Ц.Цолмон салбарынхаа ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2016.01.30-нд нийтлэгдсэн

Ц.Цолмон салбарынхаа ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

-Ахмадын тэтгэврийн зөрүүг арилгах эрх зүйн орчин бүрдүүлж,  42 ахмадад орон сууцжуулах зорилгоор 15 сая төгрөг тус бүрт  олгожээ-

Сар шинийн баярыг тохиолдуулан УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон салбарынхаа ахмадуудыг хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүллээ.

Ц.Цолмон сайдын хамт яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон юм. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон "Эрхэм хүндэт генералууд, улс орноо батлан хамгаалах их үйлст зүтгэж яваа ахлагч офицерууд, эх орны минь дөрвөн зүг, найман зовхист энхийн манаанд зогсоо, дайчин тангарагт цэрэг эрс, ахмад дайчид, азай буурлууд болон даян дэлхийн энх амгалангийн ариун үйлст Монгол Улс, Монгол цэрэг, Зэвсэгт хүчнийхээ нэр алдрыг мандуулж яваа энхийг сахиулагчид Та бүхэндээ XVII жарны "Нүүр муут" хэмээх Гал бичин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. Улиран одож байгаа хонь жил Та бүхний сэтгэл зүтгэл, хичээл чармайлтын үр дүнд манай Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин ажил үйлс, амжилт бүтээл өрнүүн байсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Тухайлбал, манай салбарын эрх зүйн орчин, алба хаагчдын нийгмийн хамгаалалд ахиц гарч, гадаад хамтын ажиллагаа улам эрчимжиж, зэвсэг техникийн шинэчлэл шинэ шатанд гарлаа. Монгол цэрэг эхорныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, иргэн-цэргийн харилцаа өргөжсөн зэрэг та бидний хамтдаа хийж бүтээсэн үйлс арвин билээ. Батлан хамгаалах салбарын үүх түүх, амжилт бүтээл бүхэн ахмад буурлууд та бүхэнтэй салшгүй холбоотой байдаг. Тийм ч учраас салбарын удирдлагын зүгээс буурлууд та бүхэндээ хандсан хэд, хэдэн ажил зохион байгуулсан. Та бүхэн өөрсдөө ч мэдэж байгаа. Ахмад буурлуудаа орон сууцжуулах ажлын хүрээнд 42 ахмадад орон сууц худалдан авахад туслах зорилгоор тус бүрт нь 15.000.00 төгрөг, 16  ахмад бууралдаа өргөө цагаан гэр олгосон байгаа. Түүнээс гадна та бүхний маань тэтгэврийн зөрүүг арилгуулж чадлаа. Засгийн газраас тогтоол гаргуулж, тэтгэврийн зөрүү арилж байна. Миний бие “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байна" хэмээн онцлоод ахмад буурлууддаа хандаж "Та бүхний минь санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхны дээдээр бялхахын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөж байна" гэсэн юм.

Хүндэтгэлийн арга хэмжээний өмнө Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан зарим ахмад буурлууддаа Батлан хамгаалах яамны хүндэт тэмдэг, хүндэт жуух, Эх орны төлөө медаль, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн медалиар шагнаж урамшуулсан юм. Батлан хамгаалах яамнаас гавьяаныхаа амралтад гарсан 400 гаруй ахмадын 200 гаруйд нь өнөөдөр хүндэтгэл үзүүлсэн бөгөөд үлдсэн буурлууддаа маргааш хүндэтгэл үзүүлнэ гэж БХЯ-ны хэвлэлийн албаас мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж