Энэ жил хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахааргүй болсон. Шалтгаан нь, хоёр настнуудын 60-70 хувь нь цэцэрлэгт явж эхлээд удалгүй амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчнөөр өвчилдөгтэй холбоотой аж.
УИХ-ын эмэгтэй гишүүд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хоёр настай хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулахаар болсноо зарлаж, төсвийн тодотголд энэ үйлчилгээнд зориулан хоёр тэрбум төгрөг суулгаад байгаа юм. Үүнтэй зэрэгцэн 80 мянга орчим ээж хүүхдээ харж гэртээ суулгүй ажил хөдөлмөр эрхлэх боломжтой боллоо гэж харах нэгэн байхад “Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт явуулбал өвчлөөд, хүүхэд харах үйлчилгээнд явуулбал өвчлөхгүй гэсэн үг биш. Стандартын бус байранд, мэргэжлийн бус хүмүүст хүүхдээ даатгаснаас цэцэрлэгт явуулсан нь дээр” гэж үзэх иргэд ч байгаа юм.
Иймд хүүхэд харах үйлчилгээний талаар сурвалжиллаа. Хамгийн түрүүнд энэ асуудалд иргэд хэрхэн хандаж буйг сонсов.
АЖИЛГҮЙ БАЙВАЛ ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ
-Энэ шийдвэрийг зөв гэж бодож байна. Монголын гэр бүлүүд бүгд банкны зээлтэй. Гэртээ ажилгүй байгаад байвал зээлээ төлж чадахгүй. Хүүхэд харах үйлчилгээнд хүүхдээ өгчихвөл ээж нь ажил хийх боломжтой болно. Гэр бүлийн хоёр хоёул ажилтай байхад өрхийн амьжиргаа ч дээшилнэ.
ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЦЭЦЭРЛЭГ БАРЬСАН БОЛ ДЭЭР БАЙЛАА
-Хүүхэд харах үйлчилгээг стандартын бус газар, мэргэжлийн бус хүмүүс хүүхдүүдийг түр сатааруулдаг газар гэж ойлгож байна. Уг нь хүүхдийг цэцэрлэгт явуулсан нь дээр. Хүүхэд цэцэрлэгт явснаар хөгжинө, бас орчин нь аюулгүй. Хүүхэд харах үйлчилгээнд ч, цэцэрлэгт ч олон хүүхэд цуглана, ханиад томууны үед бүгдэд л адилхан халдвар тархана. Түүнээс биш хүүхдийг цэцэрлэгт явуулбал өвчлөөд, хүүхэд харах үйлчилгээнд явуулбал өвчлөхгүй гэсэн үг биш. Хүүхэд харах үйлчилгээнд зориулах хоёр тэрбум төгрөгөөрөө цэцэрлэг барьсан бол дээр байлаа. Гэтэл нэг удаад зарцуулаад өнгөрч байгаа нь харамсалтай.
ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭ НЬ ГАДНА ОРЧИНГ ХАРГАЛЗАХГҮЙ
Иргэн Б.Энхбатын дурдсан шиг стандартын бус газар, мэргэжлийн бус хүмүүс хүүхдийг түр сатааруулдаг газрыг хүүхэд харах үйлчилгээ гэх үү?
Хүүхэд харах үйлчилгээний стандарт, хуулийн талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хэлтсийн Боловсролын хяналтын ахлах байцаагч С.Лхагвадуламаас тодрууллаа.
-Хүүхэд харах үйлчилгээнд ямар зөрчил дутагдал илэрдэг вэ?
-Хүүхэд харах үйлчилгээ нь хууль, стандарттай. Манай байгууллага эрсдэлийн үнэлгээг хяналтын хуудсаар хийдэг ч хүүхэд харах үйлчилгээний хяналт дээр ажиллаж байна. Одоогоор арай бэлэн болоогүй байна. Хүүхэд харах үйлчилгээ нь сургалтын орчноос арай өөр орчинд, нэг бүлэг хүүхдийг хардгаараа онцлог. Дүүргийн боловсролын нэгжид аж ахуйн нэгж, иргэн хүсэлт тавьж, холбогдох материалаа өгснөөр Нийслэлийн боловсролын газраас зөвшөөрөл олгодог. Санхүүжилт нь Боловсрол, шинжлэх ухааны яамнаас олгогддог. Бид 2018 онд хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой ажлын хэсэгт ажиллаж байсан. Хүүхэд харах үйчилгээ нь 10-15 бүлэгтэй, гэрийн нөхцөлд сурч, боловсрох нөхцөлөөр хангагдсанаараа онцлог.
-Хүүхэд харах үйлчилгээ, тухайлбал боловсон хүчин, эрүүл ахуй, хүүхдийн тоонд ямар шаардлага тавьдаг вэ?
-Хүүхэд харах стандартад байр, боловсон хүчин, сургалтын агууллага, нас зэргийг тодорхой заасан байдаг. Хүүхэд харах үйлчилгээг гадна орчинг харгалзалгүй зөвхөн дотоод орчинд тулгуурладаг. Сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явж байгаа тул багш нь заавал мэргэжлийн хүн байх шаардлагатай. Хоёр өрөөнд 40 хүүхэд харах үйлчилгээ байхад, нэг өрөөнд 10 хүүхэд хардаг газрууд ч байдаг.
ЖИЛ БҮР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА САНХҮҮЖИЛТГҮЙ ЭХЭЛДЭГ
Хүүхэд харах үйлчилгээ хэрхэн явагддаг, хүүхдүүдийг хүлээж авахад бэлэн эсэхийг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо “Энх-Энэрэл” хүүхэд харах үйлчилгээний төвийг зорилоо. Түнтгэр чихмэл, эгдүүтэй барби, өхөөрдөм тоглоомууд эзнээ хүлээх мэт өрөөстэй. Багш нар нь хүүхдүүдээ хүлээж авах бэлтгэлээ базааж байв.
Тус төвийн захирал Ш.Энхжаргалаас хүүхэд харах үйлчилгээ явуулахад ямар асуудал тулгамддаг талаар тодрууллаа.
-Танай төв хэчнээн хүүхэд хүлээж авдаг вэ?
-Монгол Улсад хүүхэд харах үйлчилгээ үйл ажиллагаа явуулж эхлэхэд буюу 2016 онд манай төв байгуулагдсан. Тэр цагаас эхлэн манай төвийн үйл ажиллагаа тасралтгүй явж байна. Нэг дор 15 хүүхэд хүлээж авдаг.
-Хүүхэд харах үйлчилгээ эрхлэхэд ямар асуудал тулгамддаг вэ?
-Хамгийн түрүүнд санхүүжилтийн асуудал тулгамддаг. Жил бүрийн намар ямар ч санхүүжилтгүйгээр үйл ажиллагаагаа эхэлдэг. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж явсаар арванхоёрдугаар сарын сүүлээр санхүүжилт нь орж ирдэг. Хуулиараа хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтийг сар бүр олгох ёстой. Төсөвт суугдаагүй, дахин хянана гэх мэт шалтгаанаар санхүүжилтийг удаадаг. Миний хувьд сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй. БНСУ-д олон жил ажиллаж байгаад ирсэн. Энэ мэргэжилдээ дуртай, хайртай болохоор хүүхэд харах үйлчилгээний төв ажиллуулдаг юм. Хүүхдэд хайртай, хүүхэдтэй ажиллах дуртай хүмүүс л ийм төвүүд ажиллуулж байгаа болохоос энэ төрлийн үйл ажиллагааг санхүүжилтээс эхлээд бүх талаар хааж, боогдуулдаг.
-Хүний нөөцийн асуудал тулгамддаг уу?
-Нэг хүн таван хүүхэд харах журамтай. Журмын дагуу манайд төвд гурван багш ажиллана. Өвдөх, амаржих зэрэг амьдралын олон шаардлагаар нэг нь ажлаас гарлаа гэхэд дараагийн хүнийг олоход хүндрэлтэй байдаг. Учир нь, журмын дагуу тусгай сургалтад хамрагдсан, сертификаттай хүн ажиллах ёстой. Гэтэл хүүхэд харах үйлчилгээ эхэлснээс хойш сургалтыг хоёр удаа л зохион байгуулсан. Тиймээс энэ сургалтыг зохион байгуулах давтамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Журам, хуульдаа амьдралтай уялдсан өөрчлөлт оруулах шаардлагатай.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ