сар шинэ дөхөхөөр Эрээн хотоос оймс импортолж бие биедээ бэлэглэдэг байсан цаг хэдийнэ ард хоцорчээ. Үйлдвэрлэгчид том хүний, хүүхдийн гээд төрөл төрлөөр нь өнгө алаглатал оймс үйлдвэрлэдэг болчихож… Сав баглаа нь ч чамин. Арьс ширээр хийсэн бүтээгдэхүүн төрөл бүрээрээ нүд хужирлана. Түрийвч, цүнх, тэлээ, гутал. Чанар, хийц маяг донж янзтай. Дээл, ууж, хүрэм загварын хувьд мөн л арвин сонголттой. Торго, дурдан, даавуу, ноолуур гээд аль төрлийг нь сонирхоно, түүндээ нийцүүлэн авах боломж дүүрэн байна.  

Сар шинийн баяр угтсан “Монголд үйлдвэрлэв-цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа  “Хүннү Молл”, “Шөнийн зах”, Хархорин хороолол дахь “Монгол аутлет” худалдааны төвд тус бүр гарч, үндэсний үйлдвэрлэгчдээс 340 гаруй нь оролцон бүтээгдэхүүнээ борлуулж буй. Үйлдвэрлэгчдийн хувьд дээрх үзэсгэлэн худалдаа нь дараагийн үйлдвэрлэлийг эрхлэх хөрөнгийг бий болгодог төдийгүй банкнаас авсан зээлээ төлөхөд ч чухал хувь нэмэр оруулдаг аж. Өнгөрсөн жил зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаагаар 3 тэрбумын борлуулалт хийжээ. Энэ бол төдий хэмжээний валют дотооддоо үлдээн, үндэсний үйлдвэрлэлээ хөл дээр нь зогсоох суурь болсон гэсэн үг юм.

Сүүлийн жилүүдэд төр засгаас хэрэгжүүлсэн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх  бодлого тодорхой үр дүн дагуулжээ. Тэр дундаа Аж үйлдвэрийн яам байгуулагдан ажилласан нэг жил гаруйн хугацаанд энэ чиглэлийн бодлого, зорилго тодорхой байж, тулгарч буй бэрхшээлээ даван туулахад гарц гаргалгааг нь гаргаад өгдөг, экпортын зах зээлийг судлахад нь яам бодлогын дэмжлэг үзүүлдэг, хөрөнгө оруулагч нартай холбож өгдөг зэрэг урьд өмнө бизнес эрхлэгчдийн бор зүрхээрээ зүтгээд бардаггүй байсан ажлуудаас хамтдаа үүрэлцэн жим гаргах болсонд талархах үйлдвэрлэгч ч цөөнгүй байлаа.

Харин цаашдаа анхаарах асуудал нь түрээсийн төлбөрийг уян хатан болгох, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр олгож байгаа зээлд тавьдаг банкны шалгуурыг давж гарахад бодлогын дэмжлэг хэрэгтэйг тэдний зүгээс онцолсон юм. Энэ асуудлаар бид Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Билгүүнээс тодрууллаа.

-Үйлдвэрлэгчид түрээсийн төлбөр өндөр байгаа тухай, мөн үндэсний компанийнхаа үйлдвэрлэсэн түүхий эдийг авч бүтээгдэхүүн хийх болоход импортынхоос өндөр байдгаас зардлыг нь өсгөдөг тухай ярилаа. Яам энэ талаар ямар бодлого барьж байна вэ?  

-Нэн тэргүүнд дотооддоо түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүд бий болох нь чухал байгаа. “Дархан нэхий”, “Дархан минж” зэрэг компаниуд Чингис бондоос санхүүжилт аван технологио шинэчлэн өргөтгөснөөр хүчин чадлын хувьд өргөжиж, илүү сайн чанарын арьс шир боловсруулдаг болсон. Ийм үйлдвэр олон болох шаардлага бий. Тэр цагт өрсөлдөөн бий болно. Нөгөө талдаа сайн чанарын арьс шир боловсруулаад ирэхээр экспортод гаргах ч бололцоо нь нэмэгдэж байгаа.

Хэрвээ бид түүхий эдээ гадагш нь гаргаж гүн боловсруулан савхи болсных нь дараа буцаан импортоор авсаар байх юм бол үндэсний үйлдвэрлэгчдийн хийж байгаа бүтээгдэхүүн үнэтэй л тусна. Гэхдээ өнгөрсөн жилээс нааштай хандлагууд бий болж байна, жишээ нь арьс ширээр бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрлэгчдийн хувьд дотоодоосоо түүхий эдээ авах хандлага нэмэгдсэн. Ноос, ноолуурын салбарт ч ийм дэвшил гарах ёстой. Тэгж байж анхан шатны түүхий эдийн үнэ нь хямдхан болж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болно. Энэ рүү салбарын яам бодлогоо чиглүүлж ажиллаж байна.

Түрээсийн тухайд хамтарч ажиллаж байгаа худалдааны төвүүдтэйгээ ярилцсан. Зөвхөн үзэсгэлэн худалдааны үеэр түрээсийн үнээ буулгаад, дуусахаар үнээ өсгөдөг тийм бодлого битгий бариач ээ. Нэг үнийн тарифаар урт хугацааны тогтвортой бодлого барьж ажиллаач гэдэг санал тавьсан. Шийдэгдэж байна. Тэгж байж үйлдвэр эрхлэгчид бойжино.  Эхний ээлжинд “Монгол аутлэт”, “Шөнийн зах”-тай хамтраад ажиллая гэсэн саналтай байгаа. Жишээ нь, “Шөнийн зах” үйлдвэрлэл эрхлэгчиддээ түрээсийн хамгийн доод үнийг санал болгосон, энэ тарифаа сар шинийн дараа ч тогтвортой барихаар болж байна.  “Монгол аутлэт” түрээсийг бэлэн мөнгөөр бус бараа бүтээгдэхүүнээр төлдөг зарчмаар явъя. Бараа бүтээгдэхүүн дээр стандарт зааж өгье, гадаад зах зээл рүү гарахад нь зуучилж өгье гэсэн.

Сүүлийн үед цахим худалдаа өргөжиж байна. Үзэсгэлэн худалдаа гараад дууссаны дараа борлуулалт зогсдог байж таарахгүй, тийм учраас үзэсгэлэнг зохион байгуулах багийн дэргэд нэгдсэн мэдээллийн сан байгуулахаар ажиллаж байна. Түүнд үзэсгэлэнд оролцсон бүхий л үйлдвэрлэгчдийн барааг төрөл, төрлөөр нь оруулна. Хаана үйлдвэр нь байдаг, хэдэн төгрөгөөр ямар төрлийн бүтээгдэхүүн авах боломжтой. Нэг ёсны үйлдвэрлэгч, худалдан авагч хоёрыг холбох том гүүр эндээс тавигдана гэж бид харж байгаа. Энэ мэтчлэн олон арга замыг эрэлхийлнэ.

-Үйлдвэрлэгчдийн өмнө тулгардаг хамгийн том бэрхшээл бол банк. Төслийг нь Аж үйлдвэрийн яамнаас шалгаруулаад зээл олгох эрх үүсэхэд банкин дээр очоод гацдаг. 100 сая төгрөгийн зээл хүссэн байхад 30-40 саяыг л олгоно гэдэг ч юм уу. Үүнээс болоод үйлдвэрлэгчид зорьсон үйлдвэрээ байгуулж чаддаггүй, дутуу дулимаг юмтай болох нь бий?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийнхны зүгээс батлагдсан эх үүсвэрээр нь дэмжиж хамгийн бага хүүтэй зээлийг үйлдвэрлэгч олгох ёстой гэдэг хэлэлцээрийг банкуудтай хийдэг. Гэхдээ зээл олгож байгаа процесс маань дамжуулан зээлдүүлээд банкууд эрсдэлээ үүрч байгаа учраас тэдий хэмжээний хүү тавина, эрсдлийн сангаа бүрдүүлнэ гээд зардал гарч байна гэдэг. Гэсэн ч хамгийн бага хүүг тавих чиглэл барьдаг. Энэ жилээс Зээлийн батлан даалтын сантай тулж ажиллана. Төлөөлөн удирдах зөвлөлд Аж үйлдвэрийн яам, Сангийн яам ижил байр суурьтай орж байя. Дэмжигдсэн төслүүд анхнаасаа эхлээд зээлийн батлан даалтын сан дээр зэрэг судлагдддаг байя. Энэ процессыг зэрэг эхлүүлэх юм бол үйлдвэрлэгчийн барьцаа хөрөнгө нь хүрэхгүй байгаа асуудал дээр нь зээлийн батлан даалт хийдэг байхаар. Одоо үүсч буй гол бэрхшээл нь зээлийнх нь барьцаанд тулгуурлаад зээлийн мөнгөн хэмжээг нь бууруулчихаад байгаа. Тэгэхээр барьцааг нь зээлийн батлан даалтаар хийдэг. Жижиг, дунд үйлдвэрлэлийн сан зээлийн батлан даалтыг давхар батлан даадаг. Энэ механизмаар ажиллахаар санал солилцож байна.

-2016 онд хэдий хэмжээний зээлийг ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлээр үйлдвэрлэгчид олгох вэ?

-Өнгөрсөн жил 70 тэрбумын эх үүсвэрийг баталж өгөхөд 600 тэрбумын санхүүжилт хүссэн төсөл ирсэн. Нэг ёсны төслүүдээс 10 гаруй хувийг санхүүжүүлэх эх үүсвэр гэсэн үг юм. Энэ жилийн хувьд жижиг дунд үйлдвэрт олгодог эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаагаа Засгийн газарт танилцуулсан. Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцээд 2016 онд 200 тэрбумыг олгох боломжтой гэсэн эрх олгосон. Эх үүсвэр нь Хөгжлийн банкнаас гарна. Тус банк ТУЗ-өөрөө хэлэлцээд Жижиг дунд үйлдвэрлэлд ийм графикаар олгоё гэсэн санал ирүүлэх ёстой.  Хүсэлтээ бид Хөгжлийн банк руу явуулсан байгаа.

-Зээлийн эргэн төлөлт ямар байгаа вэ?

-Одоогоор зээлийн эргэн төлөлт зарим нэг бэрхшээлийг эс тооцвол хэвийн байна. Зээл авсан үйлдвэрлэгчдийн хувьд борлуулалт чухал, тийм учраас энэ дээр саатал үүсгэхгүйн тулд үйдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь борлуулах, гадаад зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх чиглэлд хамтарч ажиллах бодлого барьж байна. Зарим нэг бэрхшээлтэй тулсан үйлдвэрлэгч эрхлэгч нар Аж үйлдвэрийн яаманд хандсан тохиолдол бий. Тэр үед нь банктай нь, эдийн засагчидтай нь үйлдвэрлэл эрхлэгчээ уулзуулж, ямар гаргалгаа байна вэ гэдгийг судалж шийдвэрлэх арга зам хайж байна.

-Үйлдвэрлэл эрхлэгчид экспортод бүтээгдэхүүнээ хэр гаргаж байна вэ?

-Орон нутаг бүрт брэнд бүтээгдэхүүн бий. Тэдгээрийг олон улсын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн болгон экспортод гаргахад Аж үйлдвэрийн яам анхаарч ажиллаж байна. Японы “ЖАЙКА” –гийнхантай хамтраад Японд бизнес соёлоос эхлээд төслөө хэрхэн зөв ойлгуулах вэ энэ чиглэлийн сургалтыг хоёр сар хийсэн байгаа, үйлдвэрлэл эрхлэгчээ хамруулаад. Яагаад гэвэл Японы бизнес соёлоос суралцаагүйгээс түншээ олохгүй байх гээд зарим эрсдлүүд бий болдог.  Үүнээс болж үр ашиггүй зардал гарган хохирч болзошгүй. Тийм учраас зорилтот зах зээл рүү бизнес эрхлэгчээ гаргахад анхаарал хандуулан ажиллаж байна.

Хоёрт нь, Японы аж үйлдвэрийн форум болоход нь дөрвөн аж ахуй нэгжээ оролцуулсан. Бүтээгдэхүүнээ сурталчлах худалдан борлуулах павилоныг нь цаанаас даалгуулаад. Ингэхээр аж ахуй нэгжүүд зөвхөн замын зардлаа гаргасан.

Гуравт, өнгөрсөн жил Монгол, Хятадын хамтарсан анхдугаар экспо БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах оронд амжилттай зохион байгуулагдсан. Монголын 230 гаруй аж ахуйн нэгж оролцсон. Маш том зах зээл байгаа. Иймэрхүү төрлийн экспог дахин зохион байгуулж, цахим худалдааны боломжийг гаргах. Тээвэр ложистикийн компанитай хамтарч ажиллах чиглэлээр Хятадын Худалдааны яаманд хүсэлтээ илэрхийлсэн ажиллаж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж