Нэг цэгийн үйлчилгээгээр 31 142 хүн үйлчлүүлжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Нэг цэгийн үйлчилгээгээр 31 142 хүн үйлчлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.29-нд нийтлэгдсэн

Нэг цэгийн үйлчилгээгээр 31 142 хүн үйлчлүүлжээ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан болж, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар мэдээлэл сонсож, зарим асуудлыг шийдвэрлэлээ.

Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, тэдний цаг завыг хэмнэн “Ухаалаг Улаанбаатар”-т шилжих зорилгоор Нийслэлийн Иргэдийг хүлээн авах төвийн үйл ажиллагааг өргөжүүлэн “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн эхний салбарыг Дүнжингарав худалдааны төвд байгуулсан. Тус төв нь 2016 оны 01 сарын 04-ний өдрөөс туршилтаар, 01 сарын 14-ний өдрөөс албан ёсоор ажиллаж эхэлсэн юм. Үйлчилгээний төв ажиллаж эхлэх явцдаа төрийн 235 үйлчилгээг үзүүлж байсан бол өнөөдрийн байдлаар иргэдийн хүсэлтийн дагуу зарим үйлчилгээний давхардлыг арилган, шинээр нэмж 450 гаруй үйлчилгээг үзүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд буюу дөрвөн долоо хоногийн ажлын өдөр, амралтын бямба гарагуудад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба зэрэг 23 байгууллагаас 31 142 иргэн үйлчилгээ авсан байна. Зарим хууль, журмын хэрэгжилтийн хүрээнд нийслэлийн харъяа зарим байгууллага хэт ачаалалтай ажилласан байна. Тухайлбал, татварын буцаан олголтыг оны эхний сард олгодог тул энэ сард Нийслэлийн Татварын газар, хөнгөлөлтийн карт шинээр авах, сунгах, халамжийн асуудлаар Нийслэлийн Халамж, үйлчилгээний газар бусад байгууллагаас хэд дахин ачаалалтай, иргэдийн дараалал ихтэй ажиллажээ.

Төвөөр үйлчлүүлж буй иргэдийн санал, хүсэлтийг нэгтгэн авч байгаа бөгөөд тэдний санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэх зарчмаар ажиллахыг зорьж буйгаа Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга О.Мөнх-Оргил хэллээ. Тодруулбал, зарим иргэдэд үйлчилж буй үйлчилгээний ажилтантай холбоотой багагүй гомдол иржээ. Иргэдийн цаг, завыг хэмнэн, хөнгөвчлөх зорилгоор ажиллаж байгаа тус төвийн ажилтнууд иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх үүрэгтэй. Гэвч үйлчилгээний стандартыг удаа дараа зөрчин, ёс зүйгүй авир гарган, харилцааны доголдол үүсгэсэн Нийслэлийн Татварын газрын нэр бүхий 2 байцаагчийн талаар хуралдааны үеэр мэдээлэл өгсөн юм. Цаашид нийслэлийн харъяа байгууллагаас томилж буй ажилтнуудыг харилцаа, ёс зүй, биеэ авч явах байдалд анхаарал хандуулж, удаа дараа зөрчил гаргасан ажилтнуудад хариуцлага тооцох шаардлагатай байгаа талаар нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд санал орууллаа.

Тус саналын дагуу ёс зүй, харилцааны доголдол гаргаж, үйлчилгээний стандарт удаа дараа зөрчсөн үйлчилгээний ажилтанд хариуцлага тооцуулахаар харъяа газарт нь санал хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Цаашид ийм хариуцлагагүй асуудал гарвал дээрх байдлаар шийдвэрлэж, иргэдэд хүнд суртал үзүүлдэг бус үйлчилгээ үзүүлдэг ажилтныг шууд сэлгэн ажиллуулдаг байхаар тогтлоо.

Мөн төвийн дараагийн салбарыг Содон хороолол, Мишээл экспо төвд байгуулах бэлтгэл ажлыг хурдасгаж, дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргаж хуралдаанд танилцуулахыг Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд үүрэг болголоо.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!