Хуучирсан мэдээ: 2016.01.29-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын дарга болсноос хойших анхны шалгуур нь З.Энхболдын хувьд Ч.Сайханбилэгийн засгийг огцруулах асуудал байв. Оюутолгойн гэрээг Монголд ашиггүйгээр баталсан гэх шалтагаар Ч.Сайханбилэгийг огцруулах гэсэн Г.Уянгын баланк дээр гарын үсэг зурсан МАН-ын улстөржилт АН-ыг муухай харагдуулах гэсэн биш өөрсдөдөө “Муу дээрээ улцан “ болоод өнгөрөв.

Үнэндээ өнгөрсөн өдрүүдэд АН-ынхан тэр тусмаа З.Энхболд намаа хайрцаглаж, засгаа авч үлдэж чадах уу гэсэн томоос том асуултын тэмдэг байсан юм. Энэ асуултад хариулсан өчигдрийн чуулганы хуралдааны шийдвэр нь Ардчилсан нам засгаа аварч үлдсэн явдал.

Н.Алтанхуяг намын дарга байхдаа гишүүдээ хайрцаглаж чадалгүй, тэр бүү хэл танхимынхаа сайдуудад түгжилдүүлж суудлаасаа огцорч байсан бол З.Энхболд намынхаа бүх гишүүдийг, засгийн бүх сайдуудыг чуулганы танхимд суулгаж байгаад Ч.Сайханбилэгээ аварч үлдсэн нь Ардчилсан намд төдийгүй өөртөө ч “коко” үнэлгээг авчирч чадсан болов уу?

Өчигдрийн чуулганы хуралдааны явцыг харж байхад Ардын намынхан үнэндээ бусдын дунд яс хаяхдаа тун гарамгай гэдгээ харуулсан. Тэд З.Энхболд, Ч.Сайханбилэг хоёрын дунд “яс” хаяж Тавантолгойн эмзэг сэдвийг ахин дахин хөндөж, МАН-ын бүлгийн зарим гишүүд бүр “Нөгөө талаас танай намын дотоод фракци, яг таны хажууд сууж байгаа хүнээс тан руу дайрч байна. Ардын нам танай засаг юм хийх болов уу гэж танай намтай хамтарсан. Таныг дандаа Ардчилсан нам хажуугаас хусч байгаа шүү” хэмээн улаан цагаандаа гарсан увайгүй “хов” чулуудсан ч Г.Уянга, О.Баасанхүү, Л.Цог, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нартай хамжаад ч АН-ын засгийг ганхуулж ч чадсангүй.

Харин ч “даашинзны хормой” дор нуугдсан МАН-ын бүлгийн улстөржилт, Г.Уянгын улс төр Ардчилсан намын рейтингийг өсгөж, өөрсдийгөө нэр хүндийг шавартай хутгаад өнгөрөв үү гэсэн дүр зураг харагдаж байна.

Ийм явцгүй, өөрсдөд нь ашиггүй улс төр хийснээрээ МАН маш том алдлаа гэсэн дүгнэлт хийхэд буруудахгүй биз.

АН-ынхан засгаа унагаахгүй гэсээр байхад 31 хүний кнопт юундаа ч тэгж найдсан юм бүү мэд. АН-ынхан Н.Алтанхуяг шигээ өөрсдөө засгаа “агнах” байх гэж андуу тооцсоных ч юм уу, Шийдлийн засгийг шившигтэй нь хутгана гэж том эндүүрсэн үү, ямар ч байсан засгийг огцруулж, засаглалын хямрал үүсгэх гэсэн тэдний хүсэл санаснаар нь болсонгүй. АН-ынхан ч Ардын намын хоншоор луу нь сайхан нясаллаа. Сайн байна, З.Энхболд. Үгэнд ордоггүй өөрийнхөөрөө зүтгэдэг фракциудаа, амбиц ихтэй гишүүдээ чухам яаж хайрцаглаж, тэр бүү хэл Х.Баттулгыг Ч.Сайханбилэгийг огцруулахгүй гэсэн кноп даруулж чадсаныг хэлэхэд хэцүү ч Ардчилсан намын засгийн газраа аварч үлдсэн нь баяр хүргэе.

Браво, та мундаг байлаа. Эцэст нь хэлэхэд З.Энхболд дарга Монголын улс төрийг хүссэнээрээ зохицуулж чадах том лидер болжээ гэдгээ л тод томруун харуулж чадсан болов уу. Тэр хүсвэл намын даргаа огцруулж чаддаг, хүсэхгүй бол намынхаа засгийг хамгаалж чаддаг юм байна.

А.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж