“BMW” эрэлт сайтай байна

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

“BMW” эрэлт сайтай байна

Германы автомашин үйлдвэрлэгч “BMW”-ийн дэлхий даяарх болон хятадын зах зээлд эрэлт сайн байгаа нь ашиг нь огцом өсөхөд нөлөөлсөн байна. Энэ оны дөрвөөс зургаадугаар сарын хооронд тус компани 834 сая еврогийн ашиг олсон нь өнгөрсөн оны мөн үед 121 сая еврогийн ашиг олж байсан гэдэгтэй харьцуулбал эрс нэмэгдсэн үзүүлэлт юм. Хоёрдугаар улиралд тус компанийн борлуулалт 18.3 хувиар нэмэгдэж 15.35 тэрбум евро болсон байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Норберт Рейтхофер энэ жил тус компани өнгөрсөн оныхоо борлуулалтыг 10 хувиар нэмэгдүүлж 1.4 сая гаруй автомашин борлуулахаар төлөвлөж байна гэж ярьжээ.
Хоёрдугаар улиралд борлуулагдсан “BMW”, “Mini”, “Rolls-Royce” автомашинуудын борлуулалт 12.5 хувиар нэмэгдсэн байна. Европын зах зээл дээрх борлуулалт 3.6 хувиар өссөн бол АНУ дахь борлуулалт 5.6 хувиар өссөн байна. Харин Ази дахь борлуулалт ер бусын өссөн бөгөөд 59.4 хувиар нэмэгдсэн байна. Хоёрдугаар улиралд 70,000 ширхэг автомашин Азид борлуулагдсаны бараг 45,000 нь Хятад, Тайваньд борлуулагдсан бөгөөд энэ нь 2009 оны мөн үеийнхээс бараг хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт байна.

Зах зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа болон өндөр үнэ цэнэтэй загварууд хэрэглэгчдийн сонирхлыг татсан нь ийнхүү борлуулалтанд сайнаар нөлөөлж байна гэж ноён Рейтхофер ярьжээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж