Ц.Анандбазар: 2024 он гэхэд малын хулгайг эрс багасгана

Хуучирсан мэдээ: 2020.08.28-нд нийтлэгдсэн

Ц.Анандбазар: 2024 он гэхэд малын хулгайг эрс багасгана

Ц.Анандбазар: 2024 он гэхэд малын хулгайг эрс багасгана

Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, газар тариалан, төмс хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх зорилготойгоор УИХ-ын гишүүдийн лобби бүлэг байгуулагдлаа. 

Тус лобби бүлэгт нам харгалзахгүй УИХ-ын 30 гишүүн багтжээ. Монгол Улсын эдийн засгийн хамгийн чухал салбарын нэг болох  мал аж ахуйн салбар тэр дундаа малчдаа төрийн бодлогоор дэмжих, малын түүхийн эдийн бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх чиглэлд лобби бүлэг голлон ажиллах аж. Түүнчлэн бэлчээрийн менежментийг сайжруулах, дотооддоо хүнсний ногоог хангах хүрээнд  тэд хууль санаачилж ажиллахаа мэдэгдлээ. 
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт лобби бүлгийн гишүүдийн санаачилгаар хөдөө аж ахуй, газар тариалан, малчдаа дэмжсэн бодлогууд орсон. Өнөөдөр жилийн нийт экспортын 10 орчим хувийг ХАА-н салбар эзэлж байна. Үүнийг нэмэгдүүлэх бүрэн боломж байгаа учраас бид энэ чиглэлд манлайлж ажиллана. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАР:

Хөдөө аж ахуйн салбар хамгийн их жин дардаг онцлогтой салбар гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Өнөөдөр 280 мянга орчим малчин мал маллаж, хүнсний аюулгүй байдлын энхийн манаанд зогсч байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Малчдыг дэмжих анхдугаар аян” тусгагдсан. 2024 он гэхэд малын хулгайгүй болгоно. Өдөр бүр малаа хулгайд алдах нь малчдын хувьд жирийн асуудал болсон. Үүнийг цаашид таслан зогсоохын тулд сүүлд батлагдсан Малын хулгайтай тэмцэх хуулийг амьдралд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Мөн залуу малчдыг бэлтгэхэд төр анхаарах цаг нь болсон. Ахмадууд мал маллаж, залуучууд суурин газар бараадах боллоо. 

Бэлчээрийн цөлжилтийн асуудлыг Засгийн газрын түвшинд гарган ирэх хэрэгтэй. Мөн малын гаралтай түүхий эдийг үнэд хүргэхэд бодлогын шинэчлэл гаргана. Малчдын эрүүл мэнд зэрэг нийгмийн тулгамдсан олон асуудыг шийдэх чиглэлд тодорхой заалтууд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон. Малчдад чиглэсэн дэвшилттэй хөтөлбөрүүд тусгагдсанд бид баяртай байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ТУВААН:

Хөдөө аж ахуйн салбарын өсөлтийг дэмжихэд бид ажиллана. Энэ салбарт ажиллаж байгаа иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулна. Хүнсний ногоог 100 хувь дотооддоо хангах, сүүний хангамжид урамшууллын бодлого явуулахад хамтарч ажиллана. Малчдынхаа бэлдээд өгсөн түүхий эдийг үнэд хүргэн гаргахад анхаарлаа хандуулна.Мөн бэлчээрийн асуудлыг онцгойлон анхаарах цаг нь болсон.

Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултаа асуулаа.


-Малчдын тулгамдсан гол асуудал бол малын хулгай. Сүүлд батлагдсан Малын хулгайтай тэмцэх хууль амьдрал дээр хангалтгүй байгааг малчид хэлж байна. Танай лобби бүлэг малын хулгайг таслан зогсооход бодитойгоор хэрхэн тэмцэх вэ?

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: Малын хулгайтай тэмцэх хуулийг хэрэгжүүлэхийн тулд хууль хүчний байгууллагад орон тооны бүтцийн өөрчлөлт оруулах шаардлага зайлшгүй бий. Мал хамгаалах ерөнхий газраас малын хулгайг бууруулахад тусгай хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. 2019 онд малын хулгай 85 хувиар нэмэгдэх үзүүлэлт гарсан. Өнөөдөр малын хулгай дөрвөн дахин буурсан нь цар тахлын үед замын цагдаагийн постууд маш өндөр хяналт тавьдаг болсонтой шууд холбоотой. Малын хулгайг таслан зогсоох боломж бидэнд бий. Төр нийгмийн түвшинд бүтцийг нь сайжруулах мөн төрийн чиг үүргийн байгууллагуудад орон тоог нэмснээр шийдэгдэх боломжтой гэж харж байгаа. Бид энэ чиглэлд тодорхой саналууд гаргаж ажиллана. Ирэх дөрвөн жил малчдын нуруун дээрээс малын хулгайг хөнгөлнө.

 УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Ирэх дөрвөн жил Монголын малчид малын хулгай гэдэг шүдний өвчнөөс салахад бидний лобби бүлэг онцгойлон ажиллана. 

Малчдын нийгмийн асуудал төрийн бодлогын гадна үлддэг. Малчид хөнгөлөлттэй зээл авах мөн орон сууцанд хөнгөлөлттэй хамрагдах боломжууд өнөөдөр хязгаарлагдмал байгаа. Энэ чиглэлд лобби бүлэг яаж ажиллах вэ? 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: Малчдыг дэмжих анхдугаар аяны хүрээнд тусгай сан байгуулахаар зорилт тавьсан. Тус сангаас малчид хөнгөлөлттэй зээл авдаг байх тэр зохицуулалтыг ирэх оны төсөвт суулгана. Энэ сан малчдын амьжиргааг олон талаас нь дэмжинэ. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт сумын төвүүдийг шинэчлэх заалтууд тусгагдсан. Энэ хүрээнд сумын төвүүдийг орон сууцжуулах асуудал яригдана. 150 мянган айлын орон сууцны 50 мянгыг хөдөө орон нутагт буюу сумын төвүүдэд барина. Малчид малын түүхийн эдийн орлогоороо орон сууцтай болох тэр боломжийг нь хангах зайлшгүй бий болсон. Орон сууцны асуудал зөвхөн нийслэлийн асуудал биш.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж