Монголд хүүхдийн амь үнэгүйдэж байна

Хуучирсан мэдээ: 2020.08.31-нд нийтлэгдсэн

Монголд хүүхдийн амь үнэгүйдэж байна

Монголд хүүхдийн амь үнэгүйдэж байна

Эцэг эхчүүд, томчуудын хайхрамжгүй хэнэггүй зангаас болж бага насны хүүхэд гэмтсэн, амиа алдсан гэх аймшигт мэдээ өдөр алгасалгүй дуулдах боллоо. Тухайлбал, хамгийн сүүлд гэхэд наймдугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Цонжин болдог гэх газар “Toyota prius” маркийн хоёр автомашин мөргөлдөж, зорчигч дөрвөн сартай хүүхэд нас барав.  

Дээрх хэргээс ердөө нэгхэн хоногийн дараа Дундговь аймаг, Эрдэнэдалай сум, “Боргиотын нуур”-ын эрэг дээр дөрвөн хүүхэд тоглож байгаад 11 настай, эрэгтэй Б, найман настай, эрэгтэй Б нар живсэн харамсалтай хэрэг гарав. Маргааш нь буюу наймдугаар сарын 26-ны өдөр тэдний цогцсыг нуурын хойд эргээс 30 метр зайд 1.5 метр гүнээс олж гаргасан нь хүмүүсийг дахин сэртхийлгэв.

Наймдугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймаг, Баянмөнх суманд “Хэрлэн” голд гурван настай эрэгтэй хүүхэд осолдож, голоос зүүн зүгт 8 км-т “Улаан олом” гэдэг газар голын эргээс цогцсыг нь олж, сумын цагдаад шилжүүлэн өгсөн байдаг.

Хүүхдээ хайрлан хамгаалъя, балчир үрсийнхээ эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлмээр байна гэж энгийн иргэнээсээ авахуулаад удирдах албан тушаалтан, УИХ-ын гишүүд, сайд дарга нар хүртэл дуу нэгтэй ярьдаг. Өнөөдөр төр, засгийн эрхмүүд, холбогдох байгууллагынхан хүүхдийн ирээдүйн төлөө халаасаа хоослоход ч бэлэн мэтээр цэцэрхэж, дуу нэгтэйгээр “за” гэж хэлдэг. Ам нээх болгондоо тэд хүүхдийн аюулгүй, ая тухтай орчинг бүрдүүлнэ гэж цээжээ дэлдэж суудаг. Гэтэл бодит байдал дээр хүүхдийн төлөө амаа л сайн хөдөлгөж, “За” гэж хэлчихээд, гараа хөдөлгөхөө мартчихдаг гэмтэй, зантай. Харамсалтай нь томчууд бидэнд үүнийг ухааруулахын тулд олон хүүхэд хэдхэн өдрийн зайтай алтан амиа өгөв.

Энэ бол ердөө л сүүлийн нэг  сарын хугацаанд болсон эмгэнэлтэй явдлын тоо. Өмнөх жилүүдийнх, цоожтой хаалганы цаана үлдсэн бэртсэн, гэмтсэн хүүхдүүдийн тоог тоолбол сэтгэл эмзэглэхээс цаашгүй. Хүүхдүүдээ сайн боловсролтой, эрүүл чийрэг өсгөх нь бүү хэл амьд явах баталгааг нь хангаж чаддаггүй манай улс аз жаргалын индексээр 156 орноос 83-т бичигдэж, сүүл мушгиж байгаа нь аргагүй юм. Үүнээс үзэхэд өнөөгийн нийгэмд хүүхдийн эрхийн асуудал ямар хэмжээнд хүрсэн нь харагдаж байна.

Энэ бүх золгүй явдалд төр засаг, албан байгууллагуудыг буруутгаад өнгөрч болохгүй. Хамгийн гол нь эцэг эхчүүдийн хариуцлага маш чухал. 

Эцэг эх үр хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг нь  бүрдүүлэх үүрэгтэй. Хэдий ажил ихтэй, хүүхдүүддээ цаг зав гаргаж чадахгүй, яаж ч ядарч, завгүй байсан хүүхдийнхээ эрүүл аюулгүй орчныг анзаарахгүй өнгөрөөж болохгүй. Цоожтой хаалганы цаана, таны хараа хяналтаас гадна, таны хариуцлагагүй байдлаас болж хэдэн хүүхэд хорвоог орхиж, тахир дутуу болж, нийгмээс тусгаарлагдаж байна вэ гэдгийг эцэг эхчүүд бодох цаг болжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж