“Аав минь 27 насандаа ‘Залуу жанжин’ нэрээр алдаршсан”

Хуучирсан мэдээ: 2020.09.02-нд нийтлэгдсэн

“Аав минь 27 насандаа ‘Залуу жанжин’ нэрээр алдаршсан”

“Аав минь 27 насандаа ‘Залуу жанжин’ нэрээр алдаршсан”

Дэлхийн II дайн дууссаны 75 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Энэ өдөр ард түмэндээ “Залуу жанжин” хэмээн алдаршсан БНМАУ-ын баатар, хурандаа, генерал Жамъянгийн Лхагвасүрэнгийн хөшөөнд цэцэг өргөх ёслол өнөөдөр /2020.09.02/ боллоо. Цэцэг өргөх ёслолд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн болон залуу жанжны үр хүүхдүүд оролцож, хүндэтгэл үзүүлэв.


“ААВ МИНЬ ҮР ХҮҮХДҮҮДДЭЭ ҮГ, ҮЙЛДЛЭЭРЭЭ Л ҮЛГЭРЛЭДЭГ БАЙСАН”

Энэ үеэр дунд охин Л.Лхагвадулам аавынхаа тухай дурсан ярихдаа “Үр хүүхдүүд нь аавыгаа аав л гэж хүлээж авахаас цэргийн жанжин гэж бодохгүй шүү дээ. Манай аав үр хүүхдүүддээ сургааль хэлж, номлож байгаагүй. Харин тэр бүхнээ үг, үйлдлээрээ үлгэрлэн харуулдаг байсан. Ер нь гэр бүлийн хүмүүжил гэхээр уламжлал, эцэг, эхийн үлгэр дууриал байдаг юм байна. Тэрнээс биш хүүхдүүдээ жагсааж байгаад “Ингэх ёстой” гэж зааж, сургаж байсангүй. Залуу байхдаа ааваасаа олон юм асууж чаддаггүй байлаа. Манай аавын үеийнхэн бол их дуу цөөтэй, эгзэгтэй юм асуувал бүр дуугардаггүй. Магадгүй цаг үе нь тийм байсан юм болов уу” гэсэн юм.

БНМАУ-ын баатар, хурандаа, генерал Ж.Лхагвасүрэн гурван хүүхэдтэй бөгөөд өдгөө 20 орчим ач, зээ, нэг гучтай өнөр өтгөн болжээ. Том хүү Л.Лхагваа, дунд охин Л.Лхагвадулам, бага охиныг нь Л.Лхагважав гэдэг аж. Алдарт жанжин аавынхаа нэрээр нэрлэсний учрыг лавлавал “Миний сонсч, дуулснаар бол том авга эгчийн минь нөхөр лам хүн байсан гэдэг. Тэр хүн бидний нэрийг өгсөн байх гэж боддог” хэмээн дунд охин нь ярьсан юм. Тэрбээр одоо ач, зээ нараас нь цэргийн алба хаасан хүүхдүүд бий гэлээ.

“ААВ МИНЬ 27 НАСАНДАА ЗАЛУУ ЖАНЖИН ХЭМЭЭН АЛДАРШСАН”

Том хүү Л.Лхагваа “Аавын маань хүндэтгэлийн хөшөөг 2000 онд босгож, Дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдөр нээлтийг нь хийхээр тохирсон юм. Аав минь өөрийнхөө амьдралаараа үр хүүхдүүддээ үлгэрлэдэг хүн байсан. Өглөө босоход заримдаа юм бичээд сууж байдаг. Шөнө унтаагүй байх жишээтэй. Хүүхдүүддээ олон юм нуршиж хэлэхгүй ээ. Тэртээ 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол Улсын зэвсэгт хүчнийг БНМАУ-ын Маршал Х.Чойбалсан, залуу жанжин Ж.Лхагвасүрэн нар удирдаж байсан. Тэр цагаас хойш ард түмэн аавыг минь “Залуу жанжин” хэмээн дуудах болсон. Тэр үед аав минь 27-хон настай байсан. Аавынхаа эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг үр хүүхдүүд нь хадгалдаг” хэмээн дурсан ярилаа.

"ААВЫНХАА ‘ОЛОН ЖИЛИЙН ЗУЗААН НӨХӨРЛӨЛ’ НОМЫГ ДАХИН ХЭВЛҮҮЛСЭН"

Залуу жанжин Ж.Лхагвасүрэн 1939-1948 онд Цэргийн явдлын яамны сайд бөгөөд Бүх цэргийн жанжны орлогчоор ажиллаж байжээ. Мөн XX зуунд Монгол Улсын оролцсон хоёр дайнд цэрэг армиа командлаж явсан жанжин билээ.

Түүний 1975 онд бичиж, хэвлүүлсэн “Олон жилийн зузаан нөхөрлөл” номыг дунд охин Л.Лхагвадулам дахин хэвлүүлж, ахмад дайчдад гардуулна гэдгээ дуулгасан юм. Тэрбээр “Аав маань хэд хэдэн ном бичсэн байдаг юм. Өнгөрсөн жил Халх голын дайны ялалтын 80 жилийн ойгоор “Халхын гол” номыг нь дахин хэвлүүлсэн. Энэ жил Чөлөөлөх дайны тухай өгүүлсэн “Олон жилийн зузаан нөхөрлөл” номыг нь дахин хэвлүүлсэн” гэж хэлсэн юм.

Хурандаа, генерал Ж.Лхагвасүрэн 1912 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошууны нутаг одоогийн Булган аймгийн Сайхан сумын Тэмээн жалга хэмээх газар мэндэлжээ.

А.СҮРЭН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ГАНБҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж