Ehalalmj.mn: Хүссэн дансандаа халамжийн мөнгө, тэтгэмжээ авах боломжтой болно

Хуучирсан мэдээ: 2020.09.02-нд нийтлэгдсэн

Ehalalmj.mn: Хүссэн дансандаа халамжийн мөнгө, тэтгэмжээ авах боломжтой болно

Ehalalmj.mn: Хүссэн дансандаа халамжийн мөнгө, тэтгэмжээ авах боломжтой болно

Манай улсын хөдөлмөр, халамжийн үйлчилгээний салбарт одоогоор зургаан хууль хэрэгжиж, 1.5 сая хүнд 12 төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Эдгээрээс энэ сарын 25-наас дөрвөн үйлчилгээг цахимаар шийдвэрлэх боломж бүрдээд байгаа билээ. Өөрөөр хэлбэл,  “ehalamj.mn” цахим хуудсыг хэрэглээнд нэвтрүүлж, мөн ТҮЦ машинаас тухайн үйлчилгээг авах боломжтой болсон. Дээрх системийг нэвтрүүлснээр Халамж үйлчилгээний хэлтэс, иргэдэд ямар боломж олгож байгаа, хэр их хүн тус цахим үйлчилгээнд хамрагдаж байгаа талаар тодрууллаа.

ЦАХИМ СИСТЕМ АШИГЛАХ ХҮСЭЛТЭЙ ОЛОН ИРГЭН ХАНДАЖ БАЙНА

Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.БААСАНСҮРЭН:

-Энэ системийг нэвтрүүлснээр халамжийн үйлчилгээ авдаг иргэд 39 төрлийн материал бүрдүүлэхгүйгээр шууд цахимаар мэдээллийн сангаасаа авах боломж бүрдүүлсэн онцлогтой. Ehalamj.mn цахим хуудас ажиллаж эхлэхээс өмнө лавлах утсанд иргэд халамж олголтын үеэр буюу сар бүрний 15-наас 20-ны хооронд хандах нь их байдаг байсан. Харин шинэчлэгдсэн цахим үйлчилгээ бий болсноор тухайн үйлчилгээнд бүртгүүлэх хүсэлтэй 100 орчим иргэн хандаж, биднээс зөвлөгөө, мэдээлэл авч байна.

Үйлчилгээний ажилтантай холбогдож байгаа ихэнх хүн “ehalamj.mn” сайтад хэрхэн бүртгүүлэх, нууц үгээ мартсан бол яаж сэргээх боломжтой, мөн дансаа хэрхэн холбох зэрэг асуулт асууж байна. Холбогдсон иргэн бүрт бид холбогдох мэдээллийг өгч байгаа. Харин ehalamj.mn домайн хаягт өдөрт хэдэн хүн хандаж байгааг би тодорхой хэлж мэдэхгүй. Гэхдээ цахим систем ашиглах хүсэлтэй олон хүн байгааг лавлах дугаарт ирж буй дуудлагаас харж болно. Цаашид яамнаас салбартаа шат дараатайгаар энэхүү үйлчилгээг цахимжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.

Цахим системд нэвтрээд буй тэтгэмжийн төрлүүд:

  1. Насны хишиг
  2. Жирэмсэн эхийн тэтгэмж
  3. 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж
  4. Ихэр хүүхдийн тэтгэмж зэрэг байгаа бөгөөд салбарын мэргэжилтэн цаашид бага багаар цахим шилжилт хийнэ. Ингэснээр иргэд заавал хороо, дүүрэг дээр очихгүйгээр бүртгүүлэн, хүссэн дансандаа төрийн халамжийн мөнгө, тэтгэмжээ авах боломжтой болно гэдгийг мөн хэлсэн юм.

"ЦАХИМ ШУУДАН ГЭЭД МИНИЙ ХЭРЭГЛЭДЭГГҮЙ ЗҮЙЛ БӨГЛӨХ ХЭСЭГТ БАЙНА"

Халамжийн үйлчилгээнд хамрагддаг иргэдэд энэ системийг ашиглахад багагүй бэрхшээл тулгарч байгаа ажээ.

Баянзүрх дүүргийн 5-р хорооны өндөр настан Б.НАНЖИД:

-Өнөөдөр би хөнгөлөлттэй эмээ авахаар өглөөнөөс дугаарлаад зогсч байна. Халамжийн үйлчилгээг цахимаар авч болдог тухай охиноосоо анх сонссон. Өмнө нь нэг үйлчилгээ авах гэж олон материал бүрдүүлэхээр харьяа дүүрэг дээрээ өөрийн биеэр очиж, оочерлож байгаад халамжийн мөнгөнд ордог байсан. Насны хишиг авахад хүртэл наадмаар банкинд дараалалд зогсож байж авсан. Одоо цахим хэлбэрт шилжиж, онлайнаар үйлчилгээ явуулж байгаа нь нэг талаар цаг хугацаанд, нөгөө талаар олон цаг зогсч чадахгүй иргэдэд сайн мэдээ. Гэхдээ бидний мэдэхгүй зүйлүүд их байна.

Бүртгүүлэхээр ороход цахим шуудан гээд миний хэрэглэдэггүй зүйл бөглөх хэсэгт байна лээ. Энэ мэтчилэн тулгамдаж байгаа асуудлууд байна. Мөн хороо, дүүргээс авсан өргөдлийг яаж бүртгүүлэх нь тодорхойгүй байсан. Миний үеийн өндөр настай хүмүүс бол хүүхдүүдээрээ заалгаад л тэр системийг ашиглаж байгаа гэж ярьж байсан. Би ч гэсэн тэр хөгшчүүлийн нэг нь. Уг нь одоо хүн бүхэн ухаалаг утас гэдэг зүйлтэй болчихсон юм чинь цаашдаа эдгээр үйлчилгээгээ илүү дэлгэрэнгүй, өндөр настан бидэнд ойлгомжтой болгочихвол хэн ч болохгүй, бүтэхгүй гэж хэлэхгүй бодож байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж