Аврал эрсэн арьс ширний салбар

Хуучирсан мэдээ: 2020.08.31-нд нийтлэгдсэн

Аврал эрсэн арьс ширний салбар

Аврал эрсэн арьс ширний салбар

Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх албан бус лобби бүлэг УИХ-д байгуулагджээ. Тэд Монгол Улсын хөгжлийн гол салбарын нэг мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх, үндэсний баялаг бүтээгчдийг бодлогоор дэмжих зорилгоор нэгджээ. Тун чиг цагаа олсон ухаалаг шийдэл. Цар тахлаас болж улсаараа хэцүүдсэн, уул уурхайгаас өөр доллар олох салбаргүй болсон ийм үед хөдөө аж ахуйгаа амь оруулах зөв санаачилгыг тэд гаргасанд алга ташихаас өөр аргагүй юм.

УИХ-д байгуулагдсан лобби бүлгийн хувьд анхааралдаа авах ёстой хэдэн асуудал байна аа. Монголчууд бид малын амьсгалаас бусдыг нь ашиглаж, буянт мал минь гэж шүтэж ирсэн. Гэтэл одоо ёстой л буянаа барна гээч нь болж байх шиг. Ганцхан жишээ татахад л малын арьс шир үнэгүйдэж, хог болжээ.

Монгол Улс жилд дунджаар бог, бод нийлээд 16 сая арьс бэлтгэдэг гэсэн статистик бий. Үүний 20 орчим хувийг нь л үндэсний үйлдвэрлэгчид боловсруулж, бүтээгдэхүүн хийдэг. Өөрөөр хэлбэл Монгол Улс нийт бэлдсэн арьс ширнийхээ хорьхон хувийг чулуу болгодог гэсэн үг. Үлдсэн 80 гаруй хувьд нь анхан шатны боловсруулалт хийж, Хятад руу экспортолдог байна. Гэтэл анхан шатны боловсруулалт хийдэг компаниуд нь бултаараа хятад эзэнтэй. Энэ шатны боловсруулалт хийхэд зарцуулах мөнгө ч Монголд шингэдэггүй гэчихэд хэтрүүлсэн болохгүй.

Шуудхан хэлэхэд бид арьс ширээ урд хөршийн наймаачдад алдчихаж байна. Хятадын бизнес эрхлэгчид Монголын арьс ширний салбарыг атгадаг. Тэдэнд хэдэн төгрөгийн боломжоо алддаг гэж та бодож байна? Урд хөршийн наймаачдад алддаг арьс ширээ дотооддоо боловсруулаад бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл 800-900 тэрбумыг олно гэсэн тооцоог эдийн засагчид хийсэн байна лээ. Тэгэхээр бид арьс ширнээс олох бараг их наяд орчим төгрөгөө бусдад алдчихдаг юм байна. Арьс ширээ хятадуудад алдаад байгаа хэд хэдэн шалтгаан байгаа юм билээ. Малын эрүүл мэнд, түүхий эдийн чанар, урамшуулал, татаас, үйлдвэрлэл, экспорт тээвэрлэлттэй холбоотой олон асуудал байдаг гэж салбарынхан нь ярьдаг. Салбарынхантай нь нүүр тулж уулзаад санаа оноо, асуудлыг нь сонсч хамтраад ажиллавал УИХ дахь лобби бүлэг өгөөжтэй олон зүйл хийх байх.

Өөр нэг асуудал нь хот тойрсон арьс ширний үйлдвэрүүд. Арьс ширний үйлдвэрүүд хот тойроод ажилладаг, зарим нь бүр хот дотор ажиллаж байна, гол ус бохирдууллаа, цэвэрлэх байгууламжид төвөгтэй байдал үүсгэж байна гэх мэт шүүмжлэл байсхийгээд дуулддаг.

Үнэн л дээ, хот дотроо шахуу арьс ширний үйлдвэр ажиллуулдаг улс манайхаас өөр байхгүй. Арьс ширний үйлдвэрлэлээ хотоос зайдуу Дарханд цогцолбор маягаар ажиллуулъя гэсэн санаа төрийн шийдвэр болоод бүтээн байгуулалт нь эхэлчихсэн яваа юм билээ.

Үнэхээр ч олон улсын туршлагаас харвал аж үйлдвэрийн паркийн тогтолцоо одоогоор хамгийн зөв шийдэл гэж харагдаж байна. Хэдий Европын зарим арьс ширний салбарын инженер, зөвлөхүүд Бангладешийн арьс ширний паркийн алдаа оноог шүүмжилдэг. Гэвч Бангладеш улс засгийн газрын дэмжлэгээр паркийн бүх дэд бүтэц болоод нүүлгэн шилжүүлэлтийг шийдэж өгснөөр улсынхаа экспортын хоёрдогч нөлөө бүхий салбар, 44.000 ажлын байр бүхий хөдөлмөрийн зах зээлийн гол үүргийг гүйцэтгэх болсноор нийт дотоодын арьсны 85 хувийг экспортод гарган дэлхийн арьс ширний зах зээлийн нийт нийлүүлэлтийн 10 хувийг хангадаг хүчтэй өрсөлдөгч болон цойлж гарч ирж байна. Экспортынх нь жилийн дундаж өсөлт 29.8 хувь болж өсчээ. Бидэнд ч ийм боломж хангалттай байна.

Коронагийн үед гаднаас доллар орж ирэх боломж улам бүр хумигдана гэж шинжээчид анхааруулаад эхэлчихсэн. КОВИД-19-ийн хоёр дахь давалгаа дэлхий даяар эрчимжихэд олон улс хилээ хаана, гадагшаа хөрөнгө оруулж бизнес хийдэг том урсгал огцом хумигдана, тийм учраас улс орон бүр дотоодынхоо нөөц бололцоог чинээнд нь тултал ашиглах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг олон улсын байгууллагуудаас өгч байгаа.

Арьс ширний салбар бол дотоодод байгаа том боломжуудын маань нэг. Тэр утгаараа хаана хаанаа хичээж байгаад Дарханы арьс ширний цогцолборыг ажиллуулчихвал наад зах нь л гадагшаа алддаг нэг их наяд төгрөгөө Монголдоо аваад үлдэх боломж бүрдэх нь.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Манай улсын жилийн экспортын 8.7 хувийг хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүн эзэлж байна. Үүнийг нэмэгдүүлэх боломж бүрэн байгаа учраас Засгийн газартай нягт хамтран ажиллана. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ажлын байр нэмэгдүүлж, иргэдийн орлогыг нэмэгдүүлж байгаа, экспортыг нэмэгдүүлсэн, эдийн засагт чухал ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрийг санхүүгийн боломжит бүх нөхцөлийг ашиглан нэмэгдүүлнэ” гэсэн заалтыг гишүүдийн санаачилгаар оруулж чадсан. Тиймээс зөвхөн төсвийн хөрөнгийг харалгүйгээр бусад эх үүсвэрээс санхүүжилт босгож хөдөө аж ахуйн салбараа дэмжих боломж бүрдсэн” гэж ярина лээ. Хөдөө аж ахуй руу хандсан үйлдвэрлэлийн төслүүдийг дэмжих сонирхол олон улсын байгууллагуудад байдаг гээд харахаар зөв л сэдэл.

Эцэст нь хэлэхэд аврал эрсэн арьс ширний салбарынханд авралын гараа сунгаж, нэгэнт эхлүүлсэн ажлыг нь хурдлуулан, хөгжлийн галт тэргээ яаралтай хөдөлгөх цаг болсныг төр засгийнханд аминчлан сануулмаар байна.

Ц.БААСАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж