Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрөлийг сааруулах, чадавхжуулах ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон ЭМЯ-ны холбогдох албаныхан, УИХ-ын гишүүн Ц.Сандагсүрэн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нарын хамт өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн Багануур дүүргийн эрүүл мэндийн байгууллагад ажиллалаа.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын хамт ЭМЯ-ны Эдийн засаг санхүүгийн хэлтсийн дарга Д.Нарантуяа, Эмнэлгийн тусламжийн мэргэжилтэн М.Оюунчимэг, Эмийн хэлтсийн дарга Г.Цэцэнсанаа, УХТЭ-ийн захирал С.Энхболд, ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар Багануур дүүргийн эмнэлгийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр ажиллалаа.
Багануур дүүргийн эмнэлгийн хувьд лавлагаа шатлалын тусламжийг УХТЭ-ээс, гэмтлийн тусламж үйлчилгээг сайжруулахад ГССҮТ-өөс дэмжлэг авахаар болж байгаа юм.
Үүнд эмч мэргэжилтнүүдийг сургах, чадвхжуулах, эмчилгээний технологи нэвтрүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон талын ажлуудыг хийгдэх юм.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эрүүл мэндийн тогтолцоогоо сайжруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, төвлөрөлийг сааруулах, орон нутаг, дүүргийн эмнэлгийн чадавхийг сайжруулах зорилтуудыг тавиад ажиллаж байна. Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын ээлжит бус чуулганаар эмнэлгийн тусламжийн тухай хууль, эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлтүүдийг баталсан. Энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлт гарна гэж итгэж байна.
Тухайлбал, эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүжих, стратегийн худалдан авалт хийх нэг худалдан авагчийн тогтолцоог бий болгох, хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангаар олгох, эм, эмнэлгийн хэрэгслийн агентлагтай болохоор болсон.
Эмнэлэг гүйцэтгэлээрээ санхүүжсэнээр үйлчилгээнийхээ нэр төрлөө нэмэгдүүлж, нэмэлт орлого олох, олсон орлогоо өөрөө захиран зарцуулж, хүний нөөц, цалин болон бусад менежментээ бие даан шийдэх боломжтой болно. Энэ тохиолдолд үйлчлүүлэгч болон эмнэлгийн ажилчид аль аль нь сэтгэл хангалуун байх боломжтой. Иймээс эмнэлгүүд маань ирэх оны нэгдүгээр сарын 01-ийг хүртэл бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. Энэ ажил хэрэгжсэнээр эрүүл мэндийн даатгалаар санхүүжиж буй тусламж, үйлчилгээний чанар эрс сайжирна. Үүний зэрэгцээ хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангаар олгох асуудлыг хугацаа алдахгүйгээр ирэх 11 дүгээр сарын 01-нээс эхлүүлэхээр ажлын хэсэг ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд яамны хэлтсийн дөрвөн мэргэжилтэн ажиллаж байна. Эдгээр мэргэжилтнүүд зах зээл дээр байгаа бүх эмийн үйлчлэл чанар, стандарт дээр хангалттай хэмжээний хяналтыг тавьж ажиллах боломжгүй байгаа тул эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд тус агентлаг 2021 оны нэгдүгээр сарын 01-нд байгуулагдана. Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг нь хэрэглэгдэж байгаа олон нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийн эмчилгээний үр дүнг хянах, чанар стандарт дээр хяналт тавьж ажиллах юм.
Эдгээр сайн өөрчлөлт, шинэчлэлийг хийх боломжийг УИХ-аас дэмжиж, хуулийн өөрчлөлтийг баталж өгсөн бөгөөд бидний хувьд хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах л үлдээд байна. УИХ гишүүн Ц.Сандаг-Очир, Ж.Чинбүрэн нар энэ хуулийн өөрчлөлт дээр биднийг маш сайн дэмжиж ажилласаныг онцлохыг хүсч байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Т.Мөнхсайхан сайдын хэлсэн дээрх хуулийн өөрчлөлтүүд нь эмнэлэг дагасан үйлчилгээнээс өвчтөнд чиглэсэн үйлчилгээнд шилжиж байна гэсэн үг. Үүнд улс, хувийн гэж ялгахгүй бөгөөд эмч, эмнэлгийн ажилчид ёс зүйтэй, харилцаа хандлага сайтай бол тухайн эмнэлгээр олон хүн үйлчлүүлэх зөв тогтолцоо руу шилжинэ. Манай эрүүл мэндийн салбарынхан маш богино хугацаанд олон сайн хуулийн өөрчлөлтийг хийж чадсанд нь баяр хүргэх нь зөв.
НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар: Манай Багануур дүүрэг нь нийслэлээс 130 км алсад оршдог, тэр дундаа зүүн чиглэлийн авто зам дагуу байрладаг. Гэмтлийн тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай, амаржих болон эмэгтэйчүүдийн яаралтай тусламжууд үзүүлэх нэн шаардлагатай байдаг. Иймээс гэмтэл, эмэгтэйчүүд, мэс заслын тусламж үйлчилгээг тэргүүлэх чиглэлээ болгон хөгжиж байгаа дүүрэг. Дүүргийн нутаг дэвсгэрээр зорчин өнгөрөх автомашины урсгал их, дамжин өнгөрч буй иргэдэд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлэг шиг олон нэр төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх болсон. Сүүлийн дөрвөн жил хөрөнгө оруулалтыг нилээд их хийсэн. Хамгийн сүүлд гэхэд 2019 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэхдээ Компьютер томографийн төсвийг улсын төсөв дээр суулгаж, шийдвэрлэж өгсөн нь өнөөдөр эмнэлэгт суурилагдаж байна. Энэ аппарат нь ашиглалтад орсноор энэ бүс нутгийн иргэд маань энэ төрлийн тусламжийг ойроос авахаас гадна яаралтай тусламжийн чанар сайжирна.
Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албыг түр орлон гүйцэтгэгч Н.Сэлэнгэсүлжээ: Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн хувьд 17 тасаг нэгж, 319 ажилтан, 234 хэвтүүлэн эмчлүүлэх ортойгоор дүүргийн болон хил залгаа Хэнтий болон Төв аймгийн найман сумын нийт 50 мянга гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Манай эмч нарын 89 хувь, сувилагч, эмнэлгийн тусга мэргэжилтнүүдийн 52.4% нь нарийн мэргэжил эзэмшсэн. Сүүлийн жилүүдэд манай эмнэлэгт улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалт дэмжлэгтэйгээр олон ажлууд хийгдсэн. Тухайлбал, Багануур дүүргийн эрүүл мэндийн төв нь нийслэлийн эрүүл мэндийн төвүүдээс 2015 онд анхлан эмгэг нярайн тасгийг 10 ортойгоор нээж ажлуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар жилдээ 400-500 орчим нярай хэвтэн эмчлүүлж байна.
Амьсгалын замын дэгдэлтийн үед ачаалал 2-3 дахин нэмэгддэгтэй холбоотойгоор улсын төсвийн 2,3 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 50 ортой амаржих газрыг дуусгаж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга гэрээ ёсоор аравдугаар сарын 01-нд дуусахаар төлөвлөгдөж ажлын явц 75%-тай байна. Барилгын нэгдүгээр давхарт жирэмсэн, нярайтай холбоотой абулаторийн үйлчилгээ, хоёрдугаар давхарт хэвтэн эмчлүүлэх тасаг, гуравдугаар давхарт мэс заслын болон төрөх өрөө зэргийг байрлуулах зохион байгуулалттай. Бид Зүүн бүсийн төв эрүүл мэндийн төв болох томоохон зорилготой ажиллаж байгаа бөгөөд тэргүүлэх чиглэлээрээ гэмтлийг онцолж байна. Учир нь дүүрэг маань зүүн бүсийн авто замын тэнхлэгийн дагуу байрладаг, хүнд үйлдвэр, уул уурхай ихтэй тул энэ салбарыг сонгосон. 2021 онд гэмтлийн тасгаа тусад нь бие дааж гарган цаашид ГССҮТ-ын ачааллыг бууруулж, гэмтлийн эмнэлэгтэй больё гэсэн зорилгоор боловсон хүчнээ ГССҮТ-тэй хамтран бэлтгэж байна.
Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тус эмнэлгийн хүний нөөц, багаж тоногт төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авна гэдгийг хэлсэн. Мөн компьютер томографын аппарат суурилуулахын тулд 380 вольтын цахилгааны шугам татах ажилд үүссэн санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэж, гиомодализ аппаратын хүрэлцээг нэмэгдүүлэх, эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулах зэрэг асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.
ЭХ СУРВАЛЖ: ЭМЯ
Холбоотой мэдээ