Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ эрүүл мэндийн шалтгаанаар огцрох болсноо өнөөдөр /2020.08.28/ зарлах гэж байгаа тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Абэгийн бүрэн эрхийн хугацаа 2021 оны есдүгээр сард дуусна. Гэвч тэрбээр сүүлийн нэг сар тэр хоёр ч удаа эмнэлэгт саатсан юм.
Түүний эрүүл мэнд муудсан байж болзошгүй талаар таамаглал, яриа ихээхэн тархсан ч эхэндээ тус улсын эрх баригчид энэ мэдээллийг үгүйсгэж байв. Харин өнөөдөр 17 цагт тэр албан ёсоор хэвлэлийн хурал хийхээр төлөвлөөд байгаа билээ.
Хамгийн сүүлд зургадугаар сарын 18-нд олны өмнө гарснаасаа хойш өдийг хүртэл нэг ч удаа олон нийтийн үйл ажиллагаанд оролцоогүй юм. Тэрбээр шархлаат колит (Ulcerative colitis) гэх ходоодны өвчнөөр 17 наснаасаа эхэлж өвдсөн бөгөөд 2007 онд уг өвчин нь хүндэрч, Ерөнхий сайдын суудлаасаа өөрийн хүсэлтээр бууж байв.
Өдгөө 65 настай Абэ Шинзо нь тус улсын түүхэнд Ерөнхий сайдын албыг хамгийн удаан бөгөөд тасралтгүй хашиж буй Ерөнхий сайдаар нэрлэгдээд байгаа билээ. Энэ сарын 24-ний өдөр түүний тасралтгүй төр барьсан хугацаа 2798 хоног болж, тэрбээр хамгийн удаан тасралтгүй ажилласан Ерөнхий сайд болов.
Абэ Шинзо нь 2018 он эрх баригч Либерал-Ардчилсан намын даргаар гурав дахь удаагаа сонгогдсон бөгөөд намын дүрмийн дагуу сүүлчийн удаагаа намаа удирдаж байгаа юм. Түүнийг огцорсны дараа ажлыг нь Сангийн сайд Асо Таро түр орлон гүйцэтгэх бөгөөд эрх баригч Либерал Ардчилсан Намд дараагийн удирдагчаа сонгох шаардлага бий болно.
Эх сурвалж: JAPANTIMES
Холбоотой мэдээ