Зөрчлийн оноог хэрхэн тооцох вэ?

Хуучирсан мэдээ: 2016.01.29-нд нийтлэгдсэн

Зөрчлийн оноог хэрхэн тооцох вэ?

-Олгосон 10 оноо дуусвал иргэн таны жолоо барих эрхийг Замын цагдаагийн газраас хязгаарлах юм-

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотой ирэх хоёрдугаар сарын 1-нээс жолооч бүр зөрчлийн 10 онооны багцтай болно.  Өөрөөр хэлбэл жолооны үнэмлэхтэй иргэн бүрийн нэр дээр автоматаар 10 оноо орох юм. Улмаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчих бүрт тодорхой заасан хэмжээгээр тухайн 10 онооноос хасах юм. Хэрэв олгогдсон 10 оноо дуусвал иргэн таны жолоо барих эрхийг Замын цагдаагийн газраас хязгаарлах юм. Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш нэг жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж, мөн зөрчил гаргалгүй хоёр жил өнгөрсөн тохиолдолд зөрчлийн 10 оноог сэргээж урамшуулах юм.  Одоогоор жолооч нарын зөрчлийг хэрхэн тооцох, яаж зөрчлийн оноог нэмж, хасах вэ гэдгийг тодорхойлох тусгай программыг "Интерактив IBI" компани боловсруулж байгаа юм байна. Энэ программ ирэх Даваа гаригт бэлэн болох аж. Ингэж оноо бодох программ ажиллаж эхэлснээр цаашид жолооч нар зөрчлийн оноо, торгуулийн хэмжээ, жагсаалтаа утсандаа тусгай апплэйкшн татаж харах уу эсвэл зөвхөн www.torguuli.mn сайтад хандаж авах уу зэргийг  шийдэх юм. Мөн жолооч нарын зөрчлийн жагсаалт, торгуулийн системийг Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газрын аль нь хариуцан хянах вэ гэдэг ч тодорхой болно.  Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох нь зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, учрах хохирлыг багасгах, жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулахад чиглэгдсэн  байна. Мөн зөвхөн оноо хасах биш зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах асуудлыг ч дээрх хуульд тусгаж өгчээ. Замын хөдөлгөөний дүрэмд 80-аад зөрчил багтсан байдаг бөгөөд эдгээрээс 17 зөрчилд нь онооны систем хамаарсаныг цагдаа нар онцолсон.  Жолоодох эрхээ хасуулсан жолооч нар эрхээ сэргээлгэхийн тулд Цагдаагийн ерөнхий газрын  Лицензийн төвд очиж сургалтад хамрагдан, цахимаар жолооны шалгалт өгнө. Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд холбогдох хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн оноог дараах нэгжээр хасна.

Үүнд:

  • Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид -2 оноо;

  • Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн тээврийн хэрэгслийн жолоодох эрхтэй жолоочид -1 оноо;

  • Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид -2 оноо;

  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн уг этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид -1 оноо;

  • Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон жолоочид -2 оноо;

  • Механикжсан тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолоочид -2 оноо;

  • Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн жолоочид -3 оноо;

  • Зам тээврийн осолд холбогдсон жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй жолоочид -2 оноо;

  • Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй, зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй жолоочид -1 оноо,

  • Гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон жолоочид -1 оноо;

  • Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн тохиолдолд -2 оноо;

  • Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолоочид -2 оноо;

  • Давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолоочид -2 оноо;

  • Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолоочид -3 оноо;

  • Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолоочид -1 оноо;

  • Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолоочид -1 оноог хасах юм байна.

Д.УЛАМБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж