“Хорвоогийн хамгийн гоё мэдрэмжийг театраасаа олж авдаг” | News.MN

“Хорвоогийн хамгийн гоё мэдрэмжийг театраасаа олж авдаг”

“Хорвоогийн хамгийн гоё мэдрэмжийг театраасаа олж авдаг”

“Хорвоогийн хамгийн гоё мэдрэмжийг театраасаа олж авдаг”

Улсын драмын эрдмийн театр хэмээх их айлыг зорин очлоо. Учир нь драмын урлагийн шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулах "Гэгээн Муза-15" олон улсын театрын наадмын шилдгүүд наймдугаар сарын 30-ны үдэш тодорсон билээ. Тэдний нэг нь тус театрын залуу жүжигчин Б.Золзаяа юм. Тэрбээр Бүсгүйн зурвас” жүжгийн Итгэлийн дүрээр “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагналыг хүртээд буй.

Бүжгийн бэлтгэлтэй байсан жүжигчин бүсгүй түр завсарлагааны үеэр цаг гарган бидэнтэй ярилцлаа. Драмын театрын уран бүтээлчид “Анна Каренина” жүжгийн нээлтээ аравдугаар сард хийхээр төлөвлөж байгааг дуулгав.


 Анхны гол дүрээрээ “Гэгээн муза-15” наадмын “Шилдэг эмэгтэй гол дүр” шагналыг хүртлээ. Уран бүтээлч хүний хувьд их бэлгэшээлтэй явдал болж байна. Уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе?

-Та бүхэндээ маш их баярлалаа. Өчигдөр амьдралын минь хамгийн сайхан мөчүүдийн нэг байлаа. Би маш их догдолж, уйлсан байна лээ. Тэрхэн агшинд юу юугүй нулимс урсаад, уйлаад л байсан.

-Тайзан дээр гарч ирэхдээ л баярын нулимс унагаж харагдсан шүү дээ?

-Тэгсэн. Үнэхээр их баярласан. Тухайн үед сэтгэлээ баръя гэж бодсон боловч цаанаасаа өөрийгөө барьж дийлээгүй. Үгээр хэлшгүй сайхан мэдрэмж байдаг юм байна. Драмын урлагийнхаа төрөлд “Шилдэг эмэгтэй гол дүр”-ээр шалгарсандаа туйлын их баяртай байна.

-Өмнө нь 2018 онд “Гэгээн муза-14” наадмын “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагнал авч байсан санагдана?

-Тийм. Би театрын студи ангид байхдаа анх Ч.Түвшин найруулагчийн “Жаргаагүй нар” жүжгийн Борчулууны дүр дээр ажилласан. Дараа нь Б.Хишигзаяа найруулагчийн найруулсан “Царцаа намжил” хүүхдийн жүжгийн хулгайч эмгэний дүрд тоглосон. Тэр дүрээрээ хоёр жилийн өмнө “Гэгээн муза” наадмаас “Шилдэг туслах эмэгтэй дүр”-ийн шагнал авч байсан юм.

-Анх “Бүсгүйн зурвас” жүжгийн Итгэлийн дүрд тоглох болсон тухайгаа ярихгүй юу?

-Энэ удаагийн “Гэгээн муза-15” наадмаар “Бүсгүйн зурвас” жүжгийн Итгэлийн дүрээр  шагнал авлаа. Бид жүжгээ бусаддаа уншиж танилцуулдаг юм. Н.Наранбаатар найруулагч 17 дугаар өрөөнд “Шинэ жүжгээ хэн уншиж танилцуулах вэ” гэхэд нь “Би уншъя” гээд л хэлчихсэн. Тэгээд зохиолоо уншиж дуусч, дүр танилцуулахад найруулагч маань туслах дүрүүдээс эхлээд л шалгарсан жүжигчдийн нэрсийг хэлсэн. Гэтэл хоёр гол дүр үлдэж “Архайгийн дүрд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ” гэлээ.

Удалгүй “Эмэгтэй гол дүрд залуу жүжигчин Б.Золзаяа” гэсэн. Энэ бол надад маш том итгэл хүлээлгэж буй хэрэг л дээ. Би театрт хоёр жилийн дараа жинхлэгдээд удаагүй байсан юм. Надад ийм том итгэл, үүрэг даалгаврыг өгч, амжилтад хүргэсэн  Н.Наранбаатар найруулагчдаа маш их баярлалаа. Итгэлийн дүр дээр ажиллахад надад маш олон хүн зөвлөж, тусалж дэмжсэн. Тэгж байж гэмээн би дүрээ гаргаж ирж чадсан. Энэ дүрдээ хэр сайн тоглосноо одоо ч хэлж мэдэхгүй байна. Сэтгүүлч бүсгүйн дүр шүү дээ. Алдаа, оноо олон бий.

-Багш нь “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ээр шалгарсан бил үү?

-Тэгсэн. “Бүсгүйн зурвас” жүжгээрээ багштайгаа дарааллаад шагнал авлаа. Хүндэлж явдаг мундаг жүжигчин Б.Жаргалсайхан ах маань бас “Шилдэг эрэгтэй гол дүр”-ээр тодорсон. Би өөрийгөө энэ эрхэм хүндтэй шагналыг авна гэж төсөөлөөгүй байсан. Тэгсэн чинь “Бүсгүйн зурвас” жүжгийн Итгэлийн дүрээр Б.Золзаяа” гэсэн чинь тэрхэн зуурт бараг ухаан алдах шахсан. Яг тайзан дээр гарсан чинь харанхуйлаад, сэтгэл хөдөлсөн байсныг хэлэх үү үгээр хэлж, үзгээр бичимгүй сайхан байсан.

-Ер нь энэ удаагийн “Гэгээн муза-15” олон улсын наадамд залуу уран бүтээлчид хүч түрэн орж байна уу даа?

-Энэ жилийн “Гэгээн муза” залуу уран бүтээлчдэд түлхүү урам зориг өгсөн наадам болж өндөрлөлөө. Даршрамд, “Гэгээн муза” академийнхандаа маш их баярлалаа. Уран бүтээлчдийнхээ зүрхийг омогшуулж, зоригийг хурцалж өгсөн сайхан наадам зохион байгуулж буй Ардын жүжигчин С.Сарантуяа тэргүүтэй мундаг уран бүтээлчдэдээ баярлаж, талархсанаа илэрхийлье.

-Чиний хувьд яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ?

-Миний түүх бусдын адил л даа. Гэхдээ би хүүхэд байхдаа сэтгүүлч мэргэжилтэй болохыг хүсдэг байсан. Тэгсэн арваннэгдүгээр ангиа төгсч, шалгалтаа өгсөн чинь миний хүссэн хуваарь надад олдоогүй. Тэгээд нөөц хувилбар болох жүжигчин мэргэжилтэй болохоор шийдлээ. Ховд аймгийн театрын жүжигчин н.Болормаа гээд эгч маань “Соёл урлагийн их сургуулийн ур чадварын шалгалт хоёр долоо хоногийн дараа эхлэх юм байна. “Чи ороод үзэх үү” гэхээр нь тэр эгчийгээ дагаад хотод ирлээ. Тэгээд Гавьяат Л.Дэмидбаатар багштай уулзаж, хоёр хоног бэлтгэл хийсний үр дүнд их сургуульдаа тэнцсэн.

Тэгээд л “Энэ миний хувь тавилан юм байна” гэж бодох болсон. Их сургуульд суралцаж байхдаа өөрийгөө дайчилж, тэмцээн уралдаанд амжилттай оролцдог байсан. Мөн оюутнуудын дунд зохион байгуулдаг “3/27” наадмаас шилдэг эмэгтэй гол дүр авч байсан юм. Тэр үеэр Улсын драмын театрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Отгонбат ах “Чи драмын театрт шалгалт өгөөд үзээрэй” гээд гараад явсан. Би театрт орохоор шалгалт өгч, хамгийн бага оноогоор тэнцэж байсан. Нийтдээ 10 хүүхэд шалгалт өгөхөд би хамгийн бага 0.1 оноогоор тэнцсэн. Хоёр жилийн хугацаанд хамгийн өндөр оноог авч театртаа жүжигчнээр ажиллах болсон. Миний хадаг барьсан багш бол Гавьяат жүжигчин  Г.Урнаа багш маань юм.

-Анх Улсын драмын эрдмийн театрын босгыг алхаж ороход ямар мэдрэмж төрж байв?

-Миний хувьд Соёл урлагийн их сургуулийг дөрвөн жил суралцахдаа маш их зүйлийг сурсан. Театрт жүжигчнээр орсноор 100 дахин их зүйлийг сурсан. Теарт байгаа хүмүүс өөрийгөө л олж авч, урлагийн мөн чанарыг олж авдаг гэж боддог. Миний хувьд хорвоо ертөнцийн хамгийн гоё мэдрэмжийг театраасаа олж авдаг.

Би анх театр орохдоо хоёр эмэгтэй найзтайгаа ирж байсан. Тухайн үед театрынхаа хаалгаар анх орохдоо сүрдмээр айдас мэдэрсэн. Тайзан дээрээ хөлөө тавихаас айж, хөл чичирч байлаа. Театрт жүжигчнээр тэнцэхээсээ өмнө тайзан дээр нэг ч удаа гарч үзээгүй. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд надад тийм боломж гараагүй.

-Бидэнд гэр бүлээ танилцуулж болох уу. Урлагийн хүн бий юу?  

-Манай удам судар, хамаатан садан дунд нэг ч урлагийн хүн байхгүй. Би ганцаараа урлагийн замыг сонгосон. Хүний хувь тавилан гэдэг зөв зам руу хөтөлдөг гэдэг нь үнэн байх. Хүн өөрийнхөө дуртай ажлаа хийгээд явахаар маш их аз жаргалтай байдаг юм байна.

Би аав, ээж, эгчтэйгээ амьдардаг. Миний хувьд одоо тусдаа бие даагаад амьдарч байна. Найз залуу маань Япон улсад суралцдаг. Ээж минь намайг үргэлж дэмжиж тусладаг бол аав минь намайг их хурцалж өгдөг.

-Аав, ээж нь “Гэгээн муза-15” наадмыг зурагтаар үзэж чадсан уу?

Чадаагүй. Аав, ээж минь хөдөө байж байгаад өчигдөр хотод орж ирсэн. Охиныгоо шагнал авах мөчийг харж чадаагүй ч охиндоо баяр хүргэж, үнссэн.

аны хувьд тайз, дэлгэцнээ ямар дүр бүтээхийг хүсч байна вэ?

-“Гэгээн муза-15” наадмын улаан хивсний ёслолын үеэр “Фантастик” продакшны найруулагч Б.Тамир хэлэхдээ “Кино урлаг хүнийг олны танил болгодог бол театр урлаг хүнийг хүн байлгадаг юм” гэж. Энэ үг үнэн юм билээ. Тайзны урлаг, дэлгэцийн урлаг хоёрт  адил талтай байгаа хэдий ч бас их ялгаатай. Мэдээж жүжигчин хүний хувьд аль аль тал руугаа хувирсан уран бүтээлч болохыг хүсдэг. Тиймээс кино урлаг руу нэлээн хүчтэй орохыг хүсч байгаа. Удахгүй дэлгэцийн сайхан уран бүтээлээр дамжуулан уулзах байх.

Уран бүтээлч хүн дандаа дүрээр цангаж, дүр амилуулдаг. Жүжигчин хүний туйлын зорилго бол дүр бүтээх шүү дээ. Тийм болохоор ямар ч дүрийг голохгүйгээр тэр дүрээ хэрхэн амилуулах нь миний үүрэг гэж боддог. Надад ирээдүйд тоглохыг хүсч буй олон сайхан дүр байна.

-Анхны гол дүр учраас айж, сандрах зүйл хэр байв. Ер нь айдсаа хэрхэн давах туулдаг вэ?

-Ер нь их сонин шүү дээ. Бүхэл бүтэн жүжгийн гол дүрд намайг сонгож авна гэдэг. тэр жүжгийн арын алба, бүхий л хүний өмнө маш том хариуцлага  хүлээж байгаа гэсэн үг. Надад үнэндээ алдах эрх байхгүй.

Заримдаа айж, сантрах үед зөндөө гардаг. Тэр бүртээ илүү сайн хөдөлмөрлөж, буруугаа засахыг хичээдэг. Мөн найз нөхөдтэйгөө ярилцаж, ээж, аав болон багшаасаа зөвлөгөө авч тайвширдаг.

Жүжгийн үеэр найруулагчдаа хэр их загнуулав?

-Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид бүтээлээ үзэгчдэд хүргэхийн тулд дотоод, гадаад хяналтаар баталгаажуулж, үзэгчдэд хүрдэг. Миний  хувьд “Бүсгүйн зурвас” жүжгийн үеэр дотоод хяналтандаа ороход хүмүүсийн хэлсэн шүүмжийг Н.Наранбаатар найруулагч уншаад танилцуулахад сэтгэлээр маш их унасан.

Тэгсэн найруулагч Н.Наранбаатар “Чи яагаад ингэж байгаа юм. Би чамаас ийм зүйл хүсээгүй. Чамайг Итгэл гэдэг дүрээр харахыг хүссэн болохоос өөрөөр солиод орж ир гэж хэлээгүй биз дээ” гэж байсан. Найруулагчийн тэр үг зүрх рүү орсон гэж хэлж болно.

-Залуу уран бүтээлч хүнийхээ хувьд өөртөө ямар зорилгыг тавиад байна вэ. Залуустаа хандаж ямар зөвлөгөө өгөх бол?

-Надад нууцхан мөрөөдөл маш олон бий. Эхнийх нь 2021 ондоо багтаж, магистраа хамгаалах зорилгыг тавьсан. Оюуны хөрөнгө оруулалтыг өөртөө хийх зорилгыг тавиад буй.

Би өмнө нь ганц нэг хэвлэлд ярилцлага өгч байсан. Миний хувьд өөрийгөө бусдад үлгэрлэх хэмжээнд хараахан хүрээгүй гэж боддог. Тийм учраас аль болох хэвлэлд ярилцлага өгөхгүй байхыг хичээдэг.  Өөрийгөө бэлэн болсон цагт ярилцлага өгөхийг хүсдэг. Гэхдээ бас тэгж чаддаггүй л юм байна. Миний бодлоор хүн бүрт өөр өөрийн онцлог, авьяас чадвар, давуу талууд байдаг. Энэ бүхнээ зөвөөр ашиглаж амжилтад хүрээрэй гэж хэлье. Залууст маш их боломж байдаг. Тэр болгоныг олж харж, шүүрч авахыг хүсье.

Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-01 113.198.137.165

Улс орон ийм ядуу дорой байхад театр урлаг гээд байлгүй гарч ажил хийж улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулмаар юм аа

Avatar

Зочин 2020-09-01 202.131.245.6

haha

Avatar

зочин 2020-09-01 66.181.166.196

Гэгээн муза, юун олон улсын наадам, урлагийн үзлэг л гэмээр юм

Avatar

Зочин 2020-09-01 202.126.89.205

Юун сүртэй юм Оскарыг олигтойхон ч дууьриаж чадаагүй

Avatar

Зочин 2020-09-01 202.21.108.18

Гавьяат Л.Дэмжидбаатар багш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж