Монгол Улс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах байранд 21 хоног, гэрийн тусгаарлалтад 14 хоног байлгаж тандалт судалгаа хийж буй. Өнөөдрийн байдлаар нийслэл, орон нутагт нийт 63 байршилд 3488 иргэн ажиглалтад байна.
Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирээд тусгаарлагдаж буй иргэдийн хувьд орчин нөхцлөө голох, эмчилгээ шаардах, эмч асрагч сувилагч нарын шаардлагыг эсэргүүцэх, өрөөгөөр холхих зэрэг зөрчил гаргаж байгаа аж. Энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны мэдээлснээр тусгай үүргийн нислэгээр ирсэн 26 иргэн тусгаарлах байранд орохгүй хэмээн асуудал үүсгэсэн байна. Мөн Ковид-19-ын шинжилгээ өгөхөөс татгалзах, гаднаас эргэлт авах, бусадтай уулзах зөрчил цөөнгүй гаргах болжээ.
Зөрчил гаргасан иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар Эрүүл мэндийн тухай хууль зөрчсөн бол тухайн иргэнийг 500,000 төгрөгөөр торгох юм байна. Хэрэв өвчинтэй байж түүнийгээ зориуд бусдад халдаасан бол Эрүүгийн хуулийн 15.6-д зааснаар 1-5 жил хорих, олон хүнд халдаасан бол 5-8 жил хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Б.ЦЭЦЭГ