Энэтхэгийн Дели хотноо "Рио-2016" олимпийн эрх олгох буудлагын Ази тивийн сүүлийн тэмцээн явагдаж байна. Өчигдөр манай тамирчдаас хамгийн өндөр амжилтыг ОУХМ Ч.Нарантуяа үзүүллээ. Азийн наадмын аварга тэрээр 10 метрийн хийн урт бууны дасгалд өрсөлдөн шилдэг наймд үлдсэн ч финалд VI байр эзлэв.
10 метрийн хийн урт бууны эмэгтэй дасгалд нийт 57 буудагч буудсанаас ОУХМ Ч.Нарантуяа 416,6 оноогоор шилдэг наймд шалгарч финалд 122,4 оноо авсанаар 6-р байранд орлоо. Энэ дасгалд ОУХМ О.Янжинлхам 413,3 оноогоор 14-р байр, спортын мастер М.Түвшинжаргал 412,6 оноогоор 17-р байрт жагслаа.
Мөн 50 метрийн сонгомол гар бууны эрэгтэй дасгалд нийт 44 тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Э.Даваахүү 550 оноогоор 9, спортын мастер О.Төгөлдөр 542 оноогоор 25, спортын мастер Ш.Буянзаяа 526 оноогоор 36-р байрт тус тус оржээ.
“РИО-2016” олимпийн эрх олгох буудлагын Ази тивийн сүүлийн тэмцээн ирэх сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжлэн явагдана. Тус тэмцээнд манай улсаас нийт 16 тамирчин, гурван дасгалжуулагчийн хамт оролцож байгаагаас эрэгтэйчүүдийн 50 метрийн хэвтээгээс 60 сум буудах дасгалд ОУХМ Х.Бямбабаатар, эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалд ОУХМ Ч.Нарантуяа нар VI байрт шалгарсан нь хамгийн өндөр амжилт болоод байна.
Энэ удаагийн тэмцээнд олимпийн эрхээ аваад байгаа Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа (гар буу), ОУХМ Ц.Мөнхзул (гар буу), ОУХМ Г.Нандинзаяа (урт буу) нар хувийн буудлагад өрсөлдөж буй.
Ч.БОЛОР