Беларусийн Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагыг төлөөлж байсан 10 сэтгүүлчийн сурвалжлах эрхийг хассан байна.
"Радио Свободы" радиогийн Алесь Дащинский, Олег Груздилович, Владимир Гридин, Александр Дынько, ВВС-гийн Татьяна Мальницук, Татьяна Януцевич, Reuters-ийн Василий Федосенко, Associated Press-ийн Сергей Гапон, Deutsche Welle-гийн Александр Богуславский, RFI-гийн Геннадий Шарипкин нарын Беларуст сурвалжлах эрхийг хассаныг тус улсын Сэтгүүлчдийн эвлэл нотолсон байна. Үүнээс өмнө ОХУ-ын дөрвөн сэтгүүлчийн эрхийг хасч, Беларусийн нутгаас албадан гаргасан билээ.
Беларус улсад наймдугаар сарын 9-нд явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш тус улсад тогтворгүй байдал үүсээд байгаа юм. Уг сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 80,1 хувийн саналаар ялсан хэмээн Беларусийн Сонгуулийн ерөнхий хороо зарласан. Харин түүний өрсөлдөгч сөрөг хүчний Светлана Тихановская 10,1 хувийн санал авсан хэмээн Сонгуулийн ерөнхий хороо зарласан. Сөрөг хүчнийхэн энэ үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, дор хаяж сонгогчдын 50 хувийн санал авсан гэж үзэж байгаа юм.
Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй сөрөг хүчнийхний жагсаал цуглааныг сурвалжилж байгаа сэтгүүлчдийг хүч хэрэглэн саатуулах явдал үргэлжилсээр байна.
Холбоотой мэдээ