Ирэх сонгуулиудыг Х.Баттулга, У.Хүрэлсүх нар “удирдана”

Хуучирсан мэдээ: 2020.08.31-нд нийтлэгдсэн

Ирэх сонгуулиудыг Х.Баттулга, У.Хүрэлсүх нар “удирдана”

Ирэх сонгуулиудыг Х.Баттулга, У.Хүрэлсүх нар “удирдана”

Орон нутгийн сонгууль хаяанд ирсэн энэ цагт Сонгуулийн ерөнхий хорооны дарга нарыг өөрсдийнх нь хүсэлтээр чөлөөлж, дараагийн удирдлагыг яаравчлан томилов. УИХ-ын ээлжит сонгуулийн дараа сонгууль будлиантай болсон, СЕХ-ны удирдлагыг яаралтай чөлөөл гэж чуулганы индэр дээрээс чанга дуугаар хэлж байсан хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга. Түүний энэ үгийг дэмжиж Ардчилсан нам, МАХН тэргүүтэй улс төрийн намууд ч Ерөнхийлөгчид өргөх бичиг хүргүүлсэн удаатай. Ийн Ерөнхийлөгчийн “хүслийн” дагуу Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд чөлөөлөгдсөн гэхэд буруудахгүй болов уу.

Чухам СЕХ-ны удирдлагыг яаралтай чөлөөлөгдөхтэй зэрэгцэн дараагийн дарга нарын нэрс тодорч, нэг өдрийн дотор чуулганаар томилов.

Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилогдсон П.Дэлгэрнаранг улс төрийн хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүн гэдэг ч тэрбээр мөн Ерөнхийлөгчийн ч хүн гэгддэг. Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй Зүүний хүчний холбоог байгуулалцаж явсан П.Дэлгэрнаран цагтаа Ардчилсан нам эрх барьж байхад Авто тээврийн Үндэсний төвийн газрын дарга, Авто тээврийн үндэсний төвийн даргаар ажиллаж байгаад хэдхэн хоногийн өмнө УИХ-ын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах референтээр ажилд орсон байна. Ийн ажлаа хүлээж аваад удаагүй байсан хүн гэнэтхэн СЕХ-ны даргаар ажиллана гэдэг эртнээс төлөвлөгдсөн сценари байхыг үгүйсгэхгүй юм.

Тиймээс ч түүнийг Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын “дундын” хүн гэх яриа улс төрийн хүрээнд гарч эхэлжээ.

Харин СЕХ-ны нарийн бичгийн даргаар томилогдсон ҮАБЗ-ийн дарга Д.Даваа-Очирын хувьд Ерөнхийлөгчийн “хүн” гэж хэлж болно. ҮАБЗ-ийн шийдвэрээр хуулийн байгууллагын удирдлагыг чөлөөлж, томилох үеэр түүнийг Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын даргаар томилох саналаа УИХ-д хүргүүлж байв. Д.Даваа-Очирыг АТГ-ын даргаар томилох гэж хамгийн их зүтгүүлж, саналаа татахгүй гүрийсэн хүн нь яах аргагүй Ерөнхийлөгч Х.Баттулга. Гэвч улс төрийн хүрээнд тохироо өөрчлөгдөж, Ерөнхийлөгч Д.Даваа-Очирыг АТГ-ын даргаар томилох саналаа татаж авснаар, томилгоо өөрчлөгдсөн юм.

Ийнхүү АТГ-ын босго давж чадаагүй Д.Даваа-Очирыг хэсэг хугацаанд “дарж” байгаад СЕХ-ны нарийн бичгийн даргаар томилсон нь энэ.

Удахгүй орон нутгийн сонгууль болно, түүний араас Ерөнхийлөгчийн сонгууль. СЕХ-ны шинэ удирдлагын хоршил Орон нутгийн сонгуульд МАН олонх, Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч улиран сонгогдоно гэж уншигдаж байгааг тодотгоё.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж