Нийт 90 орчим сая төгрөгийн эд хөрөнгө, мал хулгайлсан арван хүнд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаажээ. Яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг наймдугаар сарын 24-ний өдрийн 09:00 цагт зарласан ба шүүх өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээн авч, эрүүгийн хэргийг прокурорт буцаасан байна.
Шүүх хуралдаанд яллагдагчдын өмгөөлөгч нар “…мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тул тухайн хэргийг шүүхэд шилжүүлэх боломжгүй үндэслэлээр хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх хүсэлт гаргасан аж.
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуульд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Т.Мөнхгэрэл, З.Баттулга, Д.Чимэдбазар, Б.Баттулга, П.Лхаасүрэн, Ц.Мөнхтөр, Ц.Чүлтэмдорж, Э.Тогтохбаяр, Т.Сумъяамягмар, Н.Лхагвасүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долоодугаар сарын 27-ны өдөр хүлээн авав.
Дээрх нэр бүхий яллагдагч нар нь тээврийн хэрэгсэл ашиглан, 54 тооны бод мал болон 68,594,300 төгрөг, эд хөрөнгө хулгайлж 20,615,436 төгрөг, нийт бусдын эд хөрөнгөд 89,209,736 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон юм.
Эх сурвалж: ТӨВ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Холбоотой мэдээ