Германы нийслэл Берлин хотноо өчигдөр /2020.08.29/ коронавирусийн цар тахалтай холбоотой авч хэрэгжүүлж буй хорио цээрийн дэглэмийг эсэргүүцсэн жагсаал цуглаан болжээ. Жагсаалд 40 мянга орчим хүн оролцсон бөгөөд эмх замбараагүй байдал үүсгэж, цагдаа нартай мөргөлдсөн 300 орчим хүнийг баривчилсан байна.
Европт халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа ба халдварын хоёр дахь давалгаа Европын зарим оронд эхлээд байгаа. Иймд олон нийт халдварын тархалтыг хязгаарлах үүднээс хорио цээрийн дэглэмийг чангатгаад байгаа бөгөөд Францын Парис, Лондон зэрэг хотод мөн бямба гаригт иргэд хөл хориог эсэргүүцэн жагссан байна. Мөн Австри улсад хөл хориог эсэргүүцсэн тайван жагсаал болсон байна.
Жагсаалын үеэр зарим жагсагчид чулуу, лонх шидэж цагдаа нарыг гэмтээжээ. Берлинд жагсаал хийхийг хориглоод байсан ч бүс нутгийн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгосон ажээ. Герман улс нь Европын бусад оронтой харьцуулахад коронавирусийн халдварын эсрэг арга хэмжээнүүдийг сайтар хэрэгжүүлж байгаа бөгөөд тус улсад 242 мянган хүн коронавирусийн халдвар аваад байгаа бол 9300 орчим хүн коронавирусийн улмаас нас бараад байгаа юм.
Тус улсад сүүлийн өдрүүдэд хоногт 700 орчим халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж байна.
Эх сурвалж: CNN