Өндөр Гонгор, хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн хөөрөг үзэсгэлэнд тавигдана

Хуучирсан мэдээ: 2016.01.29-нд нийтлэгдсэн

Өндөр Гонгор, хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн хөөрөг үзэсгэлэнд тавигдана

Монголын Үндэсний Музейд хоёрдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн нэгэн сонирхолтой үзэсгэлэн үүд хаалгаа нээх гэж байна. Тус музей сан хөмрөгтөө хадгалагдаж буй 86 үнэт хөөрөг, уран нарийн хийцтэй 16 даалинг “Хөөрөг, даалин” тусгай үзэсгэлэндээ дэлгэн тавих ажээ. Энэхүү үзэсгэлэнг Монголын уламжлалт цагаан сарын баярт зориулан үзэгч олны хүртээл болгож байгаа гэнэ.

Алс холын Америк тивийн уугуул иргэдээс гаралтай нунтаг тамхи нь шинэ тивийг нээснээс хойш 16 дугаар зуунд Европ тивд өргөн дэлгэрч, улмаар 17 дугаар зуунд Азийн гүнд аялан ирж, Хятад Манж нарын соёлд гүн ул мөрөө үлдээсэн нь тухайн үеийн Монголчуудын соёл уламжлалд нэвтрэх нэгэн шалтгаан болжээ. Хэдийгээр хамрын тамхи, хөөрөгний хэрэглээ нь харь хол газраас гаралтай ч монголчууд тун амжилттай нутагшуулж, нүүдлийн соёл уламжлалдаа тохируулан хэрэглэж өнөөг хүртэл уламжлагдсаар байгаа юм. Монголчууд эхэн үедээ харь газрын түүхий эдээр хийсэн хөөрөг хэрэглэж байснаа яваандаа эх нутгийнхаа үнэт чулууг өөрийн хүсэл таашаалд нийцүүлэн хөөрөг урлах болсон төдийгүй нүүдэлчин ахуй байдлаас үүдэн хөөргөндөө “даалин” хэмээх монгол хүний ур ухаан шингэсэн, уран нарийн хийцтэй, утга бэлгэдэл төгс уутыг, уламжлалт хавтаганы соёлд тулгуурлан бүтээсэн түүхтэй. Ийнхүү XVIII зуунаас эхлэн монгол түмний мэндлэх, хүндэтгэх ёсонд “Хөөрөг зөрүүлэх ёсон” бий болж, хөгжсөн байна.

Хоёрдугаар сарын 3-наас эхлэн Монголын үндэсний музейд дэлгэх үзэсгэлэнд монгол орны үнэт чулуу болох мана, гартаам цахиур чүнчигноров, болон харь орноос гаралтай тана, шүр, ундрам, хув, шил, шаазан, зааны соёо, модны үндэс зэрэг үнэт чулуу, ховор түүхий эдээр хийж, алт мөнгө, зэс, гууль, зэрэг үнэт төмөрлөгийн урлалыг шингээсэн олон хөөргүүд тавигдах ажээ. Үүнээс гадна Монголын түүхэнд нэр нь мөнхөрсөн төрийн зүтгэлтэн, эрдэмтэн мэргэд, алдартай хүмүүсийн хэрэглэж байсан хөөрөгнүүд ч багтжээ. Тухайлбал, Манж чин гүрэн, Автономит Монгол улс, Ардын засгийн буюу гурван төрийн нүүр үзэж 43 жилийн төрийн албанд зүтгэсэн хашир туршлагатай төрийн хар хүн Хичээнгүй сайд Цэрэндоржийн их гарын улаан шүрэн толгойтой гартаам судалтай алаг манан хөөрөг, Судар бичгийн хүрээлэнг (Шинжлэх ухааны академи) үндэслэгчдийн нэг, нэрт эрдэмтэн, улс төрч, Цэвээн Жамсрановын мөнгөн хөөрөг, Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны алдарт Өндөр Гонгороос эхлэн Халхын олон хүчит бөхчүүдийн гар дамжсан чүнчигноров толгойтой, цэхэр манан хөөрөг зэргийг та “Хөөрөг даалин” үзэсгэлэнгээс тольдоорой. Хэмжээ жингийн хувьд хамгийн том нь 575 гр жин, 14,7 см өндөр, 10,8 см өргөнтэй манан хөөрөг бөгөөд хамгийн бага нь энхрий хүүхдийн 15 гр жин, 3,5 см өндөр, 2,4 см өргөнтэй хөөрөг байна.

Даалингийн тухайд Өвөрхангай Хайрхандулаан сумын Гарьдын хадаар нутагтай ард Шаравцоодолын гэргий Бүжмаагийн 1880-аад онд урласан зүү ороож, буга, согоо дүрслэн бүтээсэн торгон даалин зэрэг бүтээгч болон хэрэглэж байсан эзэнтэй даалингууд үзэсгэлэнд тавигдах юм.

Ж.БАЯРСАЙХАН

Ж.НАРАНЧИМЭГ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж