АНУ-ын сонгогчид арваннэгдүгээр сарын 3-нд болох сонгуульдаа бэлдэж байх зуур South China Morning Post агентлаг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль БНХАУ-д хэрхэн нөлөөлж болохыг судалж үзжээ. Тэд Трамп, Байден хоёр АНУ-ын ерөнхий ашиг сонирхолд харшилж байгаа нь БНХАУ-д ямар ашигтай байхыг авч үзсэн байна.
Трамп дахин дөрвөн жил төр баривал хүйтэн дайны үеийнх шиг байдал үргэлжлэх болов уу? Харин Байдены хувьд барууны бусад удирдагчдаас илүү Ши Жиньпинтэй удаан хугацааг өнгөрөөсөн хэмээн мэдээлж байна. Тиймээс хэрвээ Байден сонгогдвол хоёр улсын сүйрч буй харилцаа эргэн сэргэх болов уу? гэсэн асуултууд хамгийн түрүүнд бодогдож байна.
АНУ-ын сонгогчдын дийлэнх нь Трампын засаглалын дараа Байден бүх зүйлийг буцаан хэвэнд нь оруулна хэмээн найдаж байгаа боловч хоёр улсын харилцааны тал дээр олонх нь эргэлзсэн байр суурьтай байгаа аж.
Одоогийн байдлаар дэд Ерөнхийлөгч асан Жо Байден санал асуулгуудыг тэргүүлж байгаа ч өрсөлдөөн цаашдаа улам чангарна гэж мэргэжилтнүүд үзэж буй. Мөн хоёр талын өрсөлдөгчийнхөө эмзэг байдал дээр тулгуурлан өөртөө давуу тал олж авахад шаардлагатай гадаад бодлогын гол чиглэлүүдийн нэг нь БНХАУ болж байгаа юм.
Трамп, Байден хоёр нэгэн цагт хэн нь БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хувийн сайхан харилцаатай вэ гэдгээрээ сайрхаж байсан бол өдгөө тус байдал эрс өөрчлөгдөж, хэн нь илүү коммунист намд хатуу хандаж чадах вэ гэдгээрээ өрсөлдөх болжээ.
Ийнхүү ирээдүй нь хэрхэх нь тодорхойгүй дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа тул Бээжин үндсэрхэг үзлийн суртал ухуулгаа мэдэгдэхүйц багасгаж, удахгүй болох сонгуулийн талаар аль болох чимээгүй байх болжээ. Энэ үйл явдал, БНХАУ-ын чимээгүй болгоомжилж байгаа нь Бээжин чухам юу бодож байгааг тодорхой харуулж байна хэмээн хуучин дипломатууд, ажиглагчид үзсэн байна.
Хэдэн арван жилийн турш үргэлжилсэн найрсаг харилцаа төгсгөл болж байгаа учир цаашдын харилцааг сөргөлдөөнгүйгээр төсөөлөхөд бэрх хэдий ч Бээжингийн зүгээс арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийг шинэ боломж нээнэ хэмээн найдсаар байгаа аж.
Гэвч АНУ-ын тагнуулын байгууллага БНХАУ-ыг сонгуульд хөндлөнгөөс оролцож магадгүй хэмээн үзэж байгаа тул Бээжин эрсдлээс зугтааж, аль болох аль нэг нэр дэвшигчийг онцгойлон дэмжиж буй байр сууриа илэрхийлэхээс татгалзаж байгаа юм.
Бээжин ийнхүү чимээ аниргүй байж, элдэв үйлдэл хийхээс арваннэгдүгээр сарын сонгуулийн үр дүнг хүлээн суухыг илүүд үзэж байхад ард иргэд Трамп, Байден хоёрын хэн нь “гэмгүй чөтгөр” байж чадах вэ гэдэг дээр талцан маргалдах болжээ.
Сүүлийн хэдэн сарын хувьд БНХАУ-ын мэргэжилтнүүд хоёр улсын харилцаа муудсанд Трампыг идэвхтэй буруутгаж байсан билээ. Мөн Трампын хувьд Бээжин Байденыг дэмжиж байгаад итгэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн юм.
Түүнээс гадна наймдугаар сарын эхээр БНХАУ-ын Элчин сайд Трампын засаглалд хандаж хэлсэн үг нь Бээжин түүний удирдлагыг түргэн эцэслэж, ардчилсан нам эрх бариасай гэх хүсэлтэй байгааг илэрхийлэх шиг болсон юм. Тэрбээр наймдугаар сарын 13-нд Брүүкингс хүрээлэнгээс зохион байгуулсан гадаад бодлогын цахим семинар дээр үг хэлэхдээ “Бид одоогийн нөхцөл байдлаас үүдсэн хаа сайгүй байгаа асуудлын шийдлийг өнөө маргаашгүй эрэлхийлэхэд бэлэн байна. Гэвч АНУ-ын дотоод бүтэц бидний урьдчилан таамаглаж, нөлөөлж чадахаас өөр юм. Тиймээс бид энэ асуудалд орооцолдохыг төдийлөн хүсэхгүй байна” хэмээжээ.
Байденыг дэмжиж буй хүмүүс түүнийг хоёр улсын хурцадмал харилцааг сэргээж, Барак Обама Ерөнхийлөгчийн үеийнхтэй адил болгоно хэмээн найдаж байгаа аж. Жишээ нь, Уйлсон төвийн Киссинжер хүрээлэнгийн захирал Роберт Дали “Байден олон улсын байгууллагуудтай холбоогоо сэргээж, Бээжинтэй хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлсэн бодлого хэрэгжүүлэх болно. Энэ нь өнөөгийн үл ойлголцлыг тодорхой хэмжээнд бууруулж, тогтвортой байдлыг авчрах болно” хэмээн хэлсэн байна. Гэвч тэрбээр мөн Байденыг Бээжинг эсэргүүцдэг АНУ-ын холбоотнуудтай хамтран ажиллах арга сүвэгчилж ч магадгүй хэмээн үзэж буйгаа ярьсан байна.
Харин Вашингтон дахь Олон улсын аюулгүй байдлын шинжилгээний хүрээлэнгийн захирал Гал Люфт аль ч нэр дэвшигч Бээжингийн сонирхлыг төдийлөн татахгүй байгаа хэмээн тэмдэглэж, “Бээжингийн хувьд арай бага зовох, эсвэл дайнд орох гэсэн хоёр салаа замын эхэнд ирээд байна. Харин Байден эхний сонголтыг санал болгож буй” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: SCMP
Холбоотой мэдээ