Энэтхэг, Хятадын хилийн маргаантай асуудал эргэн сэдэрч, Энэтхэгийн арми БНХАУ-ын ардын чөлөөлөх армийн чухал постыг эзлэн авчээ. Тодруулбал, наймдугаар сарын 29-нд Хятадын 500 орчим цэрэг Энэтхэгийн мэдлийн Чушул тосгоны ойролцоох нарийн хөндий Спангур луу нэвтрэхийг завдсанаар хоёр улсын цэргүүд гурван цагийн турш гардан тулаан хийжээ.
Энэтхэгийн цагдаагийн эх сурвалжийн мэдээлж буйгаар энэтхэг цэргүүд БНХАУ-ын халдлагыг дараад зогсохгүй өнөөдөр/2020.09.01/ өглөө үүрээр Пангон Цо нуурын эргэн тойрон дахь толгодуудын хятад баазуудыг эзлэн авчээ. Мөн одоогийн байдлаар аль ч тал амссан хохирлын талаар мэдээлээгүй байгаа юм.
Харин БНХАУ-ын гадаад хэргийн сайд ардын чөлөөлөх армийн цэргүүд маргаантай бүсийг нэвтрэхийг оролдсон гэх мэдээллийг үгүйсгэж, Энэтхэгийг эзлэн авсан баазуудаа буцааж өгөхийг шаарджээ. Мөн ардын чөлөөлөх армийн төлөөлөгч “Энэтхэгийн энэ алхам БНХАУ-ын эзэмшлийн газар нутагт ноцтой халдаж, хоёр улсын эв найрамдлыг доромжилсон хэрэг боллоо. Бид үүнийг зөвшөөрөхгүй. Бид энэтхэгийн талаас цаашид байдлыг улам дордуулахгүйн тулд хууль бусаар хил зөрчсөн цэргүүдээ татаж, эзэлсэн хуарангаа буцааж өгөхийг хатуу шаардаж байна” хэмээн ярьжээ.
Харин Энэтхэгийн талаас эзлэн авсан хуаран хүртлээ хилээ тэлэхийг зорьж байгаа хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.
Эх сурвалж: TELEGRAPH
Холбоотой мэдээ