Английн Премьер лигийн 2020-2021 оны шинэ улирал ирэх есдүгээр сарын 12-нд эхэлнэ. Шинэ улирал эхлэхтэй холбогдуулан багууд бүрэлдэхүүнээ зузаатгаж, солилцоо наймааг эрчимтэй хийж байна. Одоогийн байдлаар Лондон хотын Челси баг энэ зуны солилцоо наймааны цонхоор хамгийн их хөрөнгө, мөнгө зарцуулсан багаар тодроод буй. Тэд одоогоор Нидерландын Аяакс багаас 40 сая еврогоор Хаким Зиешийг, Германы РБ Лейпциг багаас Тимо Вернерийг 53 сая еврогоор, Испанийн Барселона багаас Хавьер Мбуямбаг үнэгүй, Английн Лестер Сити багаас Бен Чилвеллийг 50 сая еврогоор, Францын Нице багаас Маланг Саррыг үнэгүй, Францын ПСЖ багаас Тиаго Силваг үнэгүй тус тус багтаа нэгтгэжээ.
Орос тэрбумтан Роман Абрамович Фрэнк Лампардад үнэхээр өгөөмөр хандаж байна. Ингэх ч хэд хэдэн шалтгаан бий.
2019 онд Фрэнк Лампардыг Челсигийн ахлах дасгалжуулагчаар томилогдох үеэр УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбооны зүгээс Челсиг хилийн чинадад тоглодог 18 нас хүрээгүй хүүхдүүдтэй мэргэжлийн гэрээ үзэглэсэн хэмээн буруушааж хоёр солилцоо наймааны цонхоор тоглогч худалдан авах эрхийг нь хассан. Ийнхүү Фрэнк Лампард Челсиг удирдах эхний улиралдаа хүссэн тоглогчдоо багтаа нэгтгэж чадахгүй болсон учир тухайн үеийн бүрэлдэхүүн дээрээ хүүхдийн академиас төрөн гарч ирсэн авьяаслаг залуусыг нэмсэн. 2019-2020 оны улирал эхлэхийн өмнө Челси өөрсдийн лидер Эден Азарыг Реал Мадрид руу явуулчихсан хэцүүхэн байдалтай байв. Роман Абрамович ч Фрэнк Лампардыг эхний улиралдаа ямар ч амжилт үзүүлсэн халахгүй гэдгээ мэдэгдсэн учир аль аль талдаа тун амар байлаа.
Одоо бол Роман Абрамович Фрэнк Лампардад таалагдсан тоглогч болгоныг худалдан авч, отгон дасгалжуулагчаа эрхлүүлж байна.
Лампардын удирдсан Челси ч туршлагагүй гэдэг нь харагдаж, орон гаран тоглолтыг үзүүлж байлаа. Улирал шувтрахтай зэрэгцэн CAS буюу Спортын арбитрын шүүхээс Челсигийн хоригийг багасган ганцхан солилцоо наймааны цонхоор тоглогч худалдан авах эрхийг нь хассан.
Челси сүүлийн жилүүдэд ингэж олноор нь тоглогчдыг худалдан авч байгаагүй. Магадгүй багийн эзэн Роман Абрамович багтаа шинэчлэл хийх хэрэгтэй гэж бодсон биз ээ. Челси 2011-2012 оны улиралд УЕФА Аваргуудын лигт түрүүлснийхээ дараа Эден Азар, Оскар, Виллиан, Марко Марин, Андре Шурле зэрэг олон авьяаслаг залуучуудыг эгнээндээ нэгтэж цус сэлбэлт хийсэн. Түүнээс өмнө 2003 онд Роман Абрамович Челсиг дөнгөж худалдан авсан үедээ Хернан Креспо, Дамиен Дафф, Верон,Клауд Макелеле, Адриан Муту, Уайн Бридже, Жо Коул, Кереми, Глен Жонсон, Алексей Смертин зэрэг тоглогчдыг багтаа нэгтгэж, шинэчлэлийн салхи оруулж байлаа. Энэ удаад ч гэсэн Абрамович Лампардын эрин үеийн эхлэлд багтаа шинэчлэл хийх нь зүйтэй гэж бодсон нь лавтай.
Олон шинжээч, хөлбөмбөгийн судлаач Челсиг удирдах хамгийн тохиромжтой хүн нь Фрэнк Лампард гэдэгт итгэсэн. Түүнээс өмнө багийг дасгалжуулж байсан Антонио Конте болон Маурицио Сарри нар багийн тоглогчидтой ам мурийж, багийг нэгтгэж чадаагүйн улмаас халагдсан. Сүүлийн жилүүдэд Челсиг удирдсан дасгалжуулагч нар хоёроос илүү улирал үзсэнгүй.
Холбоотой мэдээ