"Би дөрвөн дэлхийн аваргад оролцсоноороо бахархдаг"

Хуучирсан мэдээ: 2020.08.31-нд нийтлэгдсэн

"Би дөрвөн дэлхийн аваргад оролцсоноороо бахархдаг"

"Би дөрвөн дэлхийн аваргад оролцсоноороо бахархдаг"

Ригоберт Сонгийн дэлхийн аваргын талаар Fifa.com сайтад өгсөн ярилцлагыг та бүхэндээ орчуулан хүргэж байна.


Ригоберт Сонг АНУ-д зохиогдсон 1994 оны ДАШТ-д анх удаа тоглохдоо дөнгөж 17 настай байв. Энэ явдлаас дөрвөн жилийн өмнө 1990 онд Итали улсад зохион байгуулагдсан ДАШТ-ий шөвгийн наймд Камеруны шигшээ багийн тоглолтыг үзэж байсан 13 настай жаал хүү дөрвөн жилийн дараа Европыг зорьж хөлбөмбөгийн замналаа эхлүүлэн, шүтээнүүдтэйгээ мөр зэрэгцэн шигшээ багтаа тоглоно гэж зүүдлээ ч үгүй явсан биз ээ.

Харамсалтай нь түүний эхний дэлхийн аваргын тэмцээн төсөөлсөн шиг нь сайхан байсангүй. Тэрбээр 1994 онд Бразилын эсрэг хэсгийн тоглолтод улаан хуудас авснаар дэлхийн аваргад хамгийн залуудаа улаан хуудас хүртсэн тоглогч болсон юм.

   РОЖЕР МИЛЛА БОЛ ГАЙХАЛТАЙ ТОГЛОГЧ

-Ригоберт дэлхийн аваргын хамгийн анхны дурсамж тань юу вэ?

-1990 оны ДАШТ-ийг хамгийн анх үзэж байлаа. Тухайн үед өнгөт зурагт байдаггүй байсан учраас хар, цагаан өнгөөр гардаг зурагтаар энэхүү дэлхий аваргыг үзэж байсан юм. Камерунд айл болгон зурагттай байгаагүй тул бид бөөнөөрөө суугаад, энэхүү гайхалтай үйл явдлыг жижиг дэлгэцээр хором ч нүдээ цавчилгүй үзэн суудаг байлаа. Мэдээж шөвгийн наймд гурван арслангийн эсрэг тоглолт үзэхдээ бид бүр ч их олзуурхаж байв. Ялалт бүр нь хаанаас гарсан юм бэ гэмээр баяр хөөрийг шигшээ баг маань бидэнд бэлэглэнэ. Миний жинхэнэ халуун зүрхийг булиглуулсан тоглолт гэвэл Камерун болон Аргентины шигшээ багуудын хэсгийн шатанд учраа таарсан тоглолт. Тэр бол сонгодог тоглолт байсан. Уг тоглолтын ачаар л бидний үеийн хүүхэд багачууд хөлбөмбөгт гүн донтсон юм.

Тоглолт эхлэхийн өмнө Марадона зоос шидэн, хэн нь бөмбөгөө түрүүлж авахаа үзчихээд, мөрөөрөө бөмбөгөө жонглёрдож байсан үе бол бас л онцгой. Хоёр улаан хуудас хүртсэн Омам Бийкийн итгэмээргүй гоолоор бид түүхэндээ анх удаа Аргентины шигшээг хожиж байлаа. Манай залуус хөлбөмбөг бол бүх нийтийн спорт гэдгийг дэлхийд харуулсан, үнэхээр гайхалтай байсан. Тэр үед л би Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ямар утга учиртай болохыг ойлгосон юм. Энэ багийн талаар би юу хэлж чадах вэ гэвэл зөвхөн нэг тоглогчийг нь онцлоход хэцүү. Тэд тэмцээний бэлтгэлээ машин шиг л хийсэн. Рожер Милла болон түүний гоол… Зүгээр л гайхалтай!

-Дараа нь энэ багт нэгдэх ямар байсан бэ?

-Санаанаас гардаггүй дурсамж. Намайг эхлээд Номхрошгүй Арслангуудын урьдчилсан багт дуудсан. 1990 онд миний гайхшралыг түрүүлсэн мөрөөдөлд автуулсан хүмүүсийн дунд өөрөө байна гэдэг санаанд багтамгүй. Би "Бурхан минь, би энд домгуудын хамт байна. 17 настай ч Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжтой" гэж дотроо бодож байлаа. ДАШТ-ий анхны тоглолтоор талбайд гарсан баяр баясгаланг би хэзээ ч мартдаггүй. Миний бага насны мөрөөдөл биелсэн, амьдралд минь хамгийн тодоор тэмдэглэгдэн үлдсэн мөч.

-1994 онд Рожер Милла Дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн ахмад насандаа гоол оруулсан тоглогч болжээ. Түүний онцлог юунд байсан гэж та боддог вэ?

-Нэгдүгээрт нас бол хөлбөмбөгт ямар ч хамаагүй, зүгээр л тоо төдий. Би гүйцэтгэл, төлөвшил, туршлагын талаар ярих дуртай. Миний хувьд Рожер Милла бол гайхамшигтай тоглогч. Би түүнтэй ДАШТ-д хамт оролцохоос өмнө Яундегийн Тоннерре Калара клубт хамтдаа тоглож байсан. Бэлтгэлийн үеэр түүний өгсөн зөвлөгөөг өөртөө тусгаж авах нь надад аливаа зүйлийг хурдан сурах, өсөх боломжийг олгосон гэж би баттай хэлж чадна. Багт үр өгөөжөө өгөхийн тулд тэр хэт их гүйх шаардлагагүй байв. Ер бусын байрлалдаа онцгой мэдрэхүйтэй тийм л тамирчин. Түүний туршлага, төлөвшил нь үргэлж бидэнд тус хүргэдэг байлаа. Миний хувьд Рожер Милла бол ахмад тоглогчдын жинхэнэ үлгэр жишээ болсон гайхалтай хөлбөмбөгчин. Түүнийг би маш их биширдэг, хүндэлдэг.

-1998 онд болсон, таны оролцсон хоёр дахь ДАШТ-ээс та юу санаж байна вэ?

-Францын Нант хотод Чилийн эсрэг хийсэн тоглолт. Тухайн тоглолтод хожигдож, тэмцээнээс хасагдахад шатан дээрээс хальтарч унахтай адил мэдрэмж авсан. Улаан хуудас, оруулсан гоолыг тооцоогүй зэрэг шударга бус мэдрэмж төрж байсан. Мэдээж энэ тоглолт түүхэнд томоор тэмдэглэгдэн үлдсэн. Австрийн эсрэг тэнцсэндээ үнэхээр их харамсч байсан. Бид 1: 0-ээр тэргүүлж байсан ч хамгаалалтын алдаанаас болж нэмэлт цагт тоглолт дуусахтай зэрэгцэн гоол алдсан.

-Чилийн эсрэг хийсэн тоглолтод хоёр дахь шар хуудсаа авч талбайг чөлөөлөхөд болон өмнөх ДАШТ-д улаан хуудас хүртсэн мөчүүд танд хэр хүнд цохилт болсон бэ?

-Та бүхний мэдэж байгаачлан би талбай дээр гарч тоглохдоо өөр хүн болдог. Зөвхөн ялахыг хүсдэг. Би эх орныхоо төлөө тоглохдоо бүх зүйлээ өгч, маш үнэнч байдаг. Харин тэр өдөр, тэр мөчүүдэд л сэтгэл нилээн дундуур байсан.

-Та хамгийн залуудаа ДАШТ-д улаан хуудас хүртсэн рекорд эзэмшдэг. Мөн Зидан та хоёр хоёр ДАШТ-д улаан хуудас авсан цорын ганц тоглогчид байх аа?

-Би эдгээр улаан хуудсуудыг залуу насандаа л хүртсэн. Эхний хоёр дэлхий аваргадаа шүү дээ. Үүний дараа их зүйлийг сурч мэдсэн (инээв). 2002, 2010 оны ДАШТ-үүдэд тоглох минут цөөн олдож байсан ч би энэ алдаагаа дахин давтаагүй.

-2002, 2010 оны ДАШТ-үүдээс танд үлдсэн тодхон дурсамжууд гэвэл?

-Өмнөх хоёр ДАШТ-д бүтэлгүйтсэн тул манай шигшээ багийнхан энэ хоёр дэлхий аваргад ямар нэгэн онцгой амжилтад хүрэх хэрэгтэй хэмээн бодоцгоож байсан юм. Техникийн бага зэргийн алдаа, тоглолтод төвлөрөхдөө дутмаг байдал болон дотоод зохион байгуулалтдаа гарсан цөөн хэдэн алдаагаа засах нь бидэнд чухал байжээ. Өндөр түвшинд хөлбөмбөг тоглоно гэдэг үнэхээр нарийн зүйлсийг шаарддаг.

-Италид явагдсан 1990 оны ДАШТ-ээс хойш Камеруны баг хэсгийн шатнаас дөрвөн удаа хасагдсан. Одоогийн Камеруны шигшээ баг 1990 оны шигшээ багаасаа илүү юү?

-1990 оны үеийн амжилтыг давтах хэцүү боловч боломжгүй зүйл биш. Маш их ажиллагаа шаардагдана. Мөн бусад олон хүчин зүйлээс хамаарна. Жишээ нь, шаргуу бэлтгэл, өндөр түвшний тоглогчид, туршлага, аз гээд.  Энэ бүгд Африк тивийн улс бүрт хамааралтай. 1990 онд Африк тивээс ердөө хоёрхон улс ДАШТ-д оролцон, манай баг шөвгийн наймд шалгарч байсан юм. Африк тив авьяаслаг тоглогчдоор дүүрэн байдаг ч өндөр түвшинд хүрэхэд дан ганц авьяас чадвар хангалтгүй. Тун удахгүй Африкийн аль нэг улс 1990 оны амжилттай зэрэгцэн, бүр цаашлаад давж гарна гэж би бүрэн итгэж байна. Харин үүнийг Камеруны баг хамгийн түрүүнд хийгээсэй хэмээн найдаж байна.

-Одоогийн Камеруны шигшээ багийг та хэрхэн үнэлж байна вэ?

-Өнөөгийн Номхрошгүй Арслангууд өндөр түвшинд сайжрах боломжтой. Энэ баг шилжилт, өөрчлөлтийн шатандаа явж байна. Тоглогчид клубүүдтэйгээ олон цагийн турш бэлтгэл хийж, зарим нь Европын цомын тэмцээнд өрсөлддөж байна. Энэ нь мэдээжийн хэрэг сайн мэдээ, мөн байрлалын төлөө хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэхэд тустай. Нэмж дурдахад, 23 хүртэлх насны шигшээ баг болон нэгдүгээр багт олон сайн залуус дэвшин гарч байгаа нь дасгалжуулагчийн хувьд багтаа хэрэгтэй тоглогчдоо чөлөөтэй сонгох давуу талыг үүсгэж байна. Одоо шигшээ багийн тамирчид маань хөгжиж байна. Тэд удахгүй өмнө нь байгаагүйгээрээ хүчтэй болно.

-Катар 2022 ДАШТ-д оролцохын тулд Камеруны шигшээ баг хатуу ширүүн тоглолтууд хийх шаардлагатай болно. Тэд Катарт явагдах дэлхийн аваргын эрхийг авна гэдэгт та итгэлтэй байна уу?

-Хөлбөмбөг өндөр хөгжиж, доод түвшний багуудын дунд ялгаа бага болсон. Хөлбөмбөг муу хөгжсөн улс орнуудын тухай ойлголт ч байхаа больсон. Одоо баг бүр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохыг эрмэлзэж байна. ДАШТ-д оролцохын тулд улс орон бүр бүх зүйлийг хийх болно. Камерун Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох ёстой. Номхрошгүй Арслангууд ДАШТ-д оролцохын тулд бүхнийг хийнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Бид цус, нулимсаа арчин байж ДАШТ-ий эрхээ авах болно. Номхрошгүй Арслангууд сайн бүрэлдэхүүнтэй тул тэд 2022 онд Катар улсад очно гэж  би итгэж байна.

-Та тамирчны замналынхаа юугаар хамгийн их бахархдаг вэ?

-Би дэлхийн аваргад дөрвөн удаа оролцсоноороо бахархдаг. ДАШТ-д тэмцээнд оролцохын тулд бүхнээ зориулдаг олон нэр хүндтэй тоглогчийг би мэднэ. Миний хувьд Дэлхийн аварга бол хөлбөмбөгийн хамгийн том тэмцээн юм. Энэ дөрвөн дэлхийн аваргын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байснаараа бахархаж байна. Дэлхийн аваргын ачаар би Европт мэргэжлийн түвшинд тоглож, эцэст нь та бүхний мэдэх тамирчны замналтай болсон.

Д.БААСАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж