“Хэрэглэгчийн жил”-ийн нээлт боллоо | News.MN

“Хэрэглэгчийн жил”-ийн нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2016.01.29-нд нийтлэгдсэн

“Хэрэглэгчийн жил”-ийн нээлт боллоо

Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан нээлтийн арга хэмжээ “Нэгэн дээвэр дор” сэдвийн хүрээнд боллоо. Шадар сайдын ажлын алба, Эрүүл мэнд, спортын яам, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний 6 агентлаг, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос хамтран зохион байгуулсан энэ арга хэмжээг Шадар сайд Ц.Оюунбаатар нээж, “Хэрэглэгчийн жил”-ийн гол зорилтууд, хийж, хэрэгжүүлэх ажлын талаар илтгэл тавилаа. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, үг хэлсэн юм.

Монгол Улсын Засгийн газар шинэ оны анхны хуралдаанаараа 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгох тогтоолыг гаргаж, энэ шийдвэрээ олон нийтэд хүргэсэн. Энэ бол санамсаргүй тохиолдол, зүгээр нэг тунхаг, уриа лоозонгийн чанартай зүйл биш. 2016 оныг “Хэрэглэгчийн жил”-ээр зарласан нь Шийдлийн Засгийн газрын хувьд улс орныхоо эдийн засаг, нийгмийн бодит байдал, хэрэглэгчдийнхээ амьдралд тулгамдаад байгаа бэрхшээл, сорилтуудыг удаан хугацаанд судалж үзсэний үндсэн дээр тодорхой асуудлуудыг нийгмийн хүрээнд шийдвэрлэн, гаргасан шийдвэрийнх нь үр дүн хэрэглэгч нэг бүрт хүрч тэр чинээгээрээ иргэдийн амьдралын түвшинд эерэг нөлөө үзүүлж байхаар бодож төлөвлөсөн Засгийн газрын шийдлүүдийн нэг юм гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Иргэд, аж ахуйн нэгжийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний үнийг шөнийн тарифаар ялгавартай тогтоон хямдруулсан, УИХ-аар 2016 оны мөнгөний бодлого батлуулахдаа арилжааны банкны зээлийн хүүг бууруулах асуудлыг тусгасан, аймаг орон нутгийн бензин шатахууны үнийг Улаанбаатар хоттой ойролцоо үнээр тогтоож эхэлсэн, түр хугацаанд зогсонги байдалд орсон ипотекийн орон сууцны зээлийг хэвийн үргэлжлүүлэх болсон, иргэд, худалдан авагчдад НӨАТ-ын 2 хувийг буцаан олгохоор болсон гээд Засгийн газраас ард иргэд рүүгээ, хэрэглэгчид рүүгээ хандсан олон шийдвэрүүдийг гаргасан. Мөн 11 11 төвийг нээж, Төрийн үйлчилгээний цахим машинд төрийн 25 үйлчилгээг цахимаар оруулсан, удахгүй төрийн 167 үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэнэ. Нийслэлийн иргэдэд нэг цэгээс төрийн үйлчилгээг хүргэх шинэ төв Дүнжингарав худалдааны төвд нээгдсэн. Энэ төвийг Улаанбаатар хотын хүн ам олонтой бусад газруудад, аймгийн төвүүдэд байгуулахаар Засгийн газраас төлөвлөн ажиллаж байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Төрийн байгууллага шалгадаг, хянадаг, зогсоодог бус зөвлөдөг, тусалдаг, дэмждэг үндсэн зарчмыг барьж ажиллах хэрэгтэй. Төрийн бүх үйлчилгээг хүнд сурталгүй, ойлгомжтой, хөнгөн шуурхай байхаар зохион байгуулж, эцсийн үр дүн тоогоор бус хэрэглэгчийн сэтгэл ханамж гэсэн чанарын үзүүлэлтээр хэмжигдэнэ гэдгийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах ёстой гэдгийг ч Ерөнхий сайд хэллээ. Түүнчлэн үндэсний үйлдвэрлэл сэргэн, олон үйлдвэрүүд үүд хаалгаа нээж, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн учраас хэрэглэгчид эх орондоо үйлдвэрлэсэн эко цэвэр бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг тогтолцоог бүрдүүлэх, иргэдэд хүрч буй үйлчилгээ олон улсын стандарт, чанарын шаардлага хангаж байхыг үндэсний хэмжээнд хэвшүүлэх чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэйг санууллаа.

Мөн тэрээр Засгийн газар 2016 оныхоо үндсэн зорилгоо тодорхойлж чадсан. Үр дүн нь бидний идэвхтэй үйл ажиллагаанаас шалтгаална. Төрийн байгууллагууд энэ ажилд манлайлж оролцож чадвал араасаа 3 сая хэрэглэгчийгээ дагуулах болно гэдэгт эргэлзэхгүй байна гээд нэг зорилгод хүрэхийн төлөө нэгэн дээвэр дор хамт зүтгэхийн тулд Монгол Улсын Засгийн газар бололцоотой бүх арга хэмжээг авах болно гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

bataa 2016-01-29 59.153.114.182

oyunbaatar shadar saidaar irsnees hoish um umiig smjuulj uvnaa.ynegeer ih er shyy.ene zasgiin ajil heregc,sahilgatai nyyr tahalsan said shyy

Зочин 2016-01-29 202.131.230.210

https://www.facebook.com/munkhzambala/photos/a.562146360528071.1073741828.559616567447717/947889978620372/?type=3&theater

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж