"Хүүхдүүдтэйгээ уулзана гэхээс сэтгэл үнэхээр догдолж байна"

Хуучирсан мэдээ: 2020.09.01-нд нийтлэгдсэн

"Хүүхдүүдтэйгээ уулзана гэхээс сэтгэл үнэхээр догдолж байна"

Өнөөдөр есдүгээр сарын 1.  Долоон сар хөл хориотой байсан сургууль, цэцэрлэг хөл хөдөлгөөн, дуу шуугианд дарагджээ.  Хүүхдүүдээ хүлээн авсан багш нар аз жаргалаар бялхаж байна.

Оньсыг тайлах эрдмийн үүдийг нээж өгч та

Оюун гийлгэм нээлттэй замыг зааж өгч та

Оройд дээдлэм ардын багш таны

Ойд шингээсэн баатар сүрийг магтъя...  гэсэн энэ сайхан дууг монголчууд сайн мэднэ.

Ингээд Монголын мянга, мянган багш нарын нэг Г.Амаржаргалтай ярилцсанаа хүргэе. Тэрбээр сургуулийн өмнөх боловсролын салбарт тасралтгүй 23 дахь жилдээ ажиллаж байна. Сүүлийн зургаан жилд хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд эрхлэгч, аргазүйчээр ажилласан бөгөөд одоо “Төгөлдөр хүүхдүүд” цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаа юм. Түүнчлэн бага насны хүүхдийн сэтгэл судлаач мэргэжлээр 2008 онд Монгол Улсын багшийн их сургуулийн сургуулийн өмнөх боловсролын салбар сургуулийг дүүргэжээ. Дараа нь 2011 онд Монгол Улсын Боловсролын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна.

Та сурган хүмүүжүүлэх салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай  багш хүн. Сургуулийн өмнөх насныхны, тодруулбал, цэцэрлэгээс хүүхдийн хүмүүжлийн эхлэл тавигддаг гэдэг. Энэ насныхантай ажиллахдаа юуг анхаардаг вэ?

-Би цэцэрлэгийн багшаас гадна бага насны хүүхдийн сэтгэл судлаач мэргэжилтэй учраас хүүхдүүдийг өөртөө итгэх итгэл, бие хүн болж төлөвших, өөрөө өөртөө үйлчлэх чадвар бусдад өөрийгөө илэрхийлэх гэсэн дөрвөн чадварт голчлон анхаарч ажилладаг.

Ерөнхий боловсролын сургуулийн багш нар академик мэдлэг олгох, заах тал дээр илүү анхаарч ажилладаг бол цэцэрлэгийн багш хүүхдүүдийг хүн болгох суурь хүмүүжлийг тавьдаг.

Тухайлбал, дөнгөж хоёр настай хүүхдүүдэд хүнтэй хэрхэн мэндлэх, яаж бие засах, хувцсаа хэрхэн эвхэж, хураах зэрэг дарааллыг заадаг учаас эхлээд тухайн хүүхдийн хувь хүний хүмүүжилд илүүтэй анхаардаг гэсэн үг. Улмаар хүүхэдтэйгээ бүрэн танилцаад, дотно харьцаад ирэхээр хүүхдүүд аяндаа хэл яриа нь хөгжиж, сайжирдаг. Бага насны хүүхдийн нэг онцлог нь хэл ярианы хөгжил нь оюун ухаан болон бусад хөгжлүүдээ удирдаж, урд нь гарч хөтөлж явах ёстой. Тиймээс хүүхдийг зөв ярихад илүүтэй анхаардаг.

-Таныг анх багш болж байх үеийн сурагчдыг өнөөгийн сурагчидтай харьцуулахад сурах арга барил, зан төлвийн хувьд хэр ялгаатай болсон бол?

-Намайг анх багш болж байхад хүүхдүүдийн цэцэрлэгт орох нас өөр байлаа. Тухайн үед яслийн бүлэгт 1.8-3 нас хүртэлх хүүхдүүд, 3-7 насны хүүхдүүд цэцэрлэгт, долоон настай хүүхэд сургуульд ордог байсан. Хүүхдүүд яслиар дамждаг байсан учраас цэцэрлэгт харьцангуй өөрөө өөртөө үйлчлэх, өөрийгөө илэрхийлэх чадвартай болж орж ирдэг байсан. Долоон настай хүүхдүүдийг төгсгөөд сургуульд оруулахад одоогийнхоос нэг насаар ах гэдэг чинь хамаагүй биеэ даасан байсан. 

Бидний өгдөг мэдлэгийн хүрээ ч гэсэн бэлтгэл бүлэгт академик түвшин рүүгээ буюу сургуулийн хичээлийн програмттай ойролцоо байсан. Одоогийн нэгдүгээр ангийн программын 70-80 хувийг бид цэцэрлэгт эзэмшүүлээд, сургууль руугаа оруулдаг байсан гэсэн үг. 2004 оноос хойш “Цөм хөтөлбөр” гарч, зургаан настай хүүхдүүдийг сургуульд оруулж эхэлснээс хойш харьцангуй цэцэрлэгийн программ болон нэгдүгээр ангийн хичээлийн агуулга хөнгөрсөн. Яслиар дамжин цэцэрлэгт орж байгаа хүүхэд, шууд эцэг эхийн гараас цэцэрлэгт орж байгаа хүүхдүүдийн хооронд чанарын маш их ялгаа бий.

ХҮЧИЙГ ХҮЧЭЭР ДАРАХ БИШ ХҮЧИЙГ АРГААР ЗОХИЦУУЛНА ГЭХ АРГЫГ ЦЭЦЭРЛЭГТ  БАРИМТАЛДАГ

Тухайлбал зан араншин, дадал хэвшлийн хувьд уу?

Тийм ээ. Намайг 1997 онд багш болж байх үед залуу гэр бүл буюу нэг айл дунджаар 3-4 хүүхэдтэй байсан. Гэтэл одоо дунджаар 1-2 хүүхэдтэй байна. Тиймээс айлын ганц хүүхэд маш эрх танхи, олон том хүнээр бөөцийлүүлээд сурсан, бие даах, бүгдийг захиран дийлэх, бүгдийг өмнөө сөгдүүлэх сонирхолтой байдаг. Хүүхдүүдийн энэ онцлогийг багш нар маш сайн анхаарч ажиллах ёстой. Би ч гэсэн залуу багш нартаа хүүхэд бүрийн онцлогийг анхаарч ажиллахыг захидаг.

Ер нь хүүхдүүдийн хамгийн ээдрээтэй нас нь гурван нас. Учир нь бүх юмны төв бол би, бүх зүйл надад захирагдах ёстой, бүх өмчийн эзэн би гэсэн өөр дээрээ төвлөрсөн анхны сэтгэцийн хямрал явагдаж байдаг.

Ийм онцлог насан дээрээ эцэг эхдээ тахин шүтэгдсэн олон хүүхэд цэцэрлэгт орж ирдэг. Хүүхдүүд хичнээн эрх танхи, зөрүүд байсан ч гэсэн хүчийг хүчээр дарах биш, хүчийг аргаар зохицуулна гэх аргыг цэцэрлэгт баримталдаг.

-Хүүхдийг хайрлах сайхан сэтгэлтэй хүн л сайн багш болдог болов уу. Таны хувьд багш хүнд зайлшгүй байх ёстой чанар гэвэл…?

Миний бодлоор багш хүн мэдлэг, сэтгэл, эмх цэгцтэй байх ёстой юм болов уу. Цэцэрлэгийн багш  орчин үеийн хүүхдүүдийн сэтгэл судлал, залуу гэр бүлийн сэтгэл судлалын талаарх мэдээллүүдийг өөрийн олж авч болох бүхий л сувгаас уншиж, тархиа байнга цэнэглэж хөгжих ёстой. “Хүн хийх аргаа олно. Хийхгүй хүн шалтаг олно” гэдэг үг байдаг. Тиймээс цэцэрлэгийн багш 20 хүүхэд орж ирээд уйлж байхад ямар нэгэн шалтаг тоочих боломжгүй.

Олон янзын сэтгэл зүтгэлтэй хүүхдүүдийг миний хүүхдээс ялгаагүй гэх сайхан сэтгэлээр хандаж байж сайн багш болно. Хүүхдийг ялгаж үзэлгүй хөрөнгө мөнгө, сурлага, өмссөн зүүснээр нь ялгах эрх багшид байх ёсгүй.

Манай ангийн­хан ээж, аавдаа хэлдэг­гүй нууцаа ирж хэлдэг байлаа. Амьдралдаа тохиосон нарийн нандин бүхнээ ярина шүү дээ. Харин хамгийн сүүлд эмх цэгцтэй байх нь цэцэрлэгийн багшийн хувьд их чухал дадал. Тиймээс гоё сайхан хувцаслах хэрэгтэй. Тэр бүү хэл гар хурууныхаа зангааг хүртэл бодож байх ёстой. Цаашлаад яривал хэт дэл сул үг хэлж болохгүй. Учир нь хүүхэд багшийгаа даган дуурайдаг. Багш хүн хүүхдийн өмнө толь л гэсэн үг. Хүүхэд гэр бүл, цэцэрлэг, багшийн толь. Хүүхэд нүдээр харж байгаа мэдээллийн 85-90 хувийг авч буцаагаад 70-80 хувийг өөрийн биеэр үйлдэж гаргадаг.

САЙН ГЭЖ ДАНДАА МАГТУУЛДАГ ХҮҮХДҮҮД ХАМГИЙН ЭХНИЙ БЭРХШЭЭЛ ТУЛААД ИРЭХЭД Л ШАНТАРДАГ

-Та 20 гаруй жил багшилжээ. Хүүхдүүдэд, аав, ээжүүдэд үүнийг л сануулаад хэлэхсэн гэсэн үг бий байх?

Одоогийн залуу эцэг эхчүүдэд хандан хүүхдээ битгий тахин шүтээч ээ гэж хэлмээр байна. Хэдийгээр тухайн хүүхэд гэр бүлдээ ганцхан ч гэсэн нийгмийн нэг л гишүүн учраас насан туршдаа хүүхэд байх мэтээр битгий дахин шүт. Мэдээж үр хүүхдээ хайрлалгүй яах вэ. Гэхдээ таван настай хүүхдэд ээж нь хоолыг нь аманд нь хийж, аав нь зурагтын удирдлагыг нь авчирч өгөх жишээтэй. Ийм байж болохгүй. Үнэнийг хэлэхэд тэр хүүхдийн хажууд эцэг, эх нь мөнх наслахгүй шүү дээ.

Эцэг эхдээ тахин шүтэгдсэн, сайн гэж дандаа магтуулдаг хүүхдүүд хамгийн наад зах нь үг дааж сураагүй байдаг. Муу хэлүүлж сураагүй. Сэтгэлийн хатгүй болчихдог юм шиг. Хамгийн эхний бэрхшээл тулаад ирэхэд л шантардаг.

Дандаа магтуулаад арван жил болчихоор амьдрал тэр чигтээ тийм дардан байх шиг сэтгэдэг. Тиймээс тухайн насанд нь мэдэх, хийх  ёстой зүйлийг нь хийлгэж, насанд нь тохирсон бэрхшээлийг даван туулуулж сургах хэрэгтэй. Гутлаа үдэж чадахгүй байна гэдэг нь хоёр настай хүүхдийн хувьд бэрхшээл. Үдээсийг нь үдэж өгөх биш хэрхэн үдэхийг зааж өгөөд, хамтарч хийхэд долоон хоногийн дараа үдээсээ үдээд сурах нь тухайн хүүхдийн хувьд чадвар болж сууна гэсэн үг. 

Үүнээс гадна хүүхэд хэл яриагаараа юу хүсч, юу хиймээр байгаагаа чөлөөтэй илэрхийлдэг байх нь чухал.  Монгол хүүхдүүд ой зургаан сартайгаас нь эхлэн хэлд орж эхэлдэг. Ганганах, гунганах авиаг найман сартайгаасаа эхэлж гаргаж эхэлсэн үеэс эцэг эхчүүд хэт бөөцийлсөн эвийлсэн энхрийлсэн аялгуудыг орхиж, үгээ цэвэр тод ярих ёстой.

Бүтэн нэрээр нь нүд рүү нь харж байгаад дуудах, үгээ цэвэр тод хэлэх нь хүүхдийн хэл яриаг хөгжүүлж байгаа эх хэлний орчинд дасгаж байгаа байдал. Хүүхдээ эрхлүүлж байна гээд хэлээ хазаж ярих нь хүүхдийн хэл ярианы хөгжлөөс хойш татдаг.

Эцэг эхчүүд манай хүүхэд угаасаа ингэж ярьдаг гэлцдэг. Гэтэл буруу авиа зүйд дасал болсон хүүхэд буцаагаад илэрхийлж гаргаж байгаа хэлбэр нь л тэр.

Хэцүү хүүхдийг зөв, сайн хүн болгоход багшийн нөлөө их болов уу?

-Маш их. Багш гэдэг өнцгөөс дээрээс нь харж биш, яг зэрэгцэж сууж байгаад илэн далангүй ярилцдаг. Өчнөөн жишээ авч ярина. Гэр бүлтэйгээ ч холбож ярина. Тэгээд итгэл өгдөг. Тийм хүүхдүүдэд итгэл өгөхөөр хүний итгэлийг алдахгүйн төлөө ямар их сэтгэл гаргаж хичээдэг гэж санана. Гэтэл тийм хүүхдүүдэд ихэнх хүн итгэдэггүй шүү дээ. Итгэл дааж амьдарна гэдэг эрхэм дадлыг би хүүхдүүдээсээ авсан. Дээд сургууль төгсөн төгст­лөө хүний итгэлийг дааж амьдрахын утга учрыг бараг мэддэггүй байсан гэхэд хилс­дэхгүй. Багш болоод л итгэл ямар чухал гэдгийг ойлгосон. Хүний итгэлийг дааж амьдрахсан гэсэн хүслээ амьдралынхаа зарчим болгосон.

-Та мартагдашгүй есдүгээр сарын 1-нийхээ дурсамжаас хуваалцахгүй юү?

Надад хичээлийн шинэ жилтэй холбоотой мартдаггүй гурван дурсамж байдаг. Эхнийх нь 1997 оны есдүгээр сарын 1-ний өдөр анх яслийн бүлгийн туслах багш болж байсан үе. 24 цагийн цэцэрлэгт хөхнөөсөө ч гараагүй ой найман сартай хүүхдүүдийг ээж, ааваас нь авч үлдэж байлаа. Тухайн үед би өөрөө ч бага залуу, хүүхдүүд маань ч жоохон учраас зэрэгцэж уйлахаа л шахсан (инээв).  

Дараа нь 2004 оны есдүгээр сарын 1-нд бүлгийн багш болоод хамгийн анх анги дааж авч байсан. Анх удаа намайг багшаа гэж дуудсан, багш болгосон хүүхдүүд. Цэцэрлэгийн багшийн нэг онцлог нь хүүхдүүдийн эрүүл мэндийг эцэг эхээс 100 хувь дааж хүлээж авч үлддэг болоод ч тэр үү их сандарч байснаа тод санадаг. Сүүлийнх нь 2017 оны хичээлийн шинэ жил буюу “Төгөлдөр хүүхдүүд” цэцэрлэг шинээр нээгдэж байсан үе. Хөл хорионы улмаас долоон сар хүүхдүүдээ хараагүй. Тэднийгээ мэдээж маш их санаж байна. Өнөөдөр харна гэхээс сэтгэл их хөдөлж байна.

 Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж