Тусгаарлагдсан иргэд бусдын эх орондоо ирэх эрхэнд "халдав"

Хуучирсан мэдээ: 2020.09.02-нд нийтлэгдсэн

Тусгаарлагдсан иргэд бусдын эх орондоо ирэх эрхэнд "халдав"

Тусгаарлагдсан иргэд бусдын эх орондоо ирэх эрхэнд "халдав"

Дэлхий дахинд коронавирусийн халдвар намжаагүй,  Монголд ковидийн нийт тохиодол бүгд гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн, дотоодод халдвар тараахгүйн  үүднээс хилийн хорио үргэлжилж  байгаа билээ. Гадаадад гацсан иргэдээ тусгай үүргийн онгоцоор татан авах ажиллагааг УОК хариуцаж буй.  Тэдний хувьд гадаадаас ирж Монголдоо тусгаарлагдсан иргэд онцгой байдлын үеийн дэглэмийг зөрчих, дураараа авирлах,  бусдын шаардлагыг үл тоох хандлага гаргаж буйг үргэлж мэдээлдэг, анхааруулдаг.  Тусгаарлагдаж буй иргэдийн гаргаж буй араншин дараа дараагийн хүмүүсийг татан авах ажиллагаанд ч хүндрэл учруулах болсон байна. Өөрөөр хэлбэл, би л Монголдоо ирсэн бол боллоо гэсэн аминчхан бас дээрэнгүй үзэл нь гадаадад гацсан иргэдээ татан авахад сөргөөр нөлөөлж буй УОК-ийн мэдээллээс харагдаж байгаа юм.

Тусгаарлагдаж буй иргэдийн  гаргаж буй танхайрал тэднийг хүлээн авч, байрлуулж байгаа амралтын газар, зочид буудлын үйлчилгээ эрхлэгчдийг хашраах болжээ. Улмаар тусгаарлах байрны үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүд үргэлжлүүлэн ажиллахаас татгалзаж, тусгаарлах байрны хүрэлцээ хүндэрч, тусгай үүргийн нислэгээр хуваарийн дагуу гадаадад гацсан иргэдийг авчирч чадахгүйд хүргээд байгаа аж. Энэ талаар УОК-ийн хуралдааны үеэр мэдээлсэн.

“Тайж” зочид буудлын менежер Ч.Чанцалын хэлснээр “Тусгаарлагдаж буй иргэд туйлын бүдүүлэг, соёлгүй, дандаа зүй зохисгүй үйлдэл гаргадаг, шаардлага тавихаар загнадаг. Буудлын эд хогшилтой гамгүй харьцаж, эвдрэл хохирол их үзүүлдэг. Цаашид үргэлжлүүлэн ажиллахаас үнэхээр залхаж байна” гэсэн юм.

Тусгаарлалтад байгаа иргэд ус, тарагны сав, тоортонд архи,  согтууруулах ундааны зүйлийг  нууж, тусгаарлах байранд оруулж ирээд уух, согтуурсан үедээ танхайрч, хамгаалалтад гарч буй төрийн алба хаагч, туслах ажилтан руу дайрч давшилж, эд хогшлыг нь эвдэн сүйтгэж, тусгаарлалтаас гарах гэж үймээн дэгдээдэг аж.  Мөн хоолыг нь голж харааж загнах бол ердийн үзэгдэл гэнэ. Өрөө хэсэн сэлгүүцэх, шаардлага тавьсан ажилчидтай зүй бус харилцах  явдлаас бол гадаадад гацсан иргэдийн хүлээж авахаас зарим зочид буудал, амралтын газрууд татгалзах болсон байна. Тухайлбал,  тусгаарлах байрны үйл ажиллагаа явуулдаг 63 байрны тоо өдөр бүр цөөрсөөр байгаа аж.

"Covid-19"-т халдвартай холбоотойгоор гадаадад гацсан иргэдээ татан авах ажиллагааны хүрээнд  66 удаагийн тусгай үүргийн нислэгээр 13603 иргэн Монголдоо иржээ.  Тэгвэл цаана нь ахиад  12 мянга гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасныг  Гадаад харилцааны яамнаас өнгөрсөн наймдугаар сард гаргасан мэдээллээр танилцуулсан.  Есдүгээр сард 12 удаагийн тусгай нислэгээр 3120 иргэнийг авчрахаар төлөвлөжээ.

Эх орондоо ирсэн иргэд тусгаарлах байрны стандарт хангалтгүй, хоол унд амтгүй, чанаргүй байгаа талаар гомдоллодог, элдэв янзын шүүмжлэл гаргадаг. Иргэдээс ирүүлж буй гомдолтой холбогдуулан Улсын онцгой комиссын Шуурхай штабаас шалгалт явуулсан байна. Шалгалтаар иргэдээс ирүүлсэн гомдлын 90 хувь нь бодит бус байгааг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, тусгаарлах байр нь хүн түр амьдарч болохооргүй бохир, хоол нь амтгүй, чанаргүй гэж байгаа нь бодит бус гэж үзэж байгаа аж.

Мөн тусгаарлах байр ажиллуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс гомдлууд ирдэг байна. Тусгаарлалтад байгаа иргэд эд хогшилд гамгүй ханддаг, цагаан хэрэглэл, ханын цаас зэргийг урж, сүйтгэдэг, ажилтантай бүдүүлэг харьцдаг, шаардлага тавихаар хүлээж авдаггүй байна. Тусгаарлагдсан иргэдээс авч буй өдрийн 50 мянган төгрөг нь урсгал зардалд хүрэлцэхгүй байна гэх зэрэг гомдлыг ирүүлж, улмаар цаашид тусгаарлах байрны зориулалтаар ажиллахгүйгээ мэдэгдээд байгаа ажээ.

Энэ байдал нь тусгаарлах байрны хүрэлцээнд, цаашид гадаадад гацсан иргэдийг авчрахад хүндрэл үүсгэж байгаа юм. Тодруулбал, өвөлжилтийн бэлтгэл, шугамын ажил, хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор тусгаарлах байранд ажиллаж байгаа иргэд олон хоногоор ажиллах боломжгүй болж, хүний нөөцийн дутагдалд орсон гэх шалтгаанаар “Мичид”, “Сэнтий”, “Жаргалант” сувилал тодорхойгүй хугацаагаар тусгаарлах үйл ажиллагаагаа зогсоох санал ирүүлжээ.

Тусгаарлах байрны хомсдолоос үүдэн тусгай үүргийн нислэг хуваарийн дагуу явахгүйд хүрээд байна. Тухайлбал, есдүгээр сарын 9-нд Токио руу хийх нислэг гурав хоногоор хойшилсон юм.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
10
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж