Абэ Шинзо асар том зай үлдээгээд буув

Хуучирсан мэдээ: 2020.08.31-нд нийтлэгдсэн

Абэ Шинзо асар том зай үлдээгээд буув

Абэ Шинзо асар том зай үлдээгээд буув

Абэ Шинзо гэнэт Японы Ерөнхий сайдын суудлаасаа огцрохоор болсон нь дотооддоо төдийгүй олон улсад асар том орон зай, шинэ боломж, уналт аль алийг нь үлдээж байна. Мөн түүний суудлыг хэн залгамжилж үлдэх нь олны сонирхлыг татаж байгаа билээ.

Гэхдээ түүний огцрох шийдвэр тийм ч гэнэтийн зүйл байсангүй. Учир нь Абэ Шинзог огцорч магадгүй гэсэн цуу яриа энэ сарын эхнээс эхлэн хүмүүсийн ам дамжин яригдаж байв. Ялангуяа өнгөрсөн долоо хоногт хүн бүр түүний эрүүл мэндийн тухай санаа зовцгоож байсан юм.

Дотоодод

Зарим хүмүүс түүний Либерал ардчилсан намын эрх мэдэлтнүүд шинэ удирдагчтай болж, намынхаа эрч хүчийг сэргээхийн тулд Абэг албаар огцруулж байна хэмээцгээж буй. Ийнхүү үзэх гол шалтгаан нь Абэ Шинзо болон түүний танхим цар тахлын эсрэг дорвитой арга хэмжээ авч чадаагүй гэх шүүмжлэлд хүчтэй өртөж байсан юм. Харин бусад хүмүүс Абэ Шинзог сүүлийн найман жил, ялангуяа сүүлийн зургаан сарын турш хичээнгүйлэн ажилласан нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлсөн гэдэгт итгэж байгаа аж.

Аль нь ч байлаа гэсэн тэрбээр улс төрд асар том зай үлдээж байгаа нь үнэн билээ. Дотоодын хувьд тэрбээр эх орныхоо эдийн засгийг дэмжихийн тулд эмэгтэйчүүдийн оролцоог бүх чадлаараа дэмжиж, зарим бүтцийн шинэчлэл хийсэн нь анхандаа амжилттай байсан ч эцсийн дүнд Японыг өөрчлөхөд хамгийн чухал өөрчлөлтийг хараахан хийж амжаагүй юм. Гэвч Абэг эсэргүүцэгчид түүнийг эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихийн тулд хошуу нэмэрлэхээс өөрийг хийгээгүй, энгийн иргэдээс илүү Японы том корпорациудыг л дэмждэг байсан хэмээн шүүмжилдэг байна.

Олон улсад

Олон улсын хувьд Абэ Шинзо нь Дональд Трамп, Ши Жиньпин, Владимир Путин зэрэг хэцүү бөгөөд хүчирхэг удирдагчдын аргыг олж, сайхан харилцаа тогтоож чаддаг авьяаслаг удирдагч гэдгээ нэгэнт батлан харуулж чадсан билээ. Жишээ нь, тэрбээр Трамп Транс-Номхон далайн түншлэлээс татгалзсан даруйд АНУ-аас бусад барууны орнуудын, тэр дундаа Транс-Номхон далайн иж бүрэн дэвшилтэт хэлэлцээр, Япон-Европын холбооны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Европын холбоо, Япон хоорондын тогтвортой хөгжлийн хэлэлцээр зэрэг чухал хэлэлцээрүүдэд гарын үсэг зурж чадсан юм. Мөн үүн дээр нэмээд Австрали, Япон, АНУ-ын гурван талт дэд бүтцийн түншлэл зэрэг хэлэлцээрүүдэд Абэ Шинзогийн хүчин чармайлт их гэдгийг мартаж болохгүй.

Абэг Ерөнхий сайд байх хугацаанд Япон улсын хүч чадал олон улсын түвшинд тогтвортой байсаар ирсэн хэмээн үздэг. Мөн Лоуй хүрээлэнгийн Азийн хүчний индекс Японыг “Азийн Либерал дэг журам тогтоогч удирдагч орон” хэмээн тодорхойлсон нь ч Абэтэй холбоотой юм. Мөн дээрх төв БНХАУ Энэтхэг-Номхон далайн бүсийн эдийн засгийн төв болж мандахын хэрээр Азийн хүчний тэнцвэр эрчимтэй өөрчлөгдөж буй энэ үед Япон улс Абэгийн удирдлага дор байр сууриа тогтвортой хадгалж үлдсэн гэдгийг онцолсон билээ.

Мөн үүний адилаар Абэ Шинзогийн захиргаан дор Японы Зүүн өмнөд Азид үзүүлэх хөгжлийн тусламж, тус бүс нутагт түүний тогтмол зочилж байсан нь Японыг бүс нутгийн хувьд болон бүс нутгаас гадуур ертөнцөд хамгийн итгэл даахуйц улс болгосон хэмээн ISEAS-Yusof хүрээлэнгийн Зүүн өмнөд Азийн хөгжил 2020 судалгаа харуулж байна. 2019 онд бага зэрэг багассаныг эс тооцвол олон улс Япон орныг АНУ, Европын холбоо зэрэг бусад талаас хамаагүй илүү найдвартай хэмээн үнэлсээр ирсэн юм.

БНХАУ-тай харилцах харилцаа

2012 оны арванхоёрдугаар сард суудалдаа сууснаас хойш Ардчилсан нам сэргэн мандсан, Сенкаку арлуудыг өөрсдийн болгосон зэрэг үйл явдлаас болж Хятад, Японы харилцаа эрс муудаж байсан. Гэтэл Шинзо Абэ 2020 оны гуравдугаар сарын сүүлээр Ши Жиньпинийг айлчлан очиход хоёр улсын харилцааг эргэн хэвийн болгож сэргээсэн нь гайхалтай.

Абэгийн хүчийн чармайлтын үр дүнд улс төрийн тав дахь гэгддэг баримт бичиг хүчин төгөлдөр болсон бөгөөд улмаар ирэх арван жилийн хугацаанд хоёр улсын харилцааны өнгө төрхийг тодорхойлох юм.

БНХАУ, Японы харилцаа эргэн сэргэж, улс төр, эдийн засгийн асуудлыг ялгаж салгадаг болсон бол Япон, БНСУ хоёрын харилцаа 2017 онд Мүн Жэ Ин БНСУ-ын Ерөнхийлөгч болсноос хойш эрс муудсаар байгаа билээ.

БНСУ-тай харилцах харилцаа

Ерөнхий сайд Абэ БНСУ-ын өмнөх Ерөнхийлөгч Пак Гын Хетэй төдийлөн таарамжгүй байсан ч 2015 оны арванхоёрдугаар сард эмэгтэйчүүдийг дэмжих хэлэлцээрт гарын үсэг зурахдаа хоёр Ерөнхийлөгч үл ойлгоцлоо хойш тавьж чадаж байсан юм. Гэвч Мүн Жэ Ин Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаас хойш хоёр улсын харилцаа эрс муудсан. Жишээлбэл, Ерөнхийлөгч Мүн Японы хөрөнгө оруулалттай, эмэгтэйчүүдийг дэмжих үйл ажиллагаа явуулж байсан санг хааснаар өмнөх Ерөнхийлөгчтэй байгуулсан хэлэлцээрийг унтраасан юм. Мөн Ерөнхийлөгч Мүн эл үйлдлээрээ хоёр улсын хооронд тагнуулын мэдээлэл солилцдог цэргийн мэдээллийн аюулгүй байдлын ерөнхий хэлэлцээрийг хүчингүй болгох аюултай гэдгээ илэрхийлсэн билээ. Түүнээс гадна БНСУ-ын дээд шүүх Ниссан компанийг дайны үед солонгосчуудыг албадан хөдөлмөрлүүлж байсныхаа нөхөн төлбөрийг төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан билээ. Тиймээс товчхондоо бол хоёр улсын харилцаа өдгөө дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн муу дээрээ ирээд байна гэхэд хилсдэхээргүй болжээ.

ОХУ-тай харилцах харилцаа

Ерөнхий сайд асан Абэ Шинзо ОХУ болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй харилцан ашигтай харилцаа тогтоохыг чин сэтгэлээсээ эрмэлздэг байв. Мөн энэ нь зөвхөн ОХУ-аас хойд газар нутгаа буцаан авах, энхийн гэрээ байгуулахын төлөө биш, чухамдаа Япон улс ОХУ-ыг бүс нутаг дахь БНХАУ-ын нөлөөг тэнцвэржүүлэх, Зүүн хойд Азид илүү тайван хөгжил авчрахад нэн чухал, хүчтэй түнш хэмээн үзэж буйн илрэл байв. Тиймээс ирээдүйд Абэгийн оронд суух Ерөнхий сайд ч гэсэн энэ үйл хэргийг үргэлжлүүлэх нь зүйтэй юм.

АНУ-тай харилцах харилцаа

Ерөнхий сайд болсноос хойш Абэгийн хамгийн том бэрхшээл нь Ерөнхийлөгч Дональд Трампын үеийн АНУ-тай харилцаагаа тогтвортой байлгах байжээ. Учир нь Трамп Японтой ярилцалгүйгээр Транс-Номхон далайн түншлэлээс татгалзаж, Японы тарифыг унагаж, тооцоолоогүй байсан худалдааны дайныг БНХАУ-тай эхлүүлж, Японыг 2019 оны есдүгээр сард бичил худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурахаас аргагүйд хүргэсэн юм.

Харин Абэ хэд хэдэн удаа тохиромжтой хариу барьж чадсан билээ. Юун түрүүнд тэрбээр Трамп болон түүний засаг захиргааг шүүмжлэхээс илүү удирдлагын түвшинд хувийн харилцаа тогтоохыг эрмэлзсэн.

Хоёрдугаарт, Абэ батлан хамгаалах албаныхан, улс төрчид, эрдэмтэд, судалгааны төвүүд, Бизнес эрхлэгчидтэй ойр ойрхон тогтмол очиж уулзаж байсан нь Вашингтон дахь Японтой харилцагчдын тоо чанарыг нэмэгдүүлж, Трампын дур мэдэн жиргэсэн жиргээ төдийхнөөр худал мэдээлэл түгэхээргүй болгосон аж.

Абэ ажлаа дуусгаагүй байж магадгүй

Цар тахлын дараа бүс нутгийн хэмжээнд эдийн засаг гүн хямарна. Үүн дээр өмнөх эдийн засгийн хүнд байдал, цаг уурын өөрчлөлт зэрэг нэмэгдэж байдлыг улам хэцүү болгож байна.

Мөн шинэ Ерөнхий сайд дээрх хэцүү нөхцөл байдалд эрх барьснаар маш их эсэргүүцэл, хүнд шалгууруудтай нүүр тулж магадгүй юм. Энэ үед бүх зүйлийг тогтвортой байлгахын тулд асар их дэмжлэг шаардлагатай тул Абэ Шинзо бие нь сайжирсны дараа өөр чухал албан тушаалд сууж, удирдан чиглүүлэх ажилд чухал үүрэг гүйцэтгэж магадгүй юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж