Чойжин ламын сүм музейд есдүгээр сарын 1-нээс 6-ны өдөр “Өнгөрснийг маргаашдаа” өдөрлөг зохион байгуулагдаж байна. Өдөрлөгийн эхний өдөр “Өв Эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийг танилцуулахаас гадна скейтбоардын үзүүлбэрийг музейн гадна талбайд олон нийтэд нээлттэй зохион байгууллаа. Өнөөдрөөс хэлэлцүүлэг, лекц өрнүүлэх, хүүхдэд зориулсан бүтээлч өдөр, номын солилцоо зэрэг соёл урлагийн олон талт үйл ажиллагаа болох юм.
Монголын урлагийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал О.Одгэрэл “Өв Эрдэнэ тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музейг 2019-2020 онд 1.1 тэрбум төгрөгөөр тохижуулсны үр дүнд тус музей нь Улаанбаатар хотын иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх нэгэн шинэ бүтээлч орон зай болоод байна” гэлээ.
“Өв Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд соёлын дурсгалт газрууд болон дурсгалт уран барилгын нөхцөл байдал эрсдэлийн судалгаа шинжилгээ, барилгын сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалт, төлөвлөлтийн чиглэлээр төслүүд хэрэгжүүлж байгаа аж. Тодруулбал, Чойжин ламын сүм музейн 2 га эдэлбэр газрын тохижилтын төслийг нийт 1.1 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж, 3000 бут сөөг бүхий 8500 м.кв ногоон байгууламж, 1500 м.кв авто зогсоол, 1600 м.кв явган хүний боржин чулуун замыг шинэчлэн байгуулж, сүмийн үзэмжийг тодруулсан барилгын фасад болон гадна орчны гэрэлтүүлэг суурилуулсан байна. Мөн Чойжин ламын сүм музейн Ядам сүм ба Дунд хаалганы барилгын сэргээн засварлалтын зураг төсвийг боловсруулж, сэргээн засварлахад бэлэн болгожээ.
Энэхүү хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд Чойжин ламын сүм музейг Дэлхийн хөшөө дурсгалын сангийн “World Monuments Watch 2020” хөтөлбөрийн яаралтай хамгаалах шаардлагатай дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр бүртгүүлж, олон улсад сурталчлан таниулах ажлыг эхлүүлсний үр дүнд АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сан /AFCP/-гаас санхүүжилт бүрдүүлэн, Чойжин ламын сүм музейн Ядам сүмийн барилгыг 2021-2022 онд Дэлхийн хөшөө дурсгалын сантай хамтран сэргээн засварлах болсныг зохион байгуудагчдын зүгээс онцоллоо.
Үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв Эрдэнэ” хөтөлбөр 2019 оноос хэрэгжиж эхэлснээс хойш Чойжин ламын сүм болон Богд хааны ордон музей, Амарбаясгалант хийд тэргүүтэй таван төсөлд нийт 1.7 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байгаа аж.
Уг тэтгэлэгт хөтөлбөрийг Эм-Си-Эс Групп 25 жилийн ойгоороо санаачлан эхлүүлж, санхүүжүүлж байгаа бөгөөд хэрэгжүүлэгчээр Монголын Урлагийн Зөвлөл, хамтрагчаар БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газар, Соёлын өвийн үндэсний төв, дотоод гадаадын дурсгалт барилгын сэргээн засварлалтын зөвлөх экспертүүд ажилласан байна.
2019-2020 онд хэрэгжүүлсэн дээрх төслүүдийг танилцуулах хэвлэлийн бага хурал Чойжин ламын сүм музейд есдүгээр сарын 04-ний өдрийн 12:00 цагт болно.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ