Царай таних технологи үндэсний аюулгүй байдалд харшлах уу?

Хуучирсан мэдээ: 2020.08.31-нд нийтлэгдсэн

Царай таних технологи үндэсний аюулгүй байдалд харшлах уу?

Царай таних технологи үндэсний аюулгүй байдалд харшлах уу?

Улаанбаатар хотын удирдлага нийслэлд дэлхийн хотуудад ашиглаж буй, туршигдаж шалгарсан хамгийн сүүлийн үеийн камерууд суурилуулахаа мэдэгдэж, ажлаа эхлүүлсэн. Улмаар ирэх аравдугаар сарын 1-ний өдөр гэхэд төслийн нэгдүгээр үе дуусч, үр дүнгээ өгнө гэсэн тооцоотой ажиллаж буйгаа мэдэгдсэн билээ.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, гэмт хэргийн гаралтыг бууруулах “Аюулгүй хот” хөтөлбөрийн хүрээнд 2022 он гэхэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 80 хувийг камераар хянадаг болох төлөвлөгөөтэй. Энэ ажил гурван үе шаттай хэрэгжих бөгөөд энэ жил 2000-аад камер суурилуулахаар төлөвлөж, 600-г нь замын хөдөлгөөний 30 уулзварт байршуулна гэж хотын удирдлага мэдэгдэж байв.

Тэдний хэлээд буй дэлхийд жишиг болсон, туршигдаж шалгарсан камерууд буюу царай таних систем нь видео бичлэг дээр суурилсан хүний царайг таньж, тогтоох чадвартай програм хангамж юм. Дижитал бичлэг, эсвэл зургаас хүний царайг танин, хэлбэр хэмжээ, сүүдэр зэргийг нь харьцуулж, анализ хийсний үр дүнд тодорхой хэмжээний мэдээлэл цуглуулах, түүнийгээ нэгтгээд, дата бааз үүсгэдэг биометрийн програм хангамж юм гэж IT-гийн салбарынхан тайлбарлаж байна.

Улаанбаатар хотын гудамж талбайн 80 хувийг камержуулахад нийт 110-150 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ онд ухаалаг камер суурилуулахад дөрвөн тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.

Царай таних систем нь цагдаа, хүчний байгууллагын ажлыг хөнгөвчлөх давуу талтай ч систем халдлагад өртвөл үндэсний аюулгүй байдалд асар их хор хөнөөл учруулах эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулав. Өөрөөр хэлбэл Монголын бүх иргэний мэдээлэл хэн нэг хакерын компьютерт байршиж, иргэн бүрийн мэдээллийг нарийвчлан харах боломжтой болно гэсэн үг. Энд хувь хүний нууц алдагдахаас эхлээд мэдээллийн аюулгүй байдал гээд маш олон асуудал хөндөгдөнө.

Манай улс шиг кибер аюулгүй байдлын хамгаалалт сул оронд царай таних технологи хэрэглэх нь гэмт хэрэг бууруулах нэрээр улсаа хорлож буй үйлдэл болохыг зарим хуульчид хэлж байна. Хэрэв царай таних системийг заавал нэвтрүүлнэ гэвэл үндэсний технологийн компаниудаа дэмжиж, дотоодын програм хангамж хөгжүүлэгчдээр хийлгэх хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлэх хүн олон байгаа юм. Гэхдээ дотоодын компани системийг хийсэн ч манай улсын сүлжээ рүү, мэдээллийн аюулгүй байдал руу гаднын хакер шууд нэвтэрч, мэдээлэл авч чадна гэдэгт итгэлтэй хүмүүс ч бий. Чадварлаг хакерууд олон энэ цаг үед ард иргэдийн датаг цуглуулна гэдэг маш их эрсдэл дагуулах юм.

Энэ технологийн бас нэг эрсдэл нь гэмт хэрэг зөрчил гаргаагүй иргэнийг сэжигтнээр тооцож, мөрдөн мөшгиж, эрхийг нь зөрчих. Улмаар хэрэгтэнтэй ойролцоо царай төрхтэй, хөдөлгөөн, шинж тэмдэгтэй байвал гэмгүй хүнийг ч сэжиглэж, шалгах эрсдэлтэй болж байна. Өөрөөр хэлбэл царай таних нэрээр хотын бүх оршин суугчийг гэмт хэргийн сэжигтэнээр тооцож, “мөшгихгүй” гэх баталгаа байхгүй.

Британийн "The independent" сайтад энэ оны гуравдугаар сард гарсан мэдээллээр, Лондонд нэг хүнийг баривчлахын тулд 13200 хүний царайг скайнерджээ. Энэ нь царай таних технологийн алдаа гаргах магадлалыг илэрхийлсэн нэг үзүүлэлт аж. Мөн АНУ-ын Үндэсний стандарт, технологийн институтээс тус улсад ашиглаж байгаа царай таних технологийн үйл ажиллагаанд иж бүрэн судалгаа хийхэд, ази, африк хүмүүс болон уугуул америкчуудын царайг буруу таньдаг, улмаар ийм хүмүүсийг хэлмэгдүүлэх эрсдэлтэй нь нотлогджээ.

НҮБ-ын Хүний эрхийн хорооноос хүний халдашгүй байх эрхэд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар халдахаас сэргийлэхийн тулд төрийн эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нь хууль ёсны, тухайн тохиолдолд зайлшгүй шаардлагатай, тэрхүү ажиллагааны хамрах хүрээ, арга хэлбэр нь зорилгодоо нийцсэн буюу тохиромжтой байх гэсэн гурван шаардлага хангах ёстой гэж үзжээ. Энэ шаардлагад нийцүүлж хүний нүүр царай, хөдөлгөөн, үйлдлийг хянах үйл ажиллагааг зохицуулах ёстой аж.

Манай улсын хувьд царай таних технологи бүхий хяналтын камерын үйл ажиллагааг хэт хавтгайруулахгүй, зөвхөн шүүх, прокурорын болон олон нийтийн онцгой хяналтад, тодорхой нэг хэргийн хүрээнд, маш хатуу чанд нөхцөлтэйгөөр ашиглаж болохыг зөвшөөрсөн тусгайлсан зохицуулалт хэрэгтэй. Хүний нүүр царай, хөдөлгөөн, үйлдлийг хянах чадалтай хяналтын камерын мэдээллийн санг өөр зорилгоор ашиглахгүй байх, гаднын халдлагаас хамгаалахад онцгой анхаарах шаардлагатайг хуульчид анхааруулж байна.

Камерын хяналт нь хүнийг мөрдөн мөшгиж буй үйлдэл юм. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч мөрдөн мөшгөхийг хориглодог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8.1-т энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч мөрдөн мөшгихийг хориглоно гэж заажээ. Мөн тус хуулийн 22.1.3-т мөрдөгч харилцаа холбооны сүлжээнд нэвтэрч, хяналт тогтоох ажиллагааг зөвхөн прокурорын зөвшөөрлөөр явуулна. Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлд мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байна.

Эрх бүхий албан тушаалтан хувийн зорилгоор албаны техник хэрэгсэл ашиглан бусдыг мөрдөж мөшгисөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалттай. Хүнийг нүүр царай, хөдөлгөөн, үйлдлийг хяналтын камераар хянах нь Үндсэн хуульд заасан халдашгүй, чөлөөтэй байх эрхэд хууль бусаар буюу хэтрүүлэн халдах бодит эрсдэлтэй байна.

Олон улсын байгууллагууд царай таних систем үйлдвэрлэж буй компаниудад засгийн газартаа зарахгүй байх уриалга гаргажээ. Тухайлбал, “Human Rights Watch” болон бусад байгууллагууд АНУ-ын компаниудыг царай таних технологийг засгийн газарт зарахгүй байхыг уриалсан бол “Эмнести Интернэшнл” АНУ-ын цагдаа болон бусад засгийн газрын байгууллагуудад нүүрний таних технологийг ашиглах, хөгжүүлэх, үйлдвэрлэх, борлуулахыг бүхэлд нь хориглох, энэ технологийг экспортлохыг хориглохыг мөн уриалжээ. “Эмнести Интернэшнл Монголия” энэ сэдвээр тун удахгүй хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж буй юм.

Өнөөдрийн байдлаар царай таних системийг БНХАУ, АНУ-ын цөөн мужууд тусгайлсан цэгүүд дээр хэрэглэж байгаа аж. Харин АНУ-ын том муж улсууд болох Сан Франциско, Бостон, Массачусет, Калифорниа, Оакланд царай таних технологи нэвтрүүлэхийг хоригложээ.

Монгол Улсын хүн амын тал гаруй хувь нийслэл Улаанбаатартаа төвлөрөн амьдардаг. Хэрэв датагаа алдвал энэ нь Монгол улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх боломжтой. Бүх иргэдийг нарийвчилсан мэдээлэл дээр дата аналист ямар ч тоглолт хийж болзошгүй юм.

Нийслэлийн эрх мэдэлтнүүд “Бүх иргэнийг царайгаар нь таних боломжгүй. Сэжигтэй тохиолдлыг шинж тэмдгээр нь таньж, тухайн хүний байрлал, явсан мэдээллийг илрүүлэх юм” гэсэн тайлбар өгч байна.

Царай таних технологи нь манай урд хөршид өндөр хөгжсөн бөгөөд түүний ачаар 32 жилийн өмнө хулгайлагдсан хүү эцэг, эхтэйгээ уулзсан мэдээ гарсан юм.

Энэ технологийг үр дүнтэй гээд шууд хэрэгжүүлж болохгүй бөгөөд аюулгүй болон хувийн халдашгүй байдлыг тэнцвэржүүлсэн зохицуулалт хэрэгтэйг хуульчид онцолж байна.

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг “Хүний царай таних, харагдахгүй бол хөдөлгөөн, үйлдэл, шинж чанараар нь таних, автомашиныг дугаараар, зогсоолын сул зайн мэдээлэл өгөх, зөрчил гаргасан машин, хүний байрлал, маршрутыг дагаж мөрдөх, осол гаргахад дохио өгч яаралтай мэдэгдэх зэрэг давуу талтай ухаалаг систем нэвтрүүлнэ” гэж мэдээлсэн. Түүний хэлснээр, хамтран ажиллах байгууллагууд судалгаагаа хийж дуусчээ.

Цагдаа, тагнуул, онцгой байдал, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэргэжилтнүүд хамтран камер байршуулах газрын ерөнхий судалгааг ч гаргасан байна. Хэдэн тэрбум “цацаж” байршуулсан ухаалаг камерууд хэр урт настай байх бол гэдэг бас нэг асуудал юм.

Царай, дугаар, шинж чанараар нь автомашин, хүмүүсийн хөдөлгөөн таних систем нэвтрүүлэхэд хамгийн гол нь өгөгдөл боловсруулах системийн асуудал чухал. Сервер, аюулгүй байдлыг сайн хангаж, олон сувгаар цуглуулсан мэдээллээ боловсруулж, үр дүнг нь гаргахдаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь чухал болохыг дахин өгүүлэхэд илүүдэхгүй биз ээ.

Хяналтын камерын ажиллагааг шалган туршиж баталгаажуулах ажлыг мэдээллийн технологи, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, ТЕГ-ын төлөөлөл оролцсон баг хариуцан гүйцэтгэж, энэ талаарх ажлын үр дүнгээ олон нийтэд тайлагнаж байх хэрэгтэйг хуульчид онцолж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж