“Лайк” товчлуур олон сонголттой болно

Хуучирсан мэдээ: 2016.01.30-нд нийтлэгдсэн

“Лайк” товчлуур олон сонголттой болно

Нийгмийн цахим сүлжээний “Фейсбүүк” хуудсанд нийтэлсэн зураг, нийтлэл, дүрс бичлэгийн талаар сэтгэгдлээ илэрхийлэх “лайк” буюу “таалагдлаа” гэсэн ганцхан сонголт байдаг. Харин тус компани энэ сонголтыг илүү өргөтгөж, сэтгэл хөдлөл илэрхийлсэн зургуудыг “лайк” товчлуурын хажууд байрлуулахаар ажиллаж байна.

Марк Цукербергийн мэдэгдсэнээр, энэ өргөтгөл Испани, Ирланд болон бусад хэд хэдэн газарт туршилтаар нэвтэрсэн байна. Тэрээр тун удахгүй “Фейсбүүк” хэрэглэгч хүн бүхэн энэ өргөтгөлийг ашиглах боломжтой болно гэж амлажээ. Хүмүүс “Фейсбүүк” хуудсан дахь нийтлэлд уурласан, баярласан, гунигласан зэрэг бүх төрлийн сэтгэгдлээ “таалагдсан” гэх ганцхан товчлуураар дамжуулж илэрхийлэх боломжгүй байгааг шүүмжилж ирсэн юм.

Энэ дутагдлаа нөхөхийн тулд “маш их таалагдаж байна”, “инээдтэй”, “баяртай”, “гунигтай”, “ууртай” зэрэг товчлуур болон уламжлалт “лайк” товчлуураас хүссэнээ сонгож, нийтлэлийн тухай сэтгэгдлээ илэрхийлэх боломж нээгдэх юм байна. Дэлхий даяар өдөр бүр нэг тэрбум гаруй хүн “Фейсбүүк” ертөнцөд холбогддог гэх тооцоо байгаа юм. “Лайк” товчлуураараа алдаршсан тус цахим сүлжээнд хийх энэхүү өргөтгөл томоохон өөрчлөлт авчирна. Иймээс энэ шинэчлэлийг хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нийцүүлсэн байдлаар бүрэн хийж дуусгахад нэлээд хугацаа шаардлагатайг тус компанийнхан хэлж байна.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж