"Бид 30 жилд мөнгө тасралтгүй орох эдийн засаг бий болгож чадсангүй"

Хуучирсан мэдээ: 2020.08.29-нд нийтлэгдсэн

"Бид 30 жилд мөнгө тасралтгүй орох эдийн засаг бий болгож чадсангүй"

"Бид 30 жилд мөнгө тасралтгүй орох эдийн засаг бий болгож чадсангүй"

“Ньюс” агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.

 "УЛС ТӨРИЙН ОРЧИН ТОГТВОРТОЙ БОЛСОН ЦАГТ ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРНА"

УИХ-ын чуулганаар зээлийн хүү бууруулах стратеги батлах тогтоолын төсөл хэлэлцэж буй. Үүнтэй холбоотойгоор эдийн засагч, судлаач Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-УИХ-ын чуулганаар Зээлийн хүүг бууруулах стратеги батлах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж буй. Хуулийн төсөлд ирэх дөрвөн жилд зээлийн хүүг дөрвөн нэгжээр бууруулна гэж тусгасан нь хэр бодитой гэж та бодож байна вэ?

-Юуны өмнө энэ асуудлыг цогцоор нь захиргааны бус аргаар шийдвэрлэх арга замыг удаа дараа эрэлхийлж, анхаарал хандуулж байгаад талархалтай байна. Энэ нь бидний өмнө тулгамдсан олон томоохон асуудлын нэг. Зээлийн хүүгийн түүхийг харвал эдийн засаг сэргэхэд хүү буурч, саарч уналтад ороход өссөн байдаг. Зарим тоог дурдвал, төгрөгийн зээлийн хүүний дундаж түвшин 2011 онд 15.5 хувьд хүрч байсан нь сүүлийн 10 жилийн хамгийн доод түвшин. 2020 оны долоон сарын байдлаар үүнтэй ойролцоо 15.6 байгаа нь мөн сүүлийн жилүүдийн доод түвшин, 2016 оноос 4 орчим хувиар буурсан байдаг. Энэ нь эдийн засаг хямралын дараа дунджаар гурван жил орчим сэргэж тогтвортой байсан цаг хугацаанууд юм. Үүгээр эдийн засаг сэргэж тодорхой урт хугацаанд тогтвортой, өсөлт өндөртэй байж чадвал зээлийн хүү буурах боломжтойг илтгэж байгаа хэрэг юм. Олон улсын жишгийн хувьд ч энэ нь батлагдсан зүйл. Иймд ирэх дөрвөн жилд дөрвөн нэгжээр бууруулах боломж бий. Гэхдээ 20 хувиас 16 болох, 16 хувиас 12 болгох нь ялгаатай гэдгийг ойлгох нь аль аль талдаа чухал. Энэ нь боломж байж болох хэдий ч биднээс илүү их хүчин чармайлт шаардах болно гэсэн үг. Үүний тулд макро, микро түвшинд маш оновчтой, цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай болно.

-Банкны хүү өндөр байгаа хамгийн гол шалтгаан юу вэ. Юуг өөрчилж, ямар түвшинд хүрч байж арилжааны банкуудын хүү буурах боломжтой вэ?

-Банкны зээлийн хүү өндөр байгаа нь өнөөдөр эдийн засгийн томоохон асуудал юм. Энэ нь бизнес эрхлэгч, иргэдэд дарамт болж байгаа нь үнэн. Үүнийг бууруулах шаардлагатай гэдэгтэй бүрэн санал нийлж байгаа гэдгээ хэлье. Үүн дээр нийт иргэд, ААН-үүдийг хамарсан энэхүү асуудлыг сүүлийн жилүүдэд бас хэт улс төржүүлж улс төрийн хүрээнд уул уурхайн дараа орох анхаарал татсан асуудал болсон. Энэ асуудлыг улс төржүүлж, улс төр, захиргааны аргаар шийдвэрлэх гэж оролдох, тийм байдлаар нийгэмд нэр хүнд олохыг хичээх нь буруу зүйл гэж би хувьдаа үздэг. Зээлийн хүүний түвшин өндөр байгаагийн хамгийн гол шалтгаан нь макро эдийн засаг, бодлогын тогтворгүй байдал. Үүний уг гарал нь улс төрийн орчны тогтворгүй байдал. Дээр дурдсан гадаад орчны таатай нөлөөллөөр эдийн засаг дараалан гурван жил орчим өсөхөд хүү буурдаг нь бидний туршлагаас харагдаж байна. Үүн дээр улс орны хөгжлийн шинжлэх ухаанч, тогтвортой, залгамж бүхий бодлого хэрэгжүүлж чадвал хүү буурах болно. Дараа нь санхүүгийн зах зээлийн хөгжил, банкны салбарын зардлууд зэрэг асуудал орно. Энэ бүх макро, микро асуудлыг шийдвэрлэж байж бидний хүү буурах болно.

-Өмнө нь УИХ-аар зээлийн хүүг бууруулахтай холбоотой бодлогын баримт бичгүүд цөөнгүй гарч байсан ч хэрэгжилт нь хангалтгүй явж ирсэн. Банкуудад зээлийн хүүг бууруулах сонирхол огт байхгүй байна уу гэж харагдаад байгаа шүү дээ?

-Ийм төрлийн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа анхны тохиолдол биш нь үнэн. Өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд мөн үүнтэй адил стратегийг баталж хэрэгжүүлж эхэлж байсан. Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж, хэрэгжүүлэхээр бэлтгэж буй арга хэмжээний ололттой тал нь зээлийн хүү гэдэг нь зөвхөн банк, санхүүгийн байгууллага зах зээлийн асуудал биш гэдгийг ойлгосон явдал. Үүнд улс төр, эдийн засгийн орчин, санхүүгийн зах зээлийн бүтэц, тухайн салбарын дотоод нөхцөл байдал зэрэг бүгд нөлөөлж байна гэж үзэж байгаа нь сайшаалтай. Одоогоор төслийн хувьд тэгэх хэрэгтэй, ингэх хэрэгтэй гэсэн тойм зүйлс байгаа боловч үүний дагуу нарийвчилсан төлөвлөгөөтэй арга хэмжээнүүдийг цогцоор хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Ингэж чадвал төлөвлөгөөний төслийн хувьд хэрэгжих боломжтой юм. Гэхдээ энэ удаагийн арга хэмжээний хүрээнд банкны эх үүсвэр, эрсдэлийн зардлыг хүчээр бууруулах хандлага ажиглагдаж байгаа нь арай онцлог болж байх шиг байна. Эх үүсвэрийн зардлыг хүчээр бууруулах нь сөрөг зүйлийг дагуулах, эрсдэл нь хэвээр байхад эрсдэлийг, зардлыг бууруулах нь эргэлзээтэй зүйл юм. Бид макро түвшинд дээр дурдсан бодлогыг хэрэгжүүлж эрсдэлээ бууруулж чадвал эдгээр нь буурах болно.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Ш.АДЪЯАМАА


"PC ТОГЛООМЫН ОРОНД СПОРТОД ДОНТСОН НЬ ДЭЭР"

Залуус архи, тамхинаас татгалзаж, спортоор хичээллэн чийрэг бие, булчингаараа гангарч эхэлжээ. Тэдний нэг бол турник сонирхогч залуусын “Иманнуел” багийнхан. Анх 30 залуу дуртай спортоороо нэгдэн нөхөрлөсөн бол одоо 40-үүлээ болжээ. Биднийг Чингэлтэй дүүрэгт байрлах бэлтгэлийн байранд нь очиход 10 орчим залуу турник дээр хичээллэж угтав. Залуус хорт зуршил, буруу хандлагуудаас татгалзахын зэрэгцээ хуучирч мартагдах шахсан гудамжны турникний спортыг Монголдоо хөгжүүлэх зорилго тавиад буй аж. Багийн гишүүн Ц.Төгөлдөр, Г.Энххишиг, У.Эрдэнэбаяр нартай ярилцлаа.

-Хийж буй элементүүдийг нь харахад сонирхолтой хэдий ч бэртэл авах эрсдэлтэй юм. Хэзээнээс гудамжны турникээр сонирхон хичээллэх болов?

Г.Энххишиг: Анх “IMNL” багийнхаа ах нарыг хараад, гудамжны турникээр хичээллэж эхэлсэн. Өнгөрсөн өвлөөс хойш идэвхтэй хичээллэж байна. Миний хувьд хөл хорионы хугацаанд энэ спортоор хичээллэх цаг зав илүү их гарсан. Өнгөрсөн хугацаанд энэ спортод дурлаж, ах нар шигээ эрүүл чийрэг бие бялдартай болох юмсан гэж бодсон.

Ц. Төгөлдөр: Намайг Ц.Төгөлдөр гэдэг. Одоо 19 настай. Гудамжны турникээр хичээллээд гурван жил болж байна. Энэ багт нэгдээд, гурван сар болсон. Миний хувьд цэрэгт байхдаа турникт суниана. Цэргийн албаа хааж ирсний дараагаар биеийн жин нэмэгдэж, турникээр идэвхтэй хичээллэдэг болсон.

У.Эрдэнэбаяр: Би турникээр хичээллээд 10 сар болж байна. Багийнхантайгаа нэгдээд найман сар болж байна. Гудамжны турникээр хичээллэхэд найзууд маань их нөлөөлсөн. Үе тэнгийн залуус цагийг үр бүтээлгүй өнгөрүүлэх нь бий. Тиймээс өөрийнхөө биеийн хөгжилд анхаарч, хөгжүүлэх зорилгоор анх энэ спортоор хичээллэж эхэлсэн.

-Турник дээр хичээллэдэг залуусын гар нь эвэршдэг. Өөр хүндрэл бэрхшээл бий юу?

Г.Энххишиг: Гудамжны турник бол Монголд дөнгөж хүчээ авч буй спортын төрөл. Мэдээж экстрим спорт учраас бэртэл гэмтэл их авна. Миний хувьд өчигдөр тэмцээн дээр хүчтэй унаж, хөлөө бэртээсэн. Тийм учраас турник дээр хүнд элемент хийх гэж байгаа бол дороо матрас тавих юм уу, талбайгаа аюулгүй болгох хэрэгтэй. Бид бэлтгэлийн талбайгаа хайргаар дүүргэж, дээр нь үртэс дэвсдэг. Турник дээр янз бүрийн элемент хийхэд гарын үе их гэмтдэг. Байнга төмөр барьдаг учраас хоёр гар эвэршинэ. Гарын арьс зузаарсаар байгаад задарчихдаг. Тэрийгээ аль болох шарх үүсгэхгүй байх нь чухал. Хамгийн гол нь турникээр хичээллэхэд багаараа бие биеэсээ суралцах нь чухал гэж боддог.

-Залуусын бие бялдрын хөгжилд хэрхэн нөлөөлж байна. Жишээлбэл, чиний хувьд ямар өөрчлөлт гарсан бол?

Ц.Төгөлдөр: Манай баг анх 30-уулаа байсан бол одоо 40 гаруй болж нэмэгдсэн. Залуус маш их сонирхож байна. Цаашид бидэнтэй сонирхлоороо нэгдэх хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй байх болно. Гудамжны турникээр хичээллэснээр бие бялдрын хөгжилд өөрчлөлт гарна. Миний хувьд энэ спортоор хичээллэж эхлэхээс өмнө жижиг биетэй байсан бол одоо өндөр нуруутай, биеийн булчингаа хөгжүүлж чадсан.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
А.ЦЭЭСҮРЭН


ОБАМАГИЙН ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН ХАМГИЙН ЗАЛУУ ОРОЛЦОГЧ

Колумбын их сургууль дахь Обама сангийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгараад байгаа М.Маралмаатай ярилцлаа. Тэрбээр одоогоор Зориг сангийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм.

-Юуны түрүүнд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанд баяр хүргэе. Энэ хөтөлбөрийн онцлог нь юу вэ. Хөтөлбөрт хамрагдсан туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Энэ хөтөлбөрийн талаар 2019 онд анх мэдсэн. Манай сангийн тэргүүн С.Оюун Малайзад болсон Обама сангийн Азийн манлайлагчдын чуулга уулзалтад урилгаар оролцсон юм. Энэ үеэс Обама сангийн талаар илүү судалж, хөтөлбөрт тавигдах шаардлага, ерөнхий мэдээллийг нь хараад надад тохирох хөтөлбөр байна гэж бодсон. Колумбын их сургуулиас боловсруулсан энэ хөтөлбөр нэг жил үргэлжлэх бөгөөд Обама сангаас давхар олон төрлийн үйл ажиллагаа явуулж, залуу манлайлагчдын ур чадварыг хөгжүүлэх, хийж буй ажлынх нь үр дүн, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Мөн өөрийн улс, нийгэмдээ ямар нэгэн асуудлыг барьж аваад, шийдвэрлэхийг зорьж байгаа хүнд чиглэсэн хөтөлбөр. Тиймээс материалаа бүрдүүлж явуулахаар шийдсэн. Өмнө нь хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийг харахад, Дани Улсын Байгаль орчны сайдаас эхлүүлээд үнэхээр мундаг хүмүүс шалгарсан харагдсан тул өөрийгөө тэнцэнэ гэдэгт тийм ч итгэлтэй байгаагүй.

Тиймээс Обама сан руу имэйл явуулж, ямар хүн хайж байгаа талаар лавлахад “нас харгалзахгүй, өөрийн шийдэхийг хүссэн асуудалдаа тууштай хандаж, тодорхой хэмжээний үр дүнд хүрсэн байх, уг үйл хэргээ дараагийн түвшинд гаргахад тусламж хэрэгтэй байгаа хүнд чиглэсэн хөтөлбөр” гэсэн хариу ирсэн.

Ингээд арван хоёрдугаар сард онлайнаар материалаа бүрдүүлж явуулсан. Дараа нь гуравдугаар сард онлайнаар ярилцлага өгсөн. Дөрөвдүгээр сарын сүүлд намайг тодорхойлох захидал бичсэн гурван хүнээс мөн ярилцлага авсан байсан. Миний хувьд өөрийгөө олон талаас нь харуулахын тулд одоогийн ажил олгогч болох Зориг сангийн тэргүүн, сайн дурын ажил хийдэг Global shapers Улаанбаатар нийгэмлэг болон өмнө ажиллаж байсан байгууллагын удирдлагаараа тодорхойлолт захиа бичүүлсэн. Ингээд зургаадугаар сард хөтөлбөрийн 11 оролцогчийн нэгээр шалгарсан гэдгийг дуулгасан.

-Зургадугаар сард гарсан сайхан мэдээг яагаад одоо мэдэгдэж байгаа юм бэ?

-Хөтөлбөр албан ёсоор зарлагдах хүртэл нийтэд мэдээлэхгүй байхыг хүссэн. Хөтөлбөр маань энэ долоо хоногт нээлтээ хийсэн. Гурав дахь жилдээ зарлагдсан уг хөтөлбөр "Covid-19"-тэй холбоотойгоор эхний улирал цахимаар, хоёр дахь улирал Колумбын их сургуулийн кампус дээр хичээллэх төлөвлөгөөтэй байгаа.

-Таны хувьд ямар асуудлыг барьж авч, хэрхэн шийдвэрлэсэн нь хөтөлбөрт тэнцэх шалтгаан болсон бэ?

-Миний хувьд Зориг сангийн хөтөлбөрийн зохицуулагчаар дөрвөн жил ажиллаад саяхнаас гүйцэтгэх захирлаар томилогдсон. Зориг сан залуучууд ба боловсрол, нийгмийн хөгжил, ардчиллыг бэхжүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлд урт болон богино хугацааны төслүүд хэрэгжүүлдэг. Эдгээрээс миний голчлон анхаардаг хөтөлбөр нь “Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”. Залуус их, дээд сургуулиа төгсөөд ажил хайхад олон бэрхшээл тулгардаг. Тэдэнд дэмжлэг үзүүлж, чадавхыг нь дээшлүүлж, улмаар тогтвортой ажилд ороход тусалдаг хөтөлбөр. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр судалгаа хийх явцад Монгол Улсын их, дээд сургуулиудын сургалтын чанар хангалтгүй, төгсөгчдийг ажлын байранд бэлтгэж чадахгүй байгаа нь тодорхой болсон. Үүнээс үүдэн их сургуулийн дипломтой ч олон залуус ажилд орж чадахгүй байна. Энэ асуудлыг шийдэхээр 2018 оноос эхлэн төлөвлөгөө гаргаж, төсөл хэрэгжих хүртэл нь хариуцан ажиллаж байгаа. Хүн амын бүтцийн хувьд Монгол Улс нь залуу орон. Гэтэл шийдвэр гаргах төвшинд залуучууд нь оролцож чаддаггүй. Энэ байдлыг шийдвэрлэхийн тулд ажлын байранд гараад удаагүй залууст зориулсан “Залуу манлайлал”, улс төрийн идэвхийг нэмэгдүүлэх “Өглөө” зэрэг төслийг Зориг сангаас хэрэгжүүлдэг. Өргөдөлдөө эдгээр ажлуудаа түлхүү дурдсан.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Р.РЕНЧИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж