Улсын Онцгой комисс (УОК)-ын Шуурхай штабаас өнөөдөр (2020.09.01) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр есдүгээр сарын нислэгт орсон өөрчлөлтийн талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнгөрсөн удаагийн тусгай үүргийн нислэгийн талаарх мэдээллийг өгөхийн зэрэгцээ есдүгээр сард хийх нислэг тэр дундаа тоо өөрчлөгдсөн тухай мэдээлэл хийнэ. Зарим тусгаарлах байранд өвөлжилтийн бэлтгэл ажил хангах засвар үйлчилгээ зайлшгүй хийх болсны улмаас есдүгээр сарын 9-нд Токио руу хийхээр төлөвлөж байсан тусгай үүргийн нислэгийг гурав хоног хойшлуулж, есдүгээр сарын 12-нд үйлдэгдэх болсныг албан ёсоор мэдэгдье. Энэ талаарх мэдээллийг Элчин сайдын яамаар дамжуулан Японд байгаа иргэдэд түгээж эхэлсэн. Иргэд маань ойлгож хүлээж авна гэж найдаж байна.
Өнгөрсөн хугацаанд бид 66 удаагийн нислэгээр 13.603 иргэнийг эх оронд нь авч ирээд байна. Есдүгээр сард хийх нислэгийн урьдчилсан хуваарийг та бүхэнд танилцуулсан. Шуурхай штабаас тусгаарлах байрны тоог нэмэхээр ажиллаж байгаа. Ийм хүсэлтийг иргэд тогтмол тавьж байна. БНСУ-д коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа учраас тэнд суулт хийж байгаа иргэд өөрсдийн эрүүл мэндэд анхаарахыг хүсье. Түүнчлэн ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо буурсан. Бид ойрын хугацаанд ОХУ-аас ирэх хүсэлтэй болон БНХАУ-аас буцах хүсэлтэй цөөн тооны иргэдийг хилээр нэвтрүүлэх товыг удахгүй зарлана" гэв.
“ИРГЭДИЙН САНААНД ТААРСАН БУУДАЛД ОРУУЛАХ ГЭЖ 08.00 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАЖ БАЙНА”
ЦЕГ-ын Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албаны дарга, хурандаа Н.ЛХАГВАСАЙХАН:
-Өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд нэг хоногт 183 алба хаагч дэглэм сахиулан ажиллаж байна. Улсын хэмжээнд цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны нэгдүгээр сараас хойш 22.075 хүнийг ажиглалтад авч, 291 сэжигтэй тохиолдлыг лабораторийн шинжилгээнд хамруулсан. Улсын хэмжээнд давхардсан тоогоор 64 байршилд 12.936 алба хаагч хамгаалтад үүрэг гүйцэтгэж байна.
Тусгаарлан ажиглах байранд иргэдийг хүлээж авахад нийтлэг зөрчлүүд гарч байна. Жишээлбэл, коронавирусийн шинжилгээ өгөхгүй, байрны орчин бохир, хоол унд муутай, интенэт орчин байхгүй, тав тухгүй байна, хятад эзэнтэй зочид буудалд буудлахгүй, зочид буудал бясаа жоомтой байна, дарга нарт хэлнэ зэргээр төрийн алба хаагчдын ажилд саад учруулж байна. Цаашид ийм зөрчил гаргуулахгүй байх тал дээр арга хэмжээ авах шаардлагатай байна. Сүүлийн үед гадаадаас ирсэн иргэд “Энэ зочид буудалд байрлахгүй” гэж эсэргүүцэх боллоо. Зарим тохиолдолд цагдаагийн алба хаагчид эдгээр иргэдийг санаанд нь таарсан байранд оруулах гэж өглөөний 08.00 цаг хүртэл нойр хоолгүй хүнд нөхцөлд ажиллаж байна. Энэ байдал их чирэгдэл учруулж байна.
Нурсултан-Улаанбаатар чиглэлийн аяллын онгоцоор зургадугаар сарын 10-нд ирсэн дөрвөн иргэн “Вэйнзө” буудалд буухгүй гэж эсэргүүцсэн. Мөн Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор долдугаар сарын 27-нд ирсэн 40 иргэн Баянхангай амралтын газар буухгүй гэж олон цагаар хүлээлгэсэн. Сиатл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор наймдугаар сарын 5-нд ирсэн найман иргэн, “Монголько” амралтын газар, арван иргэн “Сэлбэ ресорт” амралтын газар, Монголын үндэсний дээд сургуулийн дотуур байранд орохгүй гэж эсэргүүцсэн. Хорио цээрийн дэглэмийн үед олон нийтийн газарт нус, цэр, шүлсээ ил задгай хаясан 45.086 иргэн, цахим тоглоомын газар, урлаг, спортын газар ажлуулсан 29, цахимаар худлаа мэдээлэл тараасан 51, бөхийн барилдаан, хурдан морь уралдуулсан 19, жагсаал хийсэн 16, хорио цээрийн дэглэм зөрчсөн 131, тусгаарлах байрны дэглэм зөрчсөн 27, гэрээр тусгаарлах байрны дэглэм зөрчсөн долоон зөрчлийг илрүүлж, нийт 548.7 сая төгрөгийн торгууль шийтгэл ногдуулсан.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ