Хуучирсан мэдээ: 2020.09.02-нд нийтлэгдсэн

КЕМБРИЖ: Зөв & буруу

УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, С.Батболд, Х.Булгантуяа, Д.Батлут нарын гишүүд хамтран "Кембрижийн хөтөлбөр” хэрэгжүүлэхийг дэмжих лобби бүлэг байгуулсан билээ.

2010 онд Монгол Улсын Засгийн газраас Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Англи-Монголын Засгийн газар хооронд гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд 2019 онд 30 сургуулийг кембрижийн хөтөлбөрт шилжүүлэн, гурван сургуульд лаборатори маягаар туршин, багшийг сурган, улсын хэмжээнд чадавхыг сайжруулахаар тусгасан байдаг. Улмаар 2012 онд энэ хөтөлбөрийг “Үндэсний цөм” хөтөлбөр болгосноор  сурагчдыг ялгаварлах байдал үүссэн гэж дээрх гишүүд үзэж, кембрижийн, лаборатори гэж ялгадаг байдлыг арилгаж бүх хүүхдэд тэгш боловсрол эзэмших боломжийг олгох зорилготойгоор лобби бүлэг байгуулжээ.

Кембрижийн хөтөлбөрийг нэвтрүүлэх эсэхтэй холбоотой шүүмжлэл сүүлийн өдрүүдэд өрнөж буй. Тиймээс Энэ удаагийн VS буландаа кембрижийн хөтөлбөрийн талаарх талуудын эсрэг, тэсрэг байр суурийг хүргэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ:

Боловсролын салбарт улстөржилт их явагдах хэрээр оюутан, сурагчид багш нарын дунд үл ойлголцол үүсдэгийг өнгөрсөн хугацаанд олж харлаа. “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гэсэн гурван сургууль Кембрижийн хөтөлбөртэй. Үүнээс үүдэж лаборатори сургуулиуд бий болсон. Нэг ёсондоо сурагчдыг ялгаварлаж эхэлсэн гэсэн үг. Энгийн ардын хүүхдүүдийг авдаггүй гурван сургууль бий болгосон. Хүн болгон лаборатори сургуульд хүүхдээ өгье гэхэд ар өврийн хаалга нь дийлдэхээ больсон.

Энэ хүүхэд Кембрижийн хөтөлбөртэй сургуульд сурдаг, эсвэл лаборатори сургуульд, ердийн сургуульд сурдаг гэж ялгаж болохгүй. Үүнд бид онцгой анхаарах ёстой. Дэлхийн боловсрол хаашаа явж байна вэ гэдгийг бид харах хэрэгтэй. Кембрижийн боловсролыг хөгжүүлэх төв дотроо үнэлгээ хийдэг, багшийг хөгжүүлдэг, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг хийдэг Кембрижийн их сургуулийн дэргэд үүсгэн байгуулагдсан боловсролыг хөгжүүлэх төв. Дэлхий даяар 160 орны 10 мянган сургуульд Кембрижийн хөтөлбөрөө нэвтрүүлж байна. Төгссөн хүүхдүүд дэлхийн өндөр хэмжээний их сургуулиудад шалгалтгүйгээр элсэн суралцах гарц нь нээгддэг онцлогтой.

Кембрижийн төвтэй уулзаж байхад 100 хувь англи хэлээр хөтөлбөрөө хэрэгжүүлдэггүй гэдгээ хэлсэн. Шинжлэх ухааны хичээлүүдийг монгол хэл, англи хэлээр хослуулан зааж болно гэдгийг зөвшөөрдөг. Тиймээс үндэсний онцлогтой хичээлүүдийг монгол хэлээр судална, зарим хичээлийг хос хэлээр үзэж болно. Мэргэжлийн англи хэлийг дунд ангиасаа сурна гэсэн үг. Өөрөөр хэлбэл үндэсний онцлогт тохирсон  дэлхийн жишигт нийцсэн боловсролыг  түгээн дэлгэрүүлдэг олон улсын боловсролын төв. Өмнө нь би хувийн дунд сургуульд Кембриж хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан туршлага надад бий. Английн боловсролын гол онцлог нь шаталсан тогтолцоо, мөн шүүмжлэн эргэцүүлэх чадварыг олгодог. Шат шатандаа өөрийгөө үнэлүүлдэг.

Үүнийг танин мэдэхүйн шинж чанартайгаар эсэргүүцэх оролдлогууд байж болохгүй. Баянхошуунд Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх олон улсын стандартад нийцсэн сургууль байгуулагдсан. Энэ сургуулийг хоёр жил орчим лаборатори сургуулиар хичээллүүлж, гурав дахь жилээс нь Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Тэндээс төгссөн хүүхдүүд дэлхийн хэмжээний сургуулиудад шалгалт өгөхгүйгээр элсэн сурах бололцоотой. Хэрэв бид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй бол цаашид боловсролын ялгаа бий болно. Алслагдсан дүүрэг, хөдөө сумын сургуульд сурч байгаа хүүхдүүд Кембрижийн хөтөлбөрийг яагаад сурч болохгүй гэж гэдэг асуулт гарч байгаа.

Боловсрол бол тэгш хүртээмж. Сод ухаантны боловсролыг дэмжих гэж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй. Харин боловсролыг тэгш хуваарилна. Өөрсдийн хүүхдээ 20 мянган ам.долларын төлбөртэй хувийн сургуульд сургачхаад улсын сургуульд “Цөм хөтөлбөр” хэрэгжүүлэх ёстой гэж байгаа улс төрчид байна. Ийм байж болохгүй. Улстөржилт хэрэггүй. Баянхошуу, Толгойт, Дорнодод суралцаж байгаа хүүхдүүд яагаад олон улсын хөтөлбөрт хамрагдаж болохгүй гэж. Бүх хүүхэд тэгш боловсрол эзэмших ёстой.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХЦЭЦЭГ:

Төрөөс нийгмийн аль нэг бүлэг, эсвэл цөөнхөд давуу тал олгох боловсролын бодлого явуулах ёсгүй. Кембрижийн хөтөлбөр гэх мэт тусгайлан цөөн тооны сурагчдыг сонгон шалгаруулалтаар авч, бусад төрийн өмчит ЕБС-ийн сургуулиудтай харьцуулахад хэд дахин өндөр дүнгээр төрөөс санхүүжүүлэх хөтөлбөр нь боловсрол дахь тэгш бус байдлыг дэмжсэн бодлого учраас би зарчмын хувьд дэмжихгүй байгаа. Харин үүний оронд үндэсний боловсролын тогтолцоогоо дэмжих, суралцагч бүрт адил тэгш чанартай боловсрол олгох бодлогыг өргөжүүлэх ёстой гэж үзэж байна. Кембрижийн сургалтын хөтөлбөрөөр нэг суралцагчид ногдох зардал нь ЕБС-ийн бусад сургуулийн нэг суралцагчид ногдох зардлаас даруй хэд дахин өндөр байдаг. Хүүхдүүдийн дийлэнх нь суралцаж буй ЕБС-иудын санхүүжилт, чанарыг сайжруулах, Улаанбаатар хотод нэг ангид 50-60 хүүхэд суралцаж байгаа өнөөдрийн нөхцөлд цөөн тооны суралцагчдад үйлчлэх өндөр өртөгтэй боловсролын үйлчилгээг төрөөс санхүүжүүлэх нь боловсролыг тэгш, чанартай, бүх хүүхдэд тэгш хамруулан олгох зарчмыг алдагдуулж буй явдал юм.

Тийм учраас Кембрижийн сургалтыг өргөжүүлэхээс илүүтэйгээр Монголын үндэсний боловсролын тогтолцоогоо дэмжих зайлшгүй шаардлага байна. Яагаад гэвэл Кембрижийн сургалтын өнөөг хүртэл хэрэгжүүлсэн үр дүн, цаашид өргөтгөлөө ч гэсэн Монголын хүүхдүүдийн 10 хувьд ч хүрэхгүй хэсэгт үр шимээ өгөх тогтолцоо байгаа учраас бид нийт хүүхдүүдийнхээ олонх руу чиглэсэн боловсролын бодлого явуулах ёстой гэж бодож байна.

2015 оны БШУЯ-ны тоо баримтаар Кембрижийн сургалттай олон улсын сургуулиудын хувьсах зардал нь ердийн ерөнхий боловсролын сургуулиудын хувьсах зардлаас 25 дахин их байна гэсэн тоо байна. Ердийн сургуульд байдаггүй зардлууд гардаг. Кембрижийн хөтөлбөрөөр сургалт явуулахын тулд тухайн улсын сургалтын байгууллагууд асар өндөр дүнтэй төлбөр төлдөг. Стандартад нийцүүлэхийн тулд нарийн шалгуур давдаг.

Тухайлбал суралцагчдын шалгалтын материалыг олон улсын шуудангаар хүргүүлдэг, Кембрижийн олон улсын хөтөлбөрийн жил бүрийн хураамж төлдөг, сургуулийн багш нарын эрх авах шалгалтын зардал, сургалтын зардал, удирдах албан тушаалтан, багш нар, гадаад багш нарын зардал, хичээлийн хөтөлбөрийн зэрэг өндөр зардлууд гардаг.

Кембрижийн хөтөлбөрт зарцуулж байгаа санхүүжилт нь авьяастай суралцагчдыг нэг сургуульд хамруулан суралцуулж, сурлагын өндөр амжилт гаргахыг зорьсон санхүүжилт юм. Бид өнгөрсөн 10 жилийн хугацаанд үндсэндээ гурван сургуульд л Кембрижийн хөтөлбөрийг нэвтрүүлсэн. Гэтэл энэ гурван сургуулийн хоёр нь одоо хүртэл байргүй байна. Тэгэхээр судалгаа хийгээд харахаар цаашид Кембрижийн хөтөлбөртэй 40 сургууль нэмэгдүүлбэл тэр 40 сургуулийн нэг жилийн сургалтын зардал нь 56,9 тэрбум төгрөг болох нь. Энэ бол зөвхөн сургалт явуулах зардал. Үүн дээр багш нарын зардал болон тоног төхөөрөмж, байрны зардал ороогүй. 

2020 онд энэ гурван сургуульд бараг 3 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Кембрижийн хөтөлбөртэй сургуульд сурдаг нэг хүүхдийн нэг жилийн хувьсах зардалд 2,4 сая төгрөг ногдож байна. Гэтэл төрийн өмчит ерөнхий боловсролын сургуульд сурдаг сурагчдын нэг жилд ногдох хувьсах зардал нийслэлд 374 мянга, хөдөө орон нутагт 437 мянга байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
БурууБуруу
6
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж