Дэлхий нийтийг хамарсан цар тахал Монголын эрүүл мэндийн салбарт эерэгээр нөлөөлж буй. Олон жил царцсан эмнэлгүүд ашиглалтад орж, эрүүл мэндийн салбарын эмч нар “од” болж байна. Засгийн газраас эрүүл мэндийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд анхаарч эхэлсэн бол эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхэд ч бас онцгой анхаарч эхлэв.
УИХ-ын ээлжит бус чуулганаар эрүүл мэндийн салбарт төсөвлөсөн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлж баталсны дотор эмч, эмнэлгийн ажилчид хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлээрээ цалин урамшууллаа авдаг тогтолцоо руу шилжихээр болж байна. Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлэхийн хэрээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ сайжирна гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан үзэж байгаа юм. Тодруулбал, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эмч, эмнэлгийн ажилчдад хандлагын 10 хувийн урамшуулал олгохоор болсон. Иргэд, олон нийтэд үйлчлэхдээ хандлагын тал дээр дутагдал зөрчил гаргаагүй эмнэлгийн ажилтан сар бүр цалин дээрээ 10 хувийн нэмэгдэл авах боломжтой аж.
Цар тахлын үед хүн амынхаа эрүүл энхийн манаанд зогсч, цаг наргүй ажиллаж буй эмч нараа урамшуулах нь зүйн хэрэг боловч эмч ажилчид харилцаа хандлагаа өөрчлөх нь тухайн хүний ухамсрын асуудал. Угтаа бол эмч ажилчид өвчтөн, үйлчлүүлэгчээ сонсч, эелдэг харьцдаг байх нь тухайн хувь хүний ёсзүйтэй ч бас салшгүй холбоотой. Гэтэл улсын эмнэлгүүдийн ачаалал хар зах шиг, хүлээгдэл чирэгдэл нь газар авч, жирийн иргэд даатгалын урамшуулал, үндэсний хөтөлбөрүүдэд хамрагдаж чаддаггүй. Энэ мэт тусламж үйлчилгээний чанар, хүртээмж бүх шатлалд ахихгүй байхад заавал цалин, урамшууллаар эмчийн харилцаа хандлагыг өөрчлөх шаардлагагүй билээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ