Мэргэжлийн сүмогийн ирэх есдүгээр сарын Аки башёгийн банзүкэ буюу чансаа өчигдөр (2020.08.31) зарлагдаж, Тэрүнофүжи Ган-Эрдэнэ 16 байр ахин маэгаширагийн нэгдүгээрт эрэмблэгдсэн бол Асашёорюү Д.Дагвадоржийн авга дүү, Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ач хүү Хошорюү Сугаррагчаагийн Бямбасүрэн анх удаагаа Макүүчи буюу дээд зиндаанд эрэмбэлэгдлээ. Өдгөө 21 настай тэрбээр ийнхүү дээд зиндаанд барилдах болсноор гадаадын сүмочдоос Макүүчи зиндаанд барилдсан 50 дахь, Монголоос 27 дахь нь болжээ.
Макүүчи зиндааны мэагаширагийн 16-д эрэмблэгдсэн Хошорюү Бямбасүрэн 2018 онд мэргэжлийн сүмод анхны барилдаанаа хийж, үүнээс нэг жилийн дараа 2019 оны арваннэгдүгээр сараас эхлэн жүрёо зиндаанд дэвшин барилдаж эхэлжээ. Тэрбээр өнгөрөгч долдугаар сарын башёд жүрёо зиндааны зүүний зургадугаарт эрэмбэлэгдэн, нийт 15 барилдаан хийж, 10 даван, таван удаа өвдөг шорооджээ.
Хошорюү Бямбасүрэн одоогийн байдлаар мэргэжлийн сүмогийн 16 башёд барилдан 82 давж, 48 удаа өвдөг шорооджээ.
Холбоотой мэдээ