Виз гаргана гэсэн залилан буурч, ажилд оруулна гэх залилан нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.09.01-нд нийтлэгдсэн

Виз гаргана гэсэн залилан буурч, ажилд оруулна гэх залилан нэмэгджээ

Виз гаргана гэсэн залилан буурч, ажилд оруулна гэх залилан нэмэгджээ

Эцэг, эхчүүд хүүхдээ сайн сургуульд оруулж, дараа нь тогтсон ажилтай, товлосон цалинтай, сайхан амьдруулахыг зорьдог. Гэвч бусдын энэ хүсэлд тулгуурлан залилан үйлдэх тохиолдол их гарч байна. Цагдаагийн байгууллагаас залилангийн гэмт хэрэг өдөр бүр нэмэгдэж, арга заль нь улам бүр нарийсч байгаа тул энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг уриалж “Ятгах тусам нягтал” аяныг ч эхлүүлээд буй. Гэвч залилангийн гэмт хэрэг дорвитой буурахгүй байна. Он гарснаас хойш 2345 залилангийн гэмт хэрэг бүртгэгдээд байна. Залилангийн гэмт хэргийн төрөл улирлаа даган хувьсан өөрчлөгдөж, арга мэх нь улам нарийссаар байна.

Нэг хэсэг виз гаргаж өгөх нэрийдлээр бусдаас их хэмжээний мөнгө залилдаг байсан бол хил хааснаас хойш энэ төрлийн залилан эрс багасчээ. Харин залилан үйлдэж амьжиргаагаа залгуулдаг хүмүүсийн арга нарийсч, цаг үе, улирал бусдын хүсэл, хэрэгцээнд тулгуурлан төлөвлөгөөгөө боловсруулдаг болсон аж.

Тухайлбал, хаврын улиралд бакалаврын диплом гаргаж өгнө гэх нэрийдлээр бусдаас их хэмжээний мөнгө залилдаг бол өвөл шинэ жилийн гоёлын даашинзны захиалга авна, урьдчилж мөнгөө шилжүүлээрэй, цагаан сараар ууц өвчүү чанана, эхлээд мөнгөө шилжүүлээрэй гээд ууц, өвчүү нь мөнгөтэйгөө алга болдог байна. Харин намар сайн сургууль, цэцэрлэгт оруулж өгнө, хүссэн ажилд нь оруулж өгнө гэж хэлээд 2-10 сая төгрөг залилах болжээ.

Тиймээс энэ төрлийн залилангаас урьдчилан сэргийлж эцэг, эхчүүд өөрийн биеэр тухайн сургууль, цэцэрлэгийн удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзаж, ном журмын дагуу ажил төрлөө амжуулахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Мөн энэ улиралд хичээл сургууль эхэлж, хөдөө орон нутгаас оюутан залуус ирэхтэй зэрэгцэн түрээсийн байрны эрэлт нэмэгддэг. Энэ эрэлтийг ч залилагчид ашиглах болжээ. Ингэхдээ тухайн байрны бичиг баримт буюу ордерыг хуурамчаар үйлдээд, өөрийн байр гэж итгүүлээд хэд хэдэн хүнд дамлан түрээсэлдэг байна. Мөнгөө шилжүүлж, төлбөр тооцоогоо хийсэн хүн байрандаа орох гээд ирэхэд өөртэй нь адил залилуулсан хэд хэдэн хүн ирчихсэн байдаг аж.

Иймд энэ төрлийн залилангаас урьдчилан сэргийлж түрээслэх гэж буй байрныхаа талаар мэдээлэл цуглуулж, СӨХ-тэй уулзаж, түрээслэх гэж буй этгээд тухайн байрны ордер эзэмшигч нь мөн эсэхийг нягтлах шаардлагатай байна. Ингээд нягталсныхаа дараа буюу, ордер эзэмшигч нь мөн байвал, гэрээ байгуулж, цахим үнэмлэхийг нь хуулбарлаж авсны дараа төлбөр тооцоогоо барагдуулах нь зөв юм.

Аль ч төрлийн залиланд ижил төстэй хэд хэдэн шинж тэмдэг байдаг байна. Энэ нь итгэл олох замаар хуурах, мэхлэх, бичиг баримт хуурамчаар үйлдэж, шашин шүтлэгийг нь ашиглах зэргээр залилан үйлдэх юм.

Тиймээс бусдад залилуулж, эдийн засаг, цаг хугацаагаар хохирохоос урьдчилан сэргийлж, аливаа үйлдэл хийхээсээ өмнө сайн нягтлах шаардлагатай байна. Санхүүгийн хямралын үед залилах гэмт хэрэг улам ихсэх магадлалтай учраас иргэн та өөрийн эд хөрөнгөдөө улам хариуцлагатай, харам байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж