"Сургуульдаа хичээллэж байгаадаа маш их баяртай байна"

Хуучирсан мэдээ: 2020.09.01-нд нийтлэгдсэн

"Сургуульдаа хичээллэж байгаадаа маш их баяртай байна"

Д.Ялгуун: Франц хэл, нэхмэлийн сургалтад сууж, хоёр дүүдээ хөөрхөн хувцас оёж өгсөн

"Сургуульдаа хичээллэж байгаадаа маш их баяртай байна"

Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас хамааран хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоогоод байсан билээ. Үүний улмаас жил бүр уламжлал болгон хийдэг хичээлийн шинэ жилийн нээлт сургалтын өөр хэв маягт шилжиж, сурагчид болоод багш нар өндөржүүлсэн онцгой үеийн бэлэн байдлын дүрмийг чанд сахиж буйгаараа онцлог. 2020-2021 оны хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 820-н ерөнхий боловсролын сургуульд 640449 сурагч суралцах тоон мэдээг статистикийн хороо гаргасан байна. Тэдний төлөөлөл болсон Улсын тэргүүний нэгдүгээр сургуулийн сурагчидтай бид уулзаж, хичээлийн жил эхэлж, танхимаар сургалт орж эхэлсэн учраас сурагчдын сэтгэгдлийг сонслоо.  


8б ангийн сурагч Д.ЯЛГУУН:

-Хөл хорио тогтоосон олон сарын хугацаанд миний хувьд өөрийгөө хөгжүүлэхэд маш сайн анхаарсан. Теле хичээлээ хийхээс гадна, цахимаар 7, 8-н дугуйланд хамрагдаж, гадаад хэлнийхээ мэдлэгийг ч нэмэгдүүлсэн давуу талтай. Миний хувьд танхимын сургалтаас илүү онлайнаар суралцах нь давуу санагдаж байна. Жишээлбэл, би онлайнаар Франц хэлний сургалтад хамрагдсан. Мөн нэхмэлийн сургалтад сууж, хоёр дүүдээ хөөрхөн хувцас оёж өгсөн. Өнөөдөр хичээл орох анхны өдөр, бас ангийнхантайгаа уулзаагүй удсан учраас сэтгэгдэл сайхан байна. Энэ хичээлийн жилд би бүх хичээлээ онц болгож, гадаад хэл сайн сурах зорилго тавьсан байгаа.


 

Улсын тэргүүний нэгдүгээр сургуулийн 1б ангийн сурагч Б.НАРАНГАРАВ:

-Энэ жил сургуульд элсэн орж байгаадаа маш их баяртай байна. Хичээлээ сайн хийж, эрдэм мэдлэгтэй сайн хүн болно гэж бодож байгаа. Бас олон найзтай болохыг хүсч байна. Коронавирус гарснаас хойш гэртээ байсан. Мөн балетийн сургалтад хамрагдсан. Ирээдүйд балетын мундаг бүжигчин болно.


8г бүлгийн сурагч С.ЭНХБИЛЭГ:

-Дэлхийд олон хүний эрүүл мэндэд нөлөөлдөг халдварт өвчин гарснаас хойш бид нар сургуульдаа яваагүй. Гэхдээ энэ хугацаанд өмнө үзэж, судалсан хичээлээ мартахгүйн тулд тогтмол давтаж, теле хичээл гарч байх хугацаанд хичээлээ сайн хийсэн. Ангийн хүүхдүүдтэйгээ уулзаж, багш нартайгаа дахин уулзаж байгаадаа сэтгэгдэл өндөр байна. Надад танхимын хичээл илүү үр дүнтэй санагдсан учир багш нарынхаа өгсөн зааврын дагуу ширээ бүрт нэгээрээ сууж, маскаа зүүгээд хичээлээ сайн сурна гэж бодож байгаа.


 

1- р ангийн сурагч П.ДӨЛГӨӨНПҮРЭВ:

-Би энэ жил нэгдүгээр ангид элсэн орж байгаа. Хичээлдээ сууж үзэх гэж байгаадаа сэтгэгдэл сайхан байна. Ээж маань намайг “Онц сурна аа миний хүү” гэж байнга хэлдэг. Би цэцэрлэгтээ зураг зурж, будаж сурсан. Том болоод өндөр, гоё гоё олон барилгыг барина гэж боддог.


6д ангийн сурагч Т.ЦОЛМОН:

-Сургуульдаа ирж, хичээлийн шинэ жилээр найзуудтайгаа уулзаж, танхимын хичээлд суух гэж байгаадаа маш их баяртай байна. Энэ зун би өөрийгөө хөгжүүлж, математикийн хичээлээ гүнзгийрүүлэн судалж, зусланд амраад өөрийнхөө хувьд үр бүтээлтэй амарсан. Дунд ангид элсэн орж байгаа учраас шалгалтад сайн бэлдэж, хичээл номоо сайн сурах ёстойг гэрийнхэн минь хэлж байгаа. Тиймээс би энэ жил хичээлдээ шамдаж, зураг зурах сонирхлоо хөгжүүлнэ гэж өөртөө амласан.

 

С.УНДАРМАА

Б.СУМЪЯАБАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж