Хөл хорионы хугацааг сунгаж, ээлжит бус чуулган өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2020.08.30-нд нийтлэгдсэн

Хөл хорионы хугацааг сунгаж, ээлжит бус чуулган өндөрлөв

Хөл хорионы хугацааг сунгаж, ээлжит бус чуулган өндөрлөв

News агентлаг өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ӨНДӨРЛӨВ

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган наймдугаар сарын 17-нд нээлтээ хийж, наймдугаар сарын 28-ний өдөр хаалтаа хийлээ.  Тус чуулганаар бие даасан тав, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 23 хууль, Улсын Их Хурлын 11 тогтоол баталж, өндөрлөв. Энэ удаагийн чуулганаар Монгол Улсын 2020 оны төсөв, дагалдах хуулиудад өөрчлөлт оруулан тодотгож, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа.     Түүнчлэн 2019 оны төсвийн гүйцэтгэл, Нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай зэрэг хуулийг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

2020 ОНЫ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙВ

Цар тахлаас үүдэх нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, мөчлөг сөрсөн шат дараатай бодлогын арга хэмжээнүүдийг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, нийт ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад 1.9 их наяд төгрөгийн тусламж дэмжлэг, хөнгөлөлт чөлөөлөлтийг үзүүлсэн боловч хүндрэлтэй нөхцөл байдал үргэлжилсэн хэвээр байсан учраас 2020 оны төсөвт тодотгол хийсэн юм.  Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний долоон сард 9.7 хувиар агшиж, нийт экспорт эхний хагас жилийн байдлаар 28 хувь, уул уурхайн экспорт 25 хувь, нийт импорт 15 хувиар тус тус буурчээ. Улмаар эхний хагас жилийн гүйцэтгэлээр төсвийн орлого төлөвлөснөөс 1.2 их наяд төгрөгөөр буурч, төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөгт хүрээд байгаа аж. Он дуустал байдал төдийлөн сайжрахгүй, төсвийн орлого 3.4 их наяд төгрөгөөр буурч, төсвийн алдагдал 4.3 их наяд төгрөгт хүрэх нөхцөл үүссэн байна. Гэнэтийн, давагдашгүй нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засаг, төсөв санхүүгийн хүндрэл үргэлжилж байгаа ч Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

2020 оны төсөвт тодотгол хийхдээ тэвчиж болох зардлыг аль болох танах, үр ашиггүй зардал гаргахгүй, ирэх оны төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байх, төсвийн сахилга батыг чанд сахих зарчмыг баримталсан.   Төсөв, санхүүгийн чиглэлээр хэд хэдэн чухал шийдвэрийг 2020 оны төсвийн тодотголд тусгасан. Тухайлбал, 0-18 насны 1.2 сая хүүхдэд сар бүр 100.0  мянган төгрөгийн тэтгэмжийг 2020 оныг дуустал үргэлжлүүлэн олгож, халамжийн тэтгэвэр авагч 60.0 мянган иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 13.3 мянган хүүхдэд олгох тэтгэмжийг тус бүр 100.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн энэ онд олгох. Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой 105.0 мянган аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлж, түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжид орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн.   Түүнчлэн 2020 ондоо багтаан 47 сургууль, 62 цэцэрлэг, 27 дотуур байр, 4 спорт цогцолбор, 12 спорт танхим, 41 эмнэлэг, эрүүл мэндийн төвийн барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙГ НЭГ САРААР СУНГАВ

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргав. Нөхцөл байдлыг харгалзан есдүгээр сарын 15-наас хойш зарим хязгаарлалтын дэглэмийг сулруулах, цуцлах хүртэл арга хэмжээ авахаар төлөвлөжээ.

Сануулахад,  Монгол Улсад 301 тохиолдол бүртгэгдээд буй.

ЕСДҮГЭЭР САРД 12 УДААГИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх есдүгээр сард 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3100 гаруй иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргав.

ЕСДҮГЭЭР САРД ХИЙГДЭХ НИСЛЭГҮҮД:

  • 9 сарын 3-нд Сөүл-Улаанбаатар
  • 9  сарын 8-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
  • 9 сарын 9-нд Токио-Улаанбаатар
  • 9 сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар
  • 9 сарын 15-нд Сөүл-Улаанбаатар
  • 9  сарын 17-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
  • 9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар
  • 9 сарын 21-нд Токио-Улаанбаатар
  • 9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
  • 9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
  • 9 сарын 25-нд Сидней-Улаанбаатар
  • 9 сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.

Д.ЭРДЭНЭБАТАД , Б.БОЛОР НАРТ ЯЛ ОНООВ

УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж, ял оноов. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбатад 4,6 жил, нийтийн албан томилогдох эрхийг нь таван жилээр, Б.Болорт 3,6 жилийн ял, нийтийн албанд томилогдох эрхийг нь дөрвөн жилээр хасах шийдвэрийг гаргасан.

Харин прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Золжаргал, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Доржханд, Б.Минжбадам, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Ганбат, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Санжаадорж нарт холбогдох хэргийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаан шийдвэрлэсэн юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж