"Хэл, соёлынхоо төлөө тэмцэж буй эцэг, эхчүүдэд талархаж байна"

Хуучирсан мэдээ: 2020.09.02-нд нийтлэгдсэн

"Хэл, соёлынхоо төлөө тэмцэж буй эцэг, эхчүүдэд талархаж байна"

Өвөрмонголчууд үндэсний бичиг, эх хэлээ хоёрдогч хэл болгохоос татгалзан тэмцэж буй жагсаал, цуглааны дүрс бичлэг сошиал орчинд тархаж, сүүлийн гурван сарын турш асуудал зөвхөн нэг аймгийн бус нийт орны хэмжээнд яригдаж байгаа билээ. Иймд өвөрмонголчуудын боловсролын системд төдийгүй үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрч буй тус асуудал хэрхэн, ямар учиртай өрнөх болсон талаар Өвөрмонголын Тунляо хотын Жарууд хошуунд нутагтай монголын орчин үеийн түүх судлаач, докторант Б.Бүрэнтэй ярилцлаа.

-Өвөрмонголд үүсээд буй үйл явцын өрнөл хэзээнээс эхтэй, ийнхүү тэмцлийн хэлбэрт хүрэх шалтгаан нь ямар шийдвэртэй холбоотой талаар та бидэнд мэдээлэл өгөөч?

-Өнөөдөр Өвөрмонголчууд эх хэл, уйгаржин бичгийн асуудлаар нэгдэн тэмцэж, үр, хүүхэддээ олгох боловсрол, түүх соёлын гажуудлыг эсэргүүцэн жагсаж байна. Би Япон улсад докторантаар суралцдаг, Тунляо хотын харьяат судлаач хүн. Энэхүү тэмцэл зургаадугаар сараас эхэлсэн. Уг нь бол Өвөрмонголын боловсролын системд сурагчид бага ангиас эхлэн их сургууль төгсөх хүртэл монгол хэлээр боловсрол эзэмшихээр тусгасан байдаг. Харин хятад хэлийг 3-р ангиас эхлэн хоёрдогч хэл болгон судалдаг байсан юм. Гэтэл энэ жилээс эхлэн Тунляо хотын зарим монгол сургуульд хичээлүүдийг Хятад хэлээр заах талаар албан бус аман яриа зургаадугаар сараас эхлэн нийт олны дунд тархсан. Өвөрмонголын зарим багш нар, хэл бичгийн судлаач нар тэр цаг үеэс тус шийдвэрийг эрс эсэргүүцэн нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэн тэмцэж эхэлсэн юм. Ийнхүү эцэг, эхчүүдийн сонорт хүрч, тэд үнэн худлыг тодруулахаар аймаг, хотын Боловсролын товчоо, Өвөрмонголын Боловсролын Тэнхим, Боловсролын Яам зэрэг газарт бичгээр асуулт илгээсэн боловч тодорхой хариулт өгөхгүй байсаар саяхан, наймдугаар сарын 18-ны өдөр шийдвэрийг танилцуулсан. Өвөрмонголын сургалтын системийг  маш нууц байдлаар төлөвлөж, гэнэт хэрэгжүүлэх болсон нь судлаачдын анхаарлыг ихэд татаж байгаа. Тодруулбал, Тунляо хотын бага, дунд сургуулийн удирдлагуудыг дуудаж, монгол боловсролын системд өөрчлөлт орсон тухай мэдэгдэж, есдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэх шаардлагатай тухай дээд шатны зааврыг өгсөн байна. Энэ шийдвэр бол Өвөрмонголчуудын сурч боловсрох системийг сууриар нь өөрчлөж буй тул бид ийнхүү тэмцэж, эсэргүүцдээ илэрхийлж байгаа юм.

-Мөн уйгаржин бичгийг хоёрдогч хэл болгон оруулахаас гадна түүх болон бусад нэр бүхий хичээлийг Хятад хэлээр оруулах шийдвэр гарсан гэсэн үү?

-Тийм ээ, 2021 оноос улс төрийн хичээлийг, 2022 оноос түүхийн хичээлийг Хятад хэлээр заах тухай тус шийдвэрт багтсан байсан нь харамсалтай. Түүх, хэл соёл бол үндэстний халдашгүй дархан байдлын хөндүүр сэдэв. Тиймээс энэ удаагийн тэмцэлд эцэг, эхчүүд жагсаж, сурагчид хичээлд суухгүй гэдгээ мэдэгдэж нэгдэж байгаа юм. Хэрэв бид ийн тэмцэхгүй бол монгол үндэстэн өөрийн хэл, бичиг үсгээ хэрэглэж, хөгжүүлэх эрхээ эдэлж чадахгүй болж байгаагийн бодит жишээг биеэр амсана. Монгол хэлийг боловсролын тогтолцоонд хоёрдогч хэлээр нэвтрүүлэх нь соёлын өвд халдаж, түүхийн үнэнийг гуйвуулах маш том эрсдэл дагуулж байна.

-Одоо Өвөрмонголд хүүхдүүд хичээл, сургуульдаа явахгүй байгаа юм байна. Олон нийтийн сүлжээнд тавигдсан эцэг, эхчүүдийн хүүхдээ авах гээд цагдаа нартай тэмцэж буй бичлэг хэзээнийх вэ?

-Боловсролын системийн өөрчлөлтийг энэ сарын 20-доор олон нийтэд албан ёсоор мэдэгдэж, 25-нд Өвөрмонголын Боловсролын Тэнхимийн сайтад анх нийтэлж, Өвөрмонголын ТВ-ээр наймдугаар сарын 28-ний өдөр мэдээлсэн юм. Иймээс сүлжээн дээрээс мэдээлэл аваагүй зарим эцэг, эх тус шийдвэрийг мэдэлгүйгээр хүүхдээ сургуульд хүргэж өгсөн байсан. Гэвч тухайн өдрөө мэдээлэл авч, хүүхдүүдээ авахаар очсон боловч сургуулийн захиргаанаас цагдаа нарыг дуудаж, эцэг эхчүүдийг хориглон, хүүхдүүдийг нь сургуульд цоожлон өгөхгүй байх тохиолдол гарсан. Эцэг, эхчүүдийн зүгээс эх хэлийг хоёрдогч хэл болгох төлөвлөгөөг эргүүлэн татаж, монгол хэлээр боловсрол олгохгүй бол хүүхдүүдээ сургуульд хүргэж өгөхгүй гэж хатуу зогсож, Өвөрмонгол даяар иргэд өргөдлийн бичгээ өргөж, шаардсаар байна.

-Сургалтын материал, сурах бичиг эхнээсээ хятад хэлээр хэвлэгдэн гарсан байгаад эцэг, эхчүүд дургүйцэж буйг бид сошиалаас харж байна. Сурах бичгийн хэвлэлтийн талаар хэн нэгэн тайлбар, мэдээлэл өгсөн үү?

-Өмнө жилүүдэд сурагчдад “Монгол хэл, бичиг” нэртэй хичээл ордог байсан. Харин энэ жилээс “Хэл бичгийн хичээл” нэрийн доор хятад хэлийг анхдагч буюу суурь хэл болгон орохуулахаар болсон. Ном, бичгийн хувьд албаны хэн нэгэн хүн огт мэдээлэл өгөөгүй бөгөөд энэ асуудал нь эцэг, эхчүүдийн дургүйцлийг бүр ч хүргэж байгаа юм. Иймд хос хэлний сурган хүмүүжил нэрийн дор эх хэлийг хоёрдогч болгох шийдвэртэй хатуу тэмцэж байна.

-Цахим хуудсаар дамжуулан олон нийтийн сүлжээнд хаштаг ашиглан үзэл бодлоо илэрхийлэх иргэд нэмэгдсээр байна. Үүнтэй зэрэгцэн Өвөрмонголд хяналт, дарамт шахалт улам бүр нэмэгдэж байгаа болов уу. Та мэдээллийг хэрхэн цаг алдалгүй авч байна вэ?

-Гадаад улсад байгаа өвөрмонголчууд голдуу интернэтээр дамжуулан холбогдож байна. Тэрхүү мэдээлэлд дарамт, шахалт их байгаа тухай мэдээлж байна. Тухайлбал, хүүхдээ сургуульд хүргэхгүй байхыг уриалсан эцэг, эхчүүд цагдаад дуудагдаж, ажлаас нь албан шаардлагаар чөлөөлж, намаас хөөх, хар дансанд оруулах гэх мэтээр айлган сүрдүүлж байна. Мөн өвөрмонголчуудын хэрэглэдэг “Bainu” сайтыг энэ асуудлаас болж хаагдсан гэж үзэж байгаа. Үүнээс гадна уйгаржин бичигтэй групп, холбоог хаасан болохыг хүмүүс хэлж байна. Одоо хүмүүс интернэтээр их л болгоомжтой харилцаж байна даа.

-Хэл, соёлоо эзэмшин өвлүүлэх их үйлсэд хувь нэмэр оруулж байгаа хэн бүхэнд хандаж та юу гэж хэлмээр байна вэ?

-Хэл, соёлоо хайрлан хамгаалах талаар дэлхийн өнцөг булан бүрээс судлаачид, монгол иргэд нэгдэж байна. Хамгийн бахархмаар зүйл бол бид сэтгэл нэгтэй байгаагаас гадна эцэг, эхчүүд үр хүүхдийнхээ боловсролын асуудал, түүх соёлын үнэт өвийнхөө төлөө тууштай тэмцэж чадна гэдгээ харуулж байгаад миний бие талархаж буйгаа илэрхийлье. Мөн Монгол Улсын зохиолч, яруу найрагч нарт энэ асуудлыг эртнээс анхааран давалгаалж, монгол хэлнийхээ баялаг, тансаг үгийн сангаар яруу найргаа хөглөн, өвөрмонголчууд бидэнд сэтгэлийн дэм өгч байгаа нь бахархмаар санагдаж байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж