“Сүү” ХК санаачлан Хүнс, Технологийн Политехник Коллежтой хамтран ажиллах хоёр жилийн хугацаатай санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа. Хоёр талын ирээдүйн хамтын үйл ажиллагааг эхлүүлэх энэхүү санамж бичигт “Сүү” ХК-ийг төлөөлөн Гүйцэтгэх захирал М.Мандхай, Хүнс, Технологийн Политехник Коллежийг төлөөлөн Сургалт, хүмүүжил эрхэлсэн захирал Ц.Доржсүрэн нар 2020 оны 8-р сарын 31-ний өдөр тус компанийн байрнаа ёслол төгөлдөр үзэглэсэн юм.
Санамж бичгийн хүрээнд тус коллежийн суралцагч, оюутнуудыг дадлагажуулах, тэтгэлэгт урамшуулал олгох, ажлын байраар хангах, хамтарсан туршилт судалгааны ажлууд гүйцэтгэх, сургалтын стандарт, хөтөлбөр, технологи, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана. Түүнчлэн, суралцагч, оюутан, багш нараа харилцан солилцож дадлагажуулах, туршлага судлуулахаас гадна “Сүү” ХК-ийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтууд хийх зэргээр олон талт, үр дүнтэй үйл ажиллагааг гүйцэтгэх юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь “Сүү” ХК-ийн нийгмийн хариуцлагын тэргүүн зорилтуудын нэг болох үндэсний үйлдвэрлэл, салбартаа чанартай боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, бэлтгэхэд өөрийн хувь нэмрээ оруулах төдийгүй, ирээдүйд сүү, сүүн бүтээгдэхүүний салбарыг авч явах залуу мэргэжилтэн, боловсон хүчнүүдэд олон улсын түвшний мэдлэг боловсрол олгож, чадавхжуулах зорилготой хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал М.Мандхай онцолсон юм.
Холбоотой мэдээ