Тэд эх хэлээ хамгаалж, бид ЭХ ОРНОО ЗАРАХ УУ!

Хуучирсан мэдээ: 2020.09.02-нд нийтлэгдсэн

Тэд эх хэлээ хамгаалж, бид ЭХ ОРНОО ЗАРАХ УУ!

Тэд эх хэлээ хамгаалж, бид ЭХ ОРНОО ЗАРАХ УУ!

Улаанбаатарт суугаа Хятадын Элчин сайдын яамны өмнө Монголд ажиллаж, амьдарч буй өвөрмонголчууд тус улсын төв Засгийн газраас гаргасан хоёр хэлний системтэй сургуулиудыг нэг хэлний системд оруулах шийдвэрийг эсэргүүцэн жагсаж байна.

ӨМӨЗО-ы сургуулиудад хятад хэлийг үндсэн хэл болгож, бага, дунд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулсан нь ардчилсан, тусгаар тогтносон Монгол Улсын иргэдийн хувьд их гүрний дотоод асуудал мэт боловч элэг нэгтнүүдийн тухайд  орших, эс орших асуудал юм. Монгол хэл соёл устсанаар үндэсний цөөнх үгүй болох аюултай. Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх хэлний тэмцэлд нэгдсэнээ нүүр номоороо зарласнаас өөрөөр “Анти Чайна” үзэлтэй, манай эх орончдын зүгээс ямар нэгэн үг, үйлдэл илэрхийлээгүй байна.

Монгол Улс өнөөхөндөө хэл, хил, мал гуравтайгаа буй. Гэвч манай дарга нар Монгол Улсыг Шанхайн ломбардад аваачаад тушаачихвал өвөрлөгчдийн өнөөдрийн зовлон маргаашийн Монголын эмгэнэл болох эрсдэл ойрхон байна.

Монголын хоёр хөрш болох Орос, Хятад нь ШХАБ-ын гол зонхилох гишүүд. ШХАБ-ын үйл ажиллагаанд албан ёсоор хятад, орос хэлийг ашигладаг. 

“ШХАБ-д тогтоосон байр сууриа ахисан түвшинд аваачин, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Ийм прагматик хандлага баримтлан гадаад худалдааны таатай нөхцлүүд бий болгож байж хөрөнгө оруулалт их хэмжээгээр татах дүр зураг харагдаж байна. Энэ бол Монгол Улсын Төрийн тэргүүн Халтмаагийн Баттулгын байр суурь. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ШХАБ-д гишүүнээр элсэх асуудалд шийдэл гаргах цаг болсон” гэснээс харвал ҮАБЗ-өөс ШХАБ-д элсэх асар их сонирхол, амбиц байна гэсэн үг. Эрх мэдэлтнүүдийн энэхүү амбиц хэзээ нэгэн цагт эх хэлний тэмцэлд Монгол Улсыг аваачихыг хэн мэдлээ.

Тэр тусмаа өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын тогтоолоор Монгол Улс байнга төвийг сахих тухай статусыг хүчингүй болгож, төвийг сахих тухай статусыг сурталчлахгүй байхыг Гадаад харилцааны сайдад даалгасан нь Монгол ШХАБ-д элсэхэд тун ойртлоо гэж ойлгогдож буй.

Монгол Улс нь ШХАБ-ын ажиглагчийн статустай дөрвөн улсын нэг. Харамсалтай нь Х.Баттулга Ерөнхийлөгч, У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсны дараагаас ажиглагчаас гишүүн болох хий үзэгдэл улс төрийн хүрээнд тэнүүчилж, сүүлдээ “дэлхийн интеграцид нэгдье гэвэл бөөрөн дэх байгууллагадаа элсэх  ёстой, эдийн засгаа хөгжүүлэх хэрэгтэй” гэсэн суртал ухуулгаар олон нийтийн тархийг угаах болсон.

ШХАБ нь Евразийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын байгууллагын хувьд Монголын дарга нарын тайлбарлаж байгаа шиг манай улсад зөвхөн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, мөнгө санхүүжилт өгнө гэвэл дэндүү гэнэн тэнэг ойлголт болно. Зүүн хойд Азийн бүс нутгийн улс төрийн бодлогыг зангиддаг улс төрийн нэгдэлд элсвэл, бид Орос, Хятадын албан бус “хараат” болсноос бараг ялгаагүй юм. Алтан ембүү хараад алгаа тосоод байвал ард нь эх хэл ч үгүй, үндэсний аюулгүй байдал ч үгүй болно.

Иймээс л өнөөдрийн өвөрлөгчдийн тэмцлийг ч, өөрсдийнхөө үндэсний аюулгүй байдлыг дэмжих ёстой байх.

Дэлхийн “болзошгүй хуваагдал”-ын үед Монгол Улс хэний ч талд орох ёсгүйг ахмад дипломатч Ц.Гомбосүрэн байнга анхааруулдаг, сануулдаг. Даанч, албан ембүү өгсөн Хятадыг "Аав аа" ч гэж дуудахад бэлэн манай анти чайначуудын хувьд ШХАБ элсүүлэх гэсэн хоёр хөршийн шахалтын ард Монголын гуравдагч хөршийн бодлогыг саармагжуулах санаа явж байгааг олж харахгүй байна гэж бараг үгүй.

Харамсалтай нь, төвийг сахих статусаасаа татгалзаж, хэний ч халаасанд гүйгээд ороход бэлэн байгаа Монгол Улсын эрх баригчдад өнөөдрийн эх хэлний тэмцэл нэгийг ухааруулж, хоёрыг ойлгуулсан гэж найдъя. Өвөрмонголчууд үүх, түүх, өв соёл, үндэсний цөөнхөө хамгаалахын төлөө тэмцэж байхад туг сүлд, тусгаар улсаа, ардчилал хүний эрх, эрх чөлөөгөө Шанхайн ломбардад тавихад бэлэн байгаа нь бидний хувьд том гутамшиг юм даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж