Анги танхимд байрлах ширээ хоорондын зай 1-1.5 метрийн зайтай. Нэг ангид ойролцоогоор 20-25 хүүхэд хичээллэж, суухаар ширээ сандлыг байршуулжээ. Ширээ болгон дугаартай бөгөөд зөвлөмж наасан харагдана. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд сурагч суусан ширээ сандал дээрээ л сууж хичээллэнэ.
Энэ бол Улсын тэргүүний Нэгдүгээр сургуулийн анги танхим. Багш нар хуралдаж, анги танхимаа янзлаад тун завгүй угтлаа. Учир нь маргааш Есдүгээр сарын 1-ний өдөр. Хичээлийн шинэ жил эхлэхэд нэг хоног үлдээд байна. Өндөржүүлсэн бэлэн байдалд үйл ажиллагаагаа эхэлж буй сургууль, цэцэрлэгүүд сурагчдаа хүлээн авахаар хэрхэн бэлтгэлээ хангаж байгааг сурвалжиллаа.
Сургуулийн үүдээр ормогц 1-1.5 метрийн зай баримтлах шат тэмдэглэгээ байрлуулжээ. Үргэлжлүүлэн шатан дээр энэ тэмдэглэгээг наасан байв. Тус сургуулийн багш нар ангиа дэд бүлэг болгон хувааж, хичээлийн хуваариа гаргаснаа хэлсэн юм.
“АНГИУДАД ҮДИЙН ЦАЙ ТАРААХ ГУРВАН АЖИЛТАН БЭЛТГЭСЭН”
Нэгдүгээр сургуулийн Сургалтын менежер Н.Манлай “Сургуулийн удирдлагын зүгээс Улсын онцгой комисс, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өгсөн түр журмын дагуу бэлтгэлээ хангаж байна. Хотын төвийн зарим сургуулиуд анги дүүргэлт ихтэй буюу нэг анги 50-60 хүүхэдтэй байдаг. Улсын онцгой комиссоос 20+5 хэлбэрээр анги зохион байгуулалтаа хийх шаардлага өгсөн. Тиймээс дунд ангийн 45 бүлэг хоёр хуваагдан, 90 дэд бүлэг болж хичээллэнэ.
Манай сургуулийн хувьд өргөтгөлийн барилга ашиглалтад ороогүй учраас анги танхимын бага зэрэг хомсдол гарч байна. Яамнаас өгсөн зөвлөмжийн дагуу спорт заал, урлагийн танхим, номын санг анги танхимын зориулалтаар ашиглахыг зөвлөсөн. Одоогоор бид бага ангийн сурагчдын спорт заал, урлагийн заалыг сургалтын танхимаар тохижуулахаар хурлаараа шийдвэрлэлээ. Тэр танхимд нэг анги л хичээллэнэ. Хичээлийн завсарлагаанаар багш нар ширээ, сандлыг ариутгаж, арчина. Харин анги танхимын шалыг үйлчлэгч нар арчиж цэвэрлэнэ” гэв.
Мөн тэрбээр сурагчдын үдийн цайнд бэлэн бүтээгдэхүүн өгөхөөр “Талх чихэр”, “Өгөөж” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд үдийн цай тараах гурван мэргэжилтэн гаргаж, томилсон хэмээн хэлсэн юм.
“СУРАГЧИД ШИРЭЭ, САНДЛАА СОЛИХГҮЙ, ГАР БАРИХГҮЙ”
Сурагчид хоорондоо хичээлийн хэрэгслээ солихгүй, суусан сандал, ширээгээ солихгүй байх, хоорондоо гар барихгүй гэх мэт зөвлөмжийг баримтална. Энэ жил өндөржүүлсэн бэлэн байдалд хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлж байгаа учраас хичээлийн шинэ жилийн нээлт хийхгүй. Нэгдүгээр сургуулийн хувьд хичээлийн шинэ жилийн зурагт хуудас өлгөж, сургуулийн захирал цахим хуудсаараа дамжуулан мэндчилгээ дэвшүүлнэ гэлээ.
Нэгдүгээр сургуулийн хувьд 2020-2021 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид шинээр таван бүлгийн 250 хүүхэд элсэн оржээ. Тус сургуульд энэ жил нийт 3900 орчим хүүхэд элсэн суралцана гэдгийг багш нар хэлж байв. Бага, дунд, ахлах ангийн сурагчид долоо хоногийн гурван өдөр, гурван цагаар хичээлтэй. Үлдсэн хоёр өдөр нь онлайнаар хичээлээ үзнэ. Дунд, ахлах ангийн хүүхдүүдийн хувьд гурван өдөр, дөрвөн цагаар хичээлээ судлах юм. Хичээлийн шинэ жилийн эхний сарын хугацаанд зөвхөн бататгах хичээл орно гэж сургалтын албанаас мэдээллээ.
Дараа нь Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийг зорин очлоо. “ОХУ-аас ирсэн багш нар өнөөдөр тусгаарлалтаас гарч байгаа. Одоогоор мэдээлэл өгөх албан тушаалтан, мэргэжилтэн байхгүй байна” хэмээн харуул хамгаалалтын ажилтан хэлсэн юм.
Үргэлжлүүлэн нийслэлийн 143 дугаар цэцэрлэгийн бэлтгэл ажилтай танилцлаа. Багш, ажилчид нь ажилдаа орж, анги танхимаа бэлдэж угтав. “Багш, ажилчид ажилдаа орж, урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг, шинжилгээндээ хамрагдсан. Манай цэцэрлэгийн хувьд нэг ангид 25-28 хүүхэд хүлээн авахаар зохион байгуулалт хийж байна. Манай цэцэрлэгт нийт 604 хүүхэд элсэн суралцсанаас өнгөрсөн жил 172 хүүхэд анги дэвшсэн. Тэр хүүхдүүдийн оронд 3-4 насны хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулж, хоёр настай хүүхдүүдийг багшид элсүүлж байгаа” талаар сургалтын албанаас мэдээлж байв.
“СЭЖИГТЭЙ ТОХИОЛДЛЫГ ТУСГААРЛАХ ХОЁР АНГИ БЭЛДСЭН”
Цааш математикийн гүнзгийрүүлсэн сургалттай нийслэлийн 31 дүгээр сургуульд очлоо. Тус сургуулийн багш нар хуралдан, маргаашийн хичээл эхлэхэд бэлэн эсэх талаар ажлаа төлөвлөж байв.
“Сургуулийн зүгээс өндөржүүлсэн бэлэн байдалд хичээллэх түр журмын дагуу хичээлийн бэлтгэлээ хангаж байна. Манай сургууль нь дунд, ахлах ангидаа 1085 сурагчтай. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд дэд бүлгээр хичээллэхэд анги дүүргэлтээ 18-25 сурагчтай байхаар зохион байгуулсан. Эхний дэд бүлэг өглөө 08.00-11.20 цаг хүртэл, дараагийн дэд бүлэг өдрийн 12.30-16.10 цаг хүртэл хичээллэнэ.
Анги танхимын хувьд бага ангиа нэг давхарын 13 танхимдаа хүлээн авна. Бага ангийн сурагчдын орох, гарах хаалга тусдаа байна. Ахлах, дунд ангийн сурагчид хоёр давхарын 16 анги танхимд хуваагдана. Бас хоёр тусгаарлах өрөө бэлтгэсэн. Мөн группээр ордог хичээлийн танхим, спорт заал, урлагийн заалаа ашиглаж байна. Хичээл хоорондын завсарлагаа таван минут байх бөгөөд энэ хугацаанд бие засах шаардлагатай хүүхдийг нэг нэгээр нь гаргахаар төлөвлөж ярилцсан” талаар тус сургуулийн ахлах ангийн Сургалтын менежер Б.Сувдаа ярьсан юм.
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ