Хэдийгээр цар тахлын аюул намжаагүй, дэлхийн олон орон хөл хориотой байгаа ч Монголд уламжлал ёсоор хичээлийн шинэ жил эхэллээ. Хэдэн сар "амарсан" хүүхдүүд өнөөдөр ургах нартай уралдан хичээлдээ явж байгаа нь сайхан. Гэвч, цар тахалтай онцгой нөхцөлд хичээл, сургууль орж байгаа тул БСШУС-ын яамнаас хэд, хэдэн шийдвэр гаргасан. Нэг ангид олон хүүхэд хичээллүүлэхгүй, нээлт хийхгүй, гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээллэх зэрэг шийдвэрийг гаргаснаас гадна сурагчдыг аль болох нийтийн тээврээр зорчуулахгүй байхыг ДЭМБ болон Эрүүл мэндийн яамнаас зөвлөж буй. Харамсалтай нь, энэхүү зөвлөмж амьдрал дээр хэрэгжих боломжгүй билээ. Учир нь, Монголын сурагчид олонх нь автобусаар хичээлдээ явдаг билээ.
Сургуулийн автобусаар хичээлдээ явдаг хүүхдүүд цөөн. Эсрэгээрээ нийтийн тээврээр ихэнх нь хөл залгуулдаг. Иймээс ДЭМБ болон ЭМЯ-ны зөвлөмж амьдрал дээр хэрэгжих бараг боломжгүй гэхэд болно.
Цэцэрлэгийн хүүхдүүдийг эцэг эхчүүд нь хувийн машинаараа зөөж болно гэхэд Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг 250 сургуулийг бүгдийг нь сурагчдын автобустай болгохгүй бол хүүхдүүд нийтийн тээврээр хичээлдээ явахаас өөр сонголтгүй.
Нэг үеэ бодвол сургуулиудыг автобустай болгоход анхаарах болсон. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн хоёр сар гаруйн хугацаанд нийслэлийн 33 чиглэлд 40 орчим автобусыг туршилтаар үйлчилгээнд нэвтрүүлсэн ч энэ нь хангалтгүй үзүүлэлт юм. Энэ жил ч бас есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн эхний ээлжийн 40 автобус хүүхдүүдэд үйлчлэх аж.
Улмаар энэ онд багтаан хүүхдийн автобусны тоог 200 болгож нэмэгдүүлснээр хотын төвийн алслагдсан бүс нутаг, захын хороололд суралцдаг хүүхдүүдэд хүрч үйлчлэх боломжтой хэмээн албаны хүмүүс үзэж байгаа юм. Эцэг эхчүүдийн хувьд сургуулийн автобус нийтийн тээвэртэй харьцуулахад эрсдэл бага ч хувийн машинтай хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгнө гэх байр суурийг илэрхийлж байв.
ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ ХИЧЭЭЛД НЬ ХҮРГЭЖ ӨГӨХ НЬ ИЛҮҮ АЮУЛГҮЙ НАЙДВАРТАЙ
Иргэн Н.ЭРХЭМБААТАР:
-Сургуулийн автобусаар зөвхөн хувийн сургуульд суралцдаг хүүхдүүд зорчдог болохоос биш улсын сургуульд сурч байгаа хүүхдүүд үйлчлүүлж чаддаггүй. Сургуулийн автобус хүрэлцээтэй байлаа ч хувийн машинтай хүүхдээ сургуульд нь хүргэж өгнө. Энэ нь халдварт өвчний эрсдэлтэй үед хамгийн аюулгүй гэж боддог. Нийтийн тээвэртэй харьцуулахад сургуулийн автобус эрсдэл бага ч эцэг эх нь хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх нь илүү найдвартай бас аюулгүй.
Иргэн Б.ТУУЛ:
-Нийтийн тээвэртэй харьцуулахад сургуулийн автобус эрсдэл бага. Гэсэн ч автобус хүрэлцээгүй үед нийтийн тээврээр зорчихоос өөр аргагүй нөхцөл байдал үүснэ шүү дээ. Цар тахлын үед хичээл, сургууль орж байгаа энэ үед хувийн машинтай хүүхдээ хичээлд нь хүргэж өгөх нь хамгийн аюулгүй.
Иргэн н.АЛТАЙ:
-Нийтийн тээвэр, сургуулийн автобуснаас илүүтэй хувийн машинтай хүүхдээ хичээлд нь хүргэж өгөх хамгийн аюулгүй. Эцэг эх нь өөрсдөө хүүхдээ хичээлд нь хүргэж өгч, орой нь авах болохоор санаа зовох асуудалгүй. Сургуулийн автобус хэзээ ирэх бол, автобусандаа амжиж суусан болов уу үгүй бол автобус хүлээж байгаа юм болов уу, хаана явж байгаа бол гээд санаа зовох асуудал их. Дунд ангийн хүүхэд биеэ даасан болохоор нийтийн тээврээр зорчих нь аюулгүй байх. Бага насны хүүхэдтэй бол эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ машинтай хичээлд нь хүргэж өгөх нь аюулгүй.
ИРГЭН Ч.ЭНХЖАРГАЛ:
-Сургуулийн автобус хүрэлцээтэй бол заавал машинтай хүүхдээ хичээлд нь хүргэж өгөхгүй. Хувийн машинтай хүүхдээ сургуульд нь хүргэж өгье гэхэд түгжрэлд сургууль, ажлаас хоцордог. Нийтийн тээвэртэй харьцуулахад сургуулийн автобус найдвартай бас эрсдэл бага. Гэхдээ сургуулийн автобус хүрэлцээгүй байна. Цөөн хэдэн автобус нь хувийн сургуулийнх л байдаг юм билээ. Улсын сургуульд сурдаг хүүхдүүд сургуулийн автобусаар зорчих нь ховор шүү дээ.
Иргэн У.ЖАРГАЛСҮРЭН:
-Эцэг эхчүүд хувийн машинтай хүүхдээ хичээлд нь хүргэж өгсөн нь илүү дээр болов уу. Боломжгүй бол аль болох сургуулийн автобусаар л хүүхдүүд зорчих хэрэгтэй. Гэхдээ алслагдсан бүс нутагт амьдарч байгаа хүүхдүүд байгаа шүү дээ.
Сургуулийн автобус хүрэлцээгүй үед хүүхдүүд маскаа зүүгээд нийтийн тээврээр зорчихоос өөр сонголт байхгүй. Миний хувьд хүүхдийн маань сургууль гэртэй ойрхон болохоор өөрөө хүргэж өгдөг. Шаардлагатай тохиолдолд хувийн машинтай хүүхдээ хүргэж өгнө.
Эцэг эхчүүдийн хувьд ийн ярьж байна. Харин дунд, ахлах ангийн сурагчдын хувьд голдуу нийтийн тээврээр хичээлдээ явдгаа хэлж байгаа юм. Ямар ч байсан сурагчдыг нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй байх гэсэн ЭМЯ зөвлөмж Монголын нөхцөлд хэрэгжих боломж багатай харагдаж байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ